Би эрүүл мэндийн даатгалыг сар болгон цалингаас заавал суутгах ёстой мөнгө л гэж боддог байснаас хэрхэн даатгалаа ашиглах,суутгагдсан мөнгө маань хэрхэн зарцуулагдаж байгаад санаа тавьж байсангүй. Даатгалын байгууллагад ажиллаж хувийн эрүүл мэндийн даатгалтай болсноор сонирхож эхэллээ. Мөн сар болгон албан журмаар өгдөг мөнгө болон миний өөрөө сар болгон санаачлагаараа төлдөг мөнгөний ялгааг ч ойлгосноо та бүхэнтэй хуваалцъя.

Иргэд ихэнхдээ хувийн эрүүл мэндийн даатгалыг сонгодоггүй. Учир нь Монголчууд ихэвчлэн өвдсөн үедээ эм тариа дур мэдэн хэрэглэж, гэрийн аргаар эсвэл мэргэжлийн бус хэн нэгний зөвлөснөөр эмчилгээ хийж улмаар биеийн байдлаа улам хүндрүүлдэг нэгдсэн буруу хэвшилтэй. Бага зэргийн өвдөлтийг бол тухай бүрд нь эмнэлэгт үзүүлэлгүй өнгөрөөдөг хээгүй ард түмэн билээ. Гэвч аливаа өвчнийг эхэн үед нь зөв оношлуулж, эмчлүүлж чадвал цаашлаад архагших, хүндэрч хавдар болохоос нь өмнө урьдчилан сэргийлж, бага зардлаар богино хугацаанд эмчлэх боломжтой байтал завгүй гэх мэт шалтгаанаар хойшлуулсаар нэлээд хүндэрсний дараагаар л эмнэлгийг зорьдог. Манайхны дунд “Өвчин хэлж ирдэггүй хийсч ирдэг” гэсэн үг байдаг хэдий ч өвчин ирж байгааг урьдчилан хэлсэн зовиур, шинж тэмдгүүдийг бид өөрсдөө тоолгүй өнгөрөөсөөр хүндэрсэн үед нь хийсээд ирсэн юм шиг аашилдаг хандлага түгээмэл бий. Мөн өвчиндөө зовиурласан нэгнийгээ эмнэлэгт үзүүлэхэд нь янгууч хэмээн шүүмжлэх тохиолдол цөөнгүй.

Хувийн эрүүл мэндийн даатгалыг хамгийн их танигдсан даатгалын бүтээгдэхүүнээр орлуулан тайлбарлавал “Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал” болон “Тээврийн хэрэгслийн сайн дурын даатгал”-тай харьцуулж болмоор санагдлаа. Хуулийн дагуу автомашинтай жолооч бүр албан журмын даатгалаар даатгуулах ёстой. Энэхүү даатгал нь жолоочийн замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийн өмнө хүлээх хариуцлагыг даатгадаг бөгөөд гэрээний нөхөн төлбөрийн дээд хэмжээ нь тээврийн хэрэгслийн ангиллаас хамаарч 5-10 сая төгрөг байдаг. Харин тээврийн хэрэгслийн даатгалд тухайн машины зах зээлийн үнээс хамаарч та арай илүү мөнгө төлдөг ч, эрсдэл тохиолдсон үед хохирлын үнэлгээгээр эргээд шинэ машин авах хүртэл нөхөн төлбөр авах боломжтой болдог. Үүний адил Улсын эрүүл мэндийн даатгалын хураамжийг заавал төлдөг ч нийт хамгаалалт нь жилд 2 сая төгрөг хүртэлх байдаг тул хүндхэн тохиолдолд таны эмчилгээний зардлыг бүрэн төлж барагдуулж чадахгүй байх эрсдэлтэй. Түүнчлэн улсын эрүүл мэндийн даатгалаар улсын эмнэлгүүдээр л үйлчлүүлэх боломжтой байдаг учраас, очер дарааллаас эхлээд санаандаа хүрсэн эмчилгээ үйлчилгээг авахад хүндрэлтэй байдаг билээ.

Харин хувийн эрүүл мэндийн даатгалаар та жилд 50 сая хүртэлх төгрөгийн эмчилгээ үйлчилгээг Монголын тэргүүний хувийн болон улсын эмнэлгүүдээс авах боломжтой. Хүмүүс даатгалыг үнэтэй хэмээн боддог. Хувийн эрүүл мэндийн даатгалын хураамж нь даатгуулагчаас хамаарч жилд дунджаар 600,000 төгрөг байдаг ба та гэрээ байгуулах үедээ 30% буюу 180,000 төгрөг төлөөд түүнээс хойш 10 сарын турш сар бүр 42,000 төгрөг хуваан төлөх нөхцөлтэйгөөр, өөртөө санхүүгийн хүндрэлгүйгээр даатгалын хамгаалалтыг авч болно. Энэ нь таны цалингаас эрүүл мэндийн даатгалд суутгагддаг 2%, байгууллагын тань төлдөг 2%-ийн нийлбэрээр төлөгддөг жилдээ 2 сая төгрөг хүртэлх хамгаалалттай улсын эрүүл мэндийн даатгалтай харьцуулахад төдийлөн өндөр санагдахгүй болов уу.

Өвчлөлөөс үүдэлтэй зардал гарахад ихэнх хүмүүс үүнд санхүүгийн хувьд бэлтгэлгүй байдаг. Эмнэлэгт үзүүлэхэд таны цаг зав амжихгүй, дүүргийн эмнэлгийн очер дарааллаас халширч байгаа бол хувийн эрүүл мэндийн даатгалтай тохиолдолд та Монгол улсын шилдэг хувийн эмнэлгүүдээс хүссэнээ сонгон түргэн шуурхай үйлчилгээ авах боломжийг олгохоос гадна эмчилгээний зардлын тань 70%-г хариуцсанаар та санхүүгийн хүндрэлгүй эрүүл мэнддээ анхаарал тавих боломжтой. Үүнийг өөрт минь учирсан тохиолдлоос л сайн ойлгож авлаа. Би хувийн эрүүл мэндийн даатгалтай болсныхоо дараагаар эмнэлэгт хэвтэх хэрэг гарсан юм. Даатгуулагч байгууллагадаа өвчнийхөө талаар маягт бөглөн өгч эмнэлгээс гарахдаа би эмчилгээнийхээ зардлын 30%-г төлөөд л гарсан.Даатгалгүй байсан бол хэвтэж чадалгүй гэртээ өгсөн эмийг нь уун тэгсгээд өнгөрөх байсан байх.

Өндөр хөгжилтэй орнуудад агаар ус мэт хэрэглэгддэг эрүүл мэндийн даатгалыг Монголдоо авч хэрэглэх боломж аль хэдийн бүрдэж эмнэлгүүд маань ч өөрсдийн үйлчилгээгээ сайжруулж сүүлийн үеийн тоног төхөөрөмж, мэргэжлийн чадварлаг эмч нараар багаа бүрдүүлээд байна. Өнөөгийн нийгэмд даатгал бол өөртөө, гэр бүлийнхэндээ анхаарал тавьдаг хүн бүхний хэрэглээ болоод байгаа бөгөөд та ч гэсэн даатгалыг ашиглан өөрийнхөө болон гэр бүлийнхнийхээ эрүүл мэндэд анхаарал тавиарай. Эцэст нь эрүүл биед саруул ухаан оршино хэмээх сайхан үгээр энэхүү нийтлэлээ төгсгөе.

Сүүлд нэмэгдсэн нийтлэлүүд

Зам тээврийн хөдөлгөөний эрсдэл
Эрсдэлийн боловсрол

Зам тээврийн хөдөлгөөний эрсдэл

Зам тээврийн осол гэдэг нь зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь бие, эрүүл мэнд хохирох, тээври...

Өвчлөлийн эрсдэл
Эрсдэлийн боловсрол

Өвчлөлийн эрсдэл

Эрүүл мэнд бол хүн хөдөлмөрийн өндөр бүтээмжтэй байхын хамгийн анхдагч хэрэгцээ бөгөөд ард иргэдийн эрүүл мэнд нь у...

Объектын гал түймрийн эрсдэл
Эрсдэлийн боловсрол

Объектын гал түймрийн эрсдэл

Гамшиг гэдэг бол хэлж сануулж, сэрэмжлүүлж байгаад ирдэг зүйл биш бөгөөд тэр дундаа гал түймэр бол хор хохирол нь с...

Үйлдвэрлэлийн ослын эрсдэл
Эрсдэлийн боловсрол

Үйлдвэрлэлийн ослын эрсдэл

Ажилтан хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн хүчин зүйлийн үйлчлэлд өртөж эрүүл мэндээр хохирох, амь на...

Газар хөдлөлтийн эрсдэл
Эрсдэлийн боловсрол

Газар хөдлөлтийн эрсдэл

“Газар хөдлөлт нь урьдчилан таамаглах боломжгүй байгалийн аюулуудын нэг юм. Газар хөдлөлтийн чичирхийллийн хүчийг м...