Гадаадад зорчигчийн даатгал

Үнийн санал авах

Бүтээгдэхүүний товч танилцуулга

Гадаадын улс оронд зорчиж буй хүмүүсийн хувьд таньж мэдэхгүй орчин нөхцөл, уур амьсгал зэргээс шалтгаалан илүү анхаарал хэрэгтэй болдог. Гадаадад зорчигчийн иж бүрэн даатгал нь таныг ямар ч зорилгоор ганцаараа болон гэр бүл, хамт олноороо дэлхийн аль нэг улсад түр зорчих хугацаандаа сэтгэл амар аялахад зориулагдсан даатгал юм.

Хувь хүнд үзүүлэх үйлчилгээ

1. Гадаад оронд байх хугацаанд гарах хэвтэн эмчлүүлэх эмнэлэг, эмчилгээний зардал

Даатгуулагч гадаад улс оронд аялах хугацаанд гэнэт өвдөх, гэнэтийн осолд орсны улмаас учирсан хэвтэн эмчлүүлэх эмнэлэг эмчилгээний болон мэс заслын зардал, эмчлэгч эмчийн жорын хуудсаар олгогдсон эм тарианы зардал зэрэг ердийн, нэн шаардлагатай, зайлшгүй гарах зардлыг эмчлэгч эмчийн тодорхойлсны дагуу Даатгагч нөхөн төлнө.Даатгагчийн эмч, мэргэжилтний баг нь Даатгуулагчийн эмчлүүлж буй эмнэлэг эсвэл эмчтэй холбоо барьж Даатгуулагчид зохистой эмчилгээ хийж байгаа эсэхэд хяналт тавина.


2. Гэнэтийн осол, гэнэтийн өвчлөлийн улмаас нутаг оронд нь яаралтай хүргэх болон тээвэрлэх зардал

Даатгуулагч гадаад улс оронд байх хугацаанд гэнэт өвдөх, гэнэтийн осолд орсон тохиолдолд хамгийн ойрын эмнэлэгт хүргэх, нутаг орон руу нь тээвэрлэхэд гарсан нэмэлт зардлыг даатгагч нөхөн төлнө.

Даатгагчийн эмч, мэргэжилтний баг нь даатгуулагчийг аль эмнэлэг рүү илгээх, даатгуулагчийн биеийн ерөнхий байдал, ослын хүнд хөнгөн эсэхийг харгалзан даатгуулагчийг нутаг орон руу нь зөөн тээвэрлэх шаардлагатай эсэхийг шийдвэрлэнэ.

Үүний дараа, даатгагчийн эмч, мэргэжилтний баг нь Даатгуулагчийн эмчлүүлж буй эмнэлэг эмчилгээний төвтэй байнгын харилцаатай ажиллан, Даатгуулагчийн эмчлэгч эмч нартай зөвлөлдсөний үндсэн дээр хамгийн тохиромжтой тээврийн хэрэгсэл (галт тэрэг, автомашин, агаарын тээвэр)-ээр шилжүүлэн тээвэрлэх эсвэл нутаг орон руу нь буцаан зөөн тээвэрлэх асуудлыг шийдвэрлэнэ.

Даатгагчийн эмч, мэргэжилтний баг нь даатгуулагчийн биеийн байдал, гэмтэл бэртлийг ноцтой биш буюу хөнгөн гэж үзвэл түргэн тусламжийн машинаар эсвэл бусад боломжит тээврийн хэрэгслээр эмнэлгийн зохих тусламж үйлчилгээ үзүүлэх төвд хүргэхээр шийдвэрлэнэ.


3. Амбулаторийн яаралтай эмчилгээ

Даатгагч шаардлагатай гэж зөвшөөрсөн тохиолдолд даатгуулагч гадаадад зорчих хугацаанд гэнэт өвдөх, гэнэтийн осолд орсны улмаас учирсан амбулаторийн зайлшгүй эмчилгээний зардлыг даатгагч нь эмчлэгч эмчийн тодорхойлсны дагуу нөхөн төлнө.

Даатгуулагч энэхүү даатгалын гэрээг байгуулахаас өмнө өвдөж байсан, тухай бүрд эмчилгээ хийлгэж байсан бол даатгалд хамрагдахгүй.


4. Гэнэтийн ослын улмаас үүссэн шүдний яаралтай эмчилгээ

Даатгуулагч гадаад оронд аялах хугацаанд гэнэтийн ослын улмаас өвдсөн шүдийг эмчлэх, авахад анхны тусламж үзүүлэх яаралтай эмчилгээ шаардлагатай болсон тохиолдолд нөхөн төлбөр олгоно.


5. Шарил зөөн тээвэрлэх

Даатгуулагч гадаад улс оронд байх хугацаанд нас барсан тохиолдолд Даатгагч шарилыг нутаг оронд нь хүргэхэд гарах тээврийн зардлыг хариуцна.Оршуулгын зардал, шарил чандарлах эсвэл оршуулгын ажиллагааны зардлыг төлөхгүй.



Гэр бүлийн гишүүнтэй холбогдон гарах зардал

1. Даатгуулагчтай хамт яваа гэр бүлийн нэг гишүүний байрлах, буцах нэмэлт зардал

Даатгуулагч гадаад улс оронд аялах хугацаанд гэнэтийн өвчин, гэнэтийн ослын улмаас 7 ба түүнээс дээш хоногоор эмчлүүлэх шаардлагатай болсон эсвэл нас барсан тохиолдолд даатгуулагчтай хамт яваа, даатгуулагчтай нэг улсад оршин суудаг гэр бүлийн нэг гишүүн ирсэн маршрутын дагуу буцах боломжгүй болсон тохиолдолд нутаг орондоо буцах тээврийн нэмэлт зардлыг Даатгагч нөхөн төлнө.


2. Гэр бүлийн нэг гишүүний аяллын зардал

Даатгуулагч гадаад улс оронд аялах хугацаанд гэнэтийн өвчин, гэнэтийн ослын улмаас 7 ба түүнээс дээш хоногоор эмчлүүлэх шаардлагатай болсон тохиолдолд даатгуулагчийн гэр бүлийн нэг гишүүнийг байнгын оршин суугаа газраас даатгуулагчийн гадаадад хэвтэн эмчлүүлж байгаа газарт хүргэх, буцаан хүргэх тээврийн зардал, мөн гэр бүлийн гишүүний зочид буудалд байрлах зардлыг нөхөн төлнө.


3. Гэр бүлийн гишүүдээс нас барсан тохиолдолд Даатгуулагчийг яаралтай нутаг орон руу нь буцаах зардал

Даатгуулагчийг гадаад улс оронд аялах хугацаанд ойрын гэр бүлийн гишүүд (ойрын гэр бүлийн гишүүн гэдэгт Даатгуулагчаас дээш болон доош 2 дахь үе удмыг ойлгоно)-ээс нас барсан тохиолдолд даатгуулагч аяллаа яаралтай зогсоож, эх орондоо яаралтай буцах болсны улмаас маршрутын дагуу төлөвлөсөн тээврийн хэрэгслээр буцах боломжгүй болсон тохиолдолд даатгуулагчийн нутаг орондоо буцах аяллын нэмэлт зардлыг даатгагч нөхөн төлнө.

Энэ тохиолдолд Даатгуулагч гэр бүлийн гишүүдээс нь нас барсан гэдгийг нотлох нас барсны гэрчилгээ болон аяллаа зогсоох шаардлагатай болсон тухай бичиг баримт бүрдүүлж Даатгагчид хүргүүлнэ.


Нэмэлт үйлчилгээ

1. Эм тариа хүргэх

Даатгуулагчийн эмчлүүлж байгаа газарт Даатгуулагчийн эмчлэгч эмчийн бичсэн эм тариа эсвэл Даатгуулагчийг гадаадад аялахаас өмнө бичигдсэн эм тариа олдох боломжгүй тохиолдолд эм тариа яаралтай илгээх зардлыг даатгагч төлнө.


2. Ачаа тээш алдагдах

Тээвэрлэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас нислэгийн үед Даатгуулагчийн бүртгүүлсэн ачаа тээш болон хувийн эд зүйлсээ алдсан тохиолдолд ачаа тээшийг олж авах болон алдагдсан эд зүйлсээ нөхөн бүрдүүлэхэд зориулан Даатгагч 210 ам.доллар (энд ачаанд агаарын тээвэрлэгчийн төлсөн төлбөр хамтдаа) хүртэл нөхөн төлбөр олгоно. Даатгуулагч алдагдсан ачаа тээш, дотор нь байсан эд зүйлсийн жагсаалт, үнэ, худалдан авсан өдөр зэрэг тодорхой мэдээллийг даатгагчид өгөх шаардлагатай бөгөөд алдагдсан эд зүйлсийн нөхөн төлбөрийг хийхдээ олон улсын агаарын тээврийн компаниудын ачаа тээшинд хүлээх хариуцлагын журмыг мөрдөнө.

Ачаа тээш алдагдах үед хүлээх хүлээлгийн хугацаа доод тал нь 21 өдөр байх ба алдагдсан эд зүйлс цаашид олдох боломжгүй гэсэн дүгнэлт гарсан тохиолдолд нөхөн төлбөр хийгдэнэ.

Мөнгө, үнэт эдлэл, дебит болон кредит карт болон аливаа бичиг баримт алдагдсан тохиолдолд энэ даатгалаар нөхөн төлбөр олгохгүй.


3. Ачаа тээш хоцрох

IATA буюу Олон Улсын Агаарын Тээврийн Холбооны бүрэлдэхүүнд багтдаг агаарын тээврийн компанид бүртгүүлсэн ачаа тээш 6 цагаас дээш хугацаагаар хойшлогдсон тохиолдолд Даатгагч Даатгуулагчид ойр зуурын хэрэгцээт зүйлс худалдан авах зардалд зориулж нөхөн төлбөр олгоно.


4. Паспорт, жолооны үнэмлэх, иргэний үнэмлэх, бичиг баримтаа хаяж гээгдүүлэх

Даатгуулагч гадаад оронд байх хугацаандаа паспорт болон жолооны үнэмлэх, иргэний үнэмлэх бусад бичиг баримтаа хаяж гээгдүүлсэн тохиолдолд шинээр паспорт, жолооны үнэмлэх, иргэний үнэмлэх эсвэл түүнтэй адилтгах консулын бичиг баримтыг авахад гарах зардалд нөхөн төлбөр олгоно.


5. Нислэг хойшлогдох

Даатгуулагчийн хуваарьт нислэг 6 цагаас дээш хугацаагаар хойшлогдсон тохиолдолд Даатгагч нислэг хойшлогдсоны улмаас гарах нэмэлт зардалд (зочид буудал, хоол, унааны зардал) зориулан дараах хязгаарт багтаан нөхөн төлбөр олгоно. Үүнд:

6 цагаас илүү хугацаагаар нислэг хойшлогдсон тохиолдолд 45$ хүртэл
12 цагаас илүү хугацаагаар нислэг хойшлогдсон тохиолдолд Нэмэлт 45$
18 цагаас илүү хугацаагаар нислэг хойшлогдсон тохиолдолд Нэмэлт 45$
24 цагаас илүү хугацаагаар нислэг хойшлогдсон тохиолдолд Нэмэлт 45$
* Агаарын тээврийн компанийн болон агаарын компанид үйлчилгээ үзүүлэгч гэрээт компаниудын ажилчид ажил хаясны улмаас нислэг хойшлогдсон тохиолдолд Даатгагч хариуцлага хүлээхгүй.

* Байнгын бус болон захиалгат нислэг хойшлогдсоноос үүсэх хариуцлагыг Даатгагч хүлээхгүй.