Нүүдэлчин Монголчуудын оюун ухаан, үзэл бодол, ажил хөдөлмөр, амьдралын хэвшил, ёс заншилд эртнээс эрсдэлийг урьдчилан харж, түүнд бэлтгэлтэй байх арга ухаан шингээстэй байсан. Малчин хүн хэзээ ч дараа жил зуд болж ч магадгүй, болохгүй ч байж магадгүй, болсон үед л нь арга хэмжээ авна даа гэж боддоггүй шүү дээ. Байгаль, цаг уурыг шинжин ирж болзошгүй эрсдэлд үргэлж бэлтгэлтэй байдаг сайхан заншил бидэнд бий.

Гэтэл “сүх далайтал үхэр амар, сүүж автал чөмөг амар” гэдгийн үлгэрээр хотожсон гэх үү, орчин үежсэн гэхүү ирээдүйн үйл явдлуудыг урьдчилж харах гэхээсээ илүүтэй, тухайн зүйлстэй нүүр тулсан үедээ л арга хэмжээ авах нь өнөө үед бидний дунд элбэг болжээ. Магадгүй үүнийг шашин, соёлын нөлөөгөөр эрсдэлийн талаарх яриаг “муу ёр” гэж тамгалан, цээрлэх болсноор эрсдэлийн талаар огт хүлээн авдаггүй орчин үеийн энэ хандлага бий болсон гэж хэлэхэд хилсдэхгүй болов уу.

Жилд 4 машин тутмын 1 нь зам тээврийн осолд өртдөг гэсэн тоо баримт бий. Гэтэл 2017 оны байдлаар ердөө 10 машин тутмын 1 нь л автомашины даатгалтай байна. Энэ нь мөнөөх “сүх далайтал үхэр амар” хандлагын нөлөөгөөр, даатгал хийлгэнэ гэвэл хажуугаас нь “муу ёр” гэх нь холгүй өнөөгийн нийгмийн байдал.

Бас нэгэн анхаарал татсан зүйл бол даатгалыг ашиглан, үр шимийг нь хүртсэн хүмүүс ямар хэрэгтэй болохыг нь ухаарсан байдаг ч, үүнийгээ бусдад түгээхээс зайлсхийдэг хандлага. Нэг талаас тэд авах ёстой зүйлээ авсан гэж үзэж байгаа учраас даатгалын яруу алдрыг алдаршуулаад байх хүсэлгүй байх. Нөгөө талаар энэ нь яагаад гажуудалтай хандлага болох талаар өөрийн зүгээс хэдэн тайлбар хийе.

Даатгалын зарчмыг маш энгийнээр тайлбарлавал: Хэсэг бүлэг хүмүүс нийлэн учирч болзошгүй эрсдэлээс өөрсдийгөө хамгаалахын тулд багахан мөнгө төлж тодорхой хэмжээний мөнгөн санг бүрдүүлнэ. Эрсдэл нь хүн бүрт заавал тохиолдоод байхгүй. Эрсдэл тохиож хохирол учирсан цөөхөн иргэдэд тус мөнгөн сангаас хохирлыг нь төлж барагдуулна. Энэхүү төлбөрийг цуглуулж мөнгөн сан бүрдүүлэх, эргээд нөхөн төлөх зохицуулалт хийж байгаа субъект нь даатгалын байгууллага болдог.

Үүнээс харахад хохирол учирсан иргэд нь нэг ёсондоо бусдын цуглуулсан мөнгөнөөс өөрийн хохирлоо төлүүлчихлээ гэсэн үг. Бусдаас тусламж авсан бол эргүүлээд бусдад туслах нь хүний ёсонд байх энгийн зарчим гэдгийг бүгдээрээ мэддэг хирнээ бусдын мөнгөнөөс хохирлоо барагдуулсан бол эргүүлээд өгөх ёстой гэдгийг ойлгохгүй байгаа нөхцөл байдал. Өөрөөр хэлбэл, өнөөдөр надад хохирол учраад даатгалаар төлүүлсэн бол ирээдүйд бусад даатгуулсан иргэдэд эрсдэл учрахад миний төлөх мөнгөнөөс хохирлыг нь барагдуулж байх ёстой гэсэн энгийн ойлголтыг ухамсарлахгүй байгаа юм.

Даатгалын тусламжтайгаар эрсдэлийг хохиролгүйгээр давж байгаа нь авах ёстой зүйлээ авсан зүйл огт биш, харин ч бусад даатгуулж байгаа иргэдийн өмнө өөрөө болон өрөөлийг даатгалд тасралтгүй хамруулах, мөнгөн санг тасралтгүй бүрдүүлэх нэгэн бичигдээгүй үүрийг хүлээж буй хэлбэр гэж ухаарах нь чухал. Тэгснээр даатгал хүн бүрийн хэрэглээ болж, нийгмээрээ эрсдэлийг давах суурь бүрэлдэх юм.

Иргэдийн дунд бий болсон бас нэгэн буруу ойлголт нь, “Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал”-ыг шуналтай хэсэг бүлэг нөхдүүд, жолооч нарын эрх ашгийг зөрчихийн тулд бий болгосон гэх хандлага. Монгол улсад л сүүлд нэвтэрсэн болохоос, жолоочийн албан журмын даатгал нь анх 1930 онд Англи улсад бий болсон бөгөөд цаашлаад 1939 онд Герман улс энэ даатгалыг мөн хуульчилсан байдаг. Тодруулбал, дэлхийн хөгжингүй бүх оронд уг даатгал хуульчлагдсан байдаг гэдгийг онцлох хэрэгтэй.

Албан журмын даатгал нь эхэндээ иргэдийн эсэргүүцэлтэй тулгардаг хэдий ч, олон иргэд үр шимийг нь хүртэхийн хэрээр иргэдийн даатгалын мэдлэг сайжирч, санхүүгийн боловсролтой болж салбарын хөгжил тэлж, тэр хэмжээгээр тайван амгалан амьдрах орчин нөхцөл бүрэлдэн бий болдог.

Сүүлийн үед олон нийтийн сүлжээнд энд тэндгүй л өвчин зовлонд автаж, аврал тусламж эрсэн постууд харагдах болсон. Хүмүүс хурааж хуримтлуулсан бүхнээ үрэн таран хийн, эрсдэлийг гэтэлгэж буй кейсүүдтэй өдөр бүр таарч байна. Гэтэл энэ асуудлыг шийдэх гарцыг хүн төрөлхтөн түүхэн хөгжлийнхөө явцад бодож олоод, түүнийгээ “даатгал” гэж нэрлэсэн байна. Монголын даатгалын салбарын хөгжил тааруу байгааг шүүмжлэх хүн олон. Гэвч салбарыг мянга мянган даатгуулагчдын хүчээр хөгжүүлдэг гэдгийг санан, “муу ёр” гэсэн явцуу үзлээсээ салж, орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхах цаг хэдийн болсон.

Боломж гарц үргэлж байдаг, гагцхүү бид хандлагаа л өөрчлөх хэрэгтэй.

Сүүлд нэмэгдсэн нийтлэлүүд

Яагаад хувийн эрүүл мэндийн даатгал гэж?
Эрүүл мэнд

Яагаад хувийн эрүүл мэндийн даатгал гэж?

Би эрүүл мэндийн даатгалыг сар болгон цалингаас заавал суутгах ёстой мөнгө л гэж боддог байснаас хэрхэн даатгалаа аш...

Аюулгүй ажиллах, амьдрах нөхцөл
Эрсдэлийн боловсрол

Аюулгүй ажиллах, амьдрах нөхцөл

Бидний аз жаргалтай амьдрах, ажиллах боломжийг тасалдуулдаг, үгүй хийдэг нэг зүйл бол “АЮУЛ” юм. Тиймээс ч бидэнд “АЮ...

ЭМЭГТЭЙ ХҮН, ДААТГАЛ ХОЁР ЮУГААРАА ТӨСТЭЙ ВЭ?
Эрсдэлийн боловсрол

ЭМЭГТЭЙ ХҮН, ДААТГАЛ ХОЁР ЮУГААРАА ТӨСТЭЙ ВЭ?

Асуулт : Эмэгтэй хүн, даатгал хоёр юугаараа төстэй вэ?Хариулт : Тэд их үнэтэй хирнээ ойлгоход хэцүү. Даатгалын тал...

Машинаа хэрхэн зөв угаах вэ?
Жолооч таны мэдлэгт

Машинаа хэрхэн зөв угаах вэ?

Гадаа дулаарахтай зэрэгцэн жолооч нар өөрсдөө машинаа угаах нь ихэсдэг. Гэвч, машинаа хэрхэн угаах талаар мэдлэггүйгэ...