Машинаа цэмбэгэр хэрэглэх зөвлөмж

4 сар, 1 долоо хоног өмнө

Өнөөдөр Улаанбаатар хотын гудамжаар 385 мянга орчим авто машин хөдөлгөөнд оролцож, өдөрт дунджаар 86 авто машин нэмэгдэж байна. Улаанбаатар хотод бүртгэлтэй авто машины 24 хувийг 4-9 жил, 72 хувийг арав ба түүнээс дээш жилээр ашиглаж байгаа авто машин эзэлж байна. Өдөр ирэх тусам нэмэгдэж буй автомашины хэрэглээг дагаад угаалга цэвэрлэгээний газрууд ч мөн өсөн нэмэгдсээр байна. Харин жолооч нар маань хэрхэн яаж авто машинаа цэвэрлэх, цэвэрхэн эдлэх тухай төдийлөн сайн мэдлэггүй бөгөөд энэ тухай бяцхан зөвлөгөөг та бүхэнд хүргэж байна.

Автомашинаа цэвэрхэн байлгах, хэрхэн өнгө үзэмжийг нь удаан хадгалж чадах гэдэг нь энгийн нэгэн угаалгын газар угаалгаад явахаас арай илүү зүйлийг жолоочоос шаарддаг. Авто угаалгын газрууд хаа сайгүй байгаа хэдий ч эдгээр нь энгийн буюу өдөр тутмын угаалга хийдэг. Энгийн угаалга, мэргэжлийн өнгө сэргээх үйлчилгээ 2-ыг ялгаж ойлгох хэрэгтэй тэс өөр ойлголтууд юм.

Автомашины цэвэрлэгээг ерөнхийд нь дотор болон гадна цэвэрлэгээ гэж авч үзэх бөгөөд үүгээрээ хийгдэх цэвэрлэгээ нь ондоо байдаг. Тухайлан тайлбарлавал:


ДОТОР ЦЭВЭРЛЭГЭЭ

Манай улсад импортлогдож буй автомашинуудын хувьд дотор салон, тааз, суудал, үслэг эдлэлүүд нь энгийн өдөр тутмын угаалгаар угаалгаад явахад 1 жилээс ихгүй хугацаанд өнгөө алдаж гунддаг. Элдэв тоос шороо, хүмүүсийн гуужсан арьс зэрэг нь машин дотор ихээр хуримтлагдаж олон төрлийн бактерийг бий болгож аливаа өвчлөлийн нэгэн эх үүсвэр болж байдаг. Тиймээс дор хаяж жилд нэг удаа халуун даралттай уурын цэвэрлэгээ буюу ченж угаалгыг мэргэжлийн сайн газраар хийлгэж, бактерийг устгаж байх хэрэгтэй.

Мөн машины салонд үүссэн гүн бохирдол, эвгүй үнэр үүсгэдэг айраг, сүү, цус мэтийг энгийн угаалга битгий хэл ченж угаалгаар ч арилгах боломжгүй байдаг. Тэгвэл энэ асуудлыг шийддэг үнэр гаргах үйлчилгээ гэж тусгай нарийн технологийн үйлчилгээ гаднынханд байдаг ба Монголд одоогоор цөөн тооны газар энэхүү үйлчилгээг үзүүлдэг юм байна.


ГАДНА ЦЭВЭРЛЭГЭЭ

Автомашины гадна кузовын өнгийг удаан гялалзуулан хадгалах нь манайх шиг шороо тоос ихтэй нөхцөлд хэцүү зүйл юм. Энгийн угаалгаар жолооч нар маань шийдэж байгаа ч энэ элдэв зураас цараапан, гандсан өнгө зэргийг арилгаж сэргээж чаддаггүй. Ядаж жилд 1 удаа дриллэн өнгөлгөөг зориулалтын дагуу хийж өнгийг нь сэргээж байх хэрэгтэй. Түүнчлэн, хэрэв таны машин дээр цай, сүүний дээжийн толбо тогтсон бол аль болох хурдан угаалгах хэрэгтэй. Учир нь сүүний толбо удахаараа дриллэн өнгөлгөөгөөр ч арилдаггүй аюултай.

Жолооч нарын гаргадаг бас нэгэн түгээмэл алдаа бол шинэ авсан хар машиндаа 1.500.000-2.500.000 төгрөгийн үнээр өнгөгүй хуулга наалгах юм. Гол зорилго нь буцаагаад зарахдаа хуулгыг нь аваад шинэ мэт харагдуулах боловч бодит байдал дээр тэр хуулга нь гялтганасан сайхан хар өнгийг бүрзгэр харагдуулдгаас гадна, лакнаас зөөлөн учраас сэв зураас амархан үүсдэг байна. Хуулга дээр үүссэн зураасыг дриллэн өнгөлгөөгөөр арилгах боломжгүй. Учир нь дриллэн өнгөлгөө хуулгыг хайлуулчихдаг. Мөн кузов засварт ороход дахин хуулгаа наалгах шаардлага гардаг. Түүний оронд дээрх мөнгөөр бүтэн 3 жилийн турш машинаа дриллэн өнгөлгөөнд оруулж, тас хар, гялгар машинтай явах боломжтой. Хэрвээ сэв, зурааснаас машинаа хамгаалах хүсэлтэй бол Германд үйлдвэрлэсэн нано хамгаалалтыг ашигласан нь илүү дээр сонголт юм. Машинаа шинэ байхад нь эсвэл, өнгөлсний дараа НАНО хамгаалалт /шилэн өнгөлгөө/ хийлгэж болно.

Дараагийн бас нэгэн чухал зүйл бол жолооч нар машиныхаа цонхонд хамгаалалтын хальс буюу тень наалгах юм. Гол зорилго нь шууд тусах нарны хурц туяаг бууруулах, ингэснээр дотор салооны өнгийг алдагдуулахгүй байх юм. Зориулалтын бус, тоостой орчинд наалгасан тохиолдолд хамгаалалтын хальс нь хийцтэй, тогтоц муутай наагддаг. Хамгаалалтын хальсыг тусгай чийглэг вакум орчинд мэргэжлийн багажаар, мэргэшсэн ажилчид суурилуулах ёстой байдаг. Хэрэв таны цонхны хамгаалалтын хальсыг цаасны хутга, шпатель ашиглан 20-30 минутын дотор ганцаараа нааж өгвөл чанаргүй болсон гэж ойлгож болох аж. Сүүлийн үеийн дэвшилтэт технологиуд ар араасаа гарч хамгаалалтын хальсны маш олон сонголтууд бий болсон байна. Манай улсад ч үүнийг ашиглаад эхэлсэн.

Автомашинаа арчилж, тордож, хайрлаж унадаг жолооч нарт маань дээрх бяцхан зөвлөмж нэмэр болсон гэж найдаж байна. Бидний амьдралын салшгүй нэгэн хэсэг болж байдаг автомашинаа цэвэрхэн эдлэх нь жолооч нарийн бас нэгэн үүрэг хариуцлага болдог гэдгийг эцэст нь сануулъя.

Сүүлд нэмэгдсэн нийтлэлүүд

Яагаад хувийн эрүүл мэндийн даатгал гэж?
Эрүүл мэнд

Яагаад хувийн эрүүл мэндийн даатгал гэж?

Би эрүүл мэндийн даатгалыг сар болгон цалингаас заавал суутгах ёстой мөнгө л гэж боддог байснаас хэрхэн даатгалаа аш...

Аюулгүй ажиллах, амьдрах нөхцөл
Эрсдэлийн боловсрол

Аюулгүй ажиллах, амьдрах нөхцөл

Бидний аз жаргалтай амьдрах, ажиллах боломжийг тасалдуулдаг, үгүй хийдэг нэг зүйл бол “АЮУЛ” юм. Тиймээс ч бидэнд “АЮ...

Даатгалын хөгжил ба иргэдийн хандлага
Эрсдэлийн боловсрол

Даатгалын хөгжил ба иргэдийн хандлага

Нүүдэлчин Монголчуудын оюун ухаан, үзэл бодол, ажил хөдөлмөр, амьдралын хэвшил, ёс заншилд эртнээс эрсдэлийг урьдчила...

ЭМЭГТЭЙ ХҮН, ДААТГАЛ ХОЁР ЮУГААРАА ТӨСТЭЙ ВЭ?
Эрсдэлийн боловсрол

ЭМЭГТЭЙ ХҮН, ДААТГАЛ ХОЁР ЮУГААРАА ТӨСТЭЙ ВЭ?

Асуулт : Эмэгтэй хүн, даатгал хоёр юугаараа төстэй вэ?Хариулт : Тэд их үнэтэй хирнээ ойлгоход хэцүү. Даатгалын тал...

Машинаа хэрхэн зөв угаах вэ?
Жолооч таны мэдлэгт

Машинаа хэрхэн зөв угаах вэ?

Гадаа дулаарахтай зэрэгцэн жолооч нар өөрсдөө машинаа угаах нь ихэсдэг. Гэвч, машинаа хэрхэн угаах талаар мэдлэггүйгэ...