Хөдөө аялахдаа машинаа хэрхэн бэлдэх вэ?

3 долоо хоног, 3 өдөр өмнө

Урин дулаан цаг ирж аялал зугаалгаар явахаар зэхэж байна уу. Хэрэв тийм бол танд дараах зөвлөгөөг хүргэж байна. Манай Монгол орон томоохон хот суурин газар багатай, хөдөө орон нутагт авто засвар үйлчилгээний төвүүд байхгүй учир жолооч нар маань өөрсдөө тээврийн хэрэгслээ бэлтгэж, хянаж явах шаардлагатай болдог. Үүнд :


1. ХӨДӨЛГҮҮРИЙН ТОС

Та хамгийн сүүлд хөдөлгүүрийнхээ тосыг хэзээ сольсон бэ? Авто машин үйлдвэрлэгчид моторын тосыг 5,000 км тутамд солих шаардлагатай гэж зөвлөдөг. Харин Монголын эрс тэс уур амьсгалтай нөхцөлд хавар намартаа солих шаардлагатай болдог. Тэгэхлээр та эхлээд хөдөлгүүрийн аль нэг хэсгээс моторын тос хөлөрсөн, шүүрсэн, гоожсон, туссан хэсэг байгааг сайтар ажиглаарай. Хэрвээ тийм бол тос гоожилтийг зогсоох шингэн хийгээд үзэх хэрэгтэй. Мөн та аян замд гарахдаа хөдөлгүүрийн тосыг дундарсан үед нэмэх эсвэл ижил төрлийн тос 1-2 л аваад гарахад илүүдэхгүй.


2. ХӨРГӨХ ШИНГЭН


Хөдөлгүүрийг асаагаагүй хүйтэн үед шалгах хэрэгтэй. Хэрэв дундарсан бол нэмээд бага хэмжээгээр нөөц аваад явахад илүүдэхгүй. Мөн та радиаторын салхи орох хэсэгт ялаа шумуул орж хэвийн ажиллагааг алдагдуулахаас сэргийлж урд хэсэгтээ нарийн шүүртэй тор хийгээрэй.


3. ЯВАХ ЭД АНГИ

Таны аян замын тав тухыг хангах гол зүйлсийн нэг бол гарцаагүй явах эд анги. Тиймээс та аян замд гархаасаа өмнө шороон замаар яваад үзээрэй. Ингэхэд ямар нэг зүйл дуугарч байвал заавал засварын газраар оношлуулаарай. Өндгөн тулгуур, амортизатор, тэнцүүлэгч, рүлийн шарнерууд зэргийг шалгаж солиулах шаардлагатай.


4. ДУГУЙ


Дугуйн хийн даралт, дугуйн бөөрөн хэсэгт үүссэн хаван зэргийг шалгаарай. Мөн та өвлийн дугуйгаа хараахан сольж амжаагүй бол өвлийн дугуй зуны улиралд хөдөө замд тун тохиромжгүй юм. Учир нь өвлийн дугуй зөөлөн байдаг учир бартаа ихтэй замд хүнд ачаатай явснаас үүдэн хаван үүсэн, хагарах, хэт халуунаас болж буудах зэрэг асуудал гарах магадлал их байдгаас гадна хурдан элэгддэг. Хэрвээ та жийп ангиллын машинтай явах гэж байгаа бол олгой хамер хийхэд илүүдэхгүй. Учир нь том дугуй нь гэнэтийн цохилт болон том чулуу, нүхэнд цохиход обудны ирмэгээр маш хурдан хий алдаж тэнцвэр алдах магадлалтай байдаг.


5. ГЭРЭЛ

Хөдөө орон нутгийн замд шөнө оройгоор явах хэрэг багагүй гардаг билгээ. Энэ тохиолдолд хол болон ойрын гэрэл дутуу, муу тусгалтай, тусгалын тохиргоогүй байх нь замын саад, огцом эргэлт зэргийг урьдчилан хараах боломж мууддаг. Ийм таны аяллын төлөвлөгөөнд шөнө оройгоор замд явах төлөвлөгөө байгаа бол хол ойрын гэрлээ заавал шалгуулаарай.


6. АЧАА

Бүх төрлийн машин анх үйлдвэрлэхдээ л өөрийн гэсэн даацыг тодорхойлсон байдаг. Энэ даацын тэмдэглэл нь жолооч талын хаалган дээр юм уу эсвэл хаалганы хажууд байдаг. Энэ тэмдэглэгээн дээр машины стандарт дугуй хэмжээ, ачаатай болон ачаагүй үеийн дугуйн даралтын хэмжээ, даацын хэмжээг заасан байдаг. Хэрэв үйлдвэрээс заасан энэ заалтын хэтрүүлбэл явах эд ангид нөлөөлөхөөс гадна явдал хатуу болж дугуй хагарах, буудах, хавантах эрсдэлтэй байдаг.


7. МАШИНДАА АВЧ ЯВАХ ЗҮЙЛС

Ямар ч тохиолдолд юунд ч бэлэн байх үүднээс дараах зүйлийг авч яваарай. Нөөц дугуй, аюулгүй гурвалжин, дугуйгаа солих өргүүр болон түлхүүр багаж ав. Түүнээс гадна танд моторын тос, шил угаагчийн шингэн ба хөргөлтийн шингэн ачаандаа хийж явахыг зөвлөе. Мөн машин чирэх татлага болон аккумуляторын холбогч нь байх ёстой л зүйлс юм.


8. МЭДЭХЭД ИЛҮҮДЭХГҮЙ

  • Халуун өдөр бага түлштэй явахгүй байх хэрэгтэй. Энэ нь бензин насос эвдэж болох юм.
  • Машинд аптек ба гал унтраагч заавал авч явах хэрэгтэй. Үүнээс гадна зарим нэгэн чухал зүйлс бий. Барилгачдын бээлий, канистр сав, гал хамгаалагчийн гэр, чийдэн, отвёртка, ком багаж үүнд багтана.
  • Машины шил цуурсан бол хумсны тунгалаг лакаар тогтоож болно. Энэ нь цууралтыг зогсоож, үйлчилгээний төвд засварлуулахад хүргэж өгнө.
  • Хэрэв таны машины дугуй хагарсан, нөөц дугуй байхгүй, гэвч насос байвал дараах аргыг хэрэглэ. Насос руу 1 л ус хийгээд, дугуй руу зөөлөн шах. Цааш нь дугуйн хошууг эргүүлж хийл. Ингэснээр хөдөлгөөний үед ус дугуйн доторх гадаргууг бүрхэж хийг алдагдуулахгүй болгоно.
  • Бороотой өдөр машины цонх цантаад байдаг. Тэгвэл машины цонх цантвал алчуураар цонхоо арчихыг бүү яар. А/С асаахад салон доторх агаар хуурайшиж цонх цантахаа болино.
  • Хот хөдөөгүй түлшээ хэмнэх нь чухал. Та тэгвэл машинаа зөөлөн хөдлөх ба зөөлөн тоормослох нь бензин хэмнэхэд тустай. Машинаа элдэв зүйлээр дүүргэх хэрэггүй. Нэмэлт 45 кг ачаа бүрт түлш зарцуулалт 2%-аар ихэсдэг.


9. ЭМЭГТЭЙ ЖОЛООЧ НАРТ ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ

Ихэнх эмэгтэй жолооч нар гаднаас тоос шороо орох, үнэр үнэртэхээс хамгаалж ихэвчлэн дотор агаарын эргэлт дээр тохируулсан явж байгаад бороо цас орох үед өөрчлөхийг мартах ч юмуу мэдэхгүй тохиолдол байдаг. Тиймээс бороо цас орох үед шил цантдаг учир салоны дотор гадна агаарын тохируулгыг гадна агаар дээр оруулах дээр тавих хэрэгтэй.

Дугуй хагарсан бол зам чөлөөлж захруу шахаж зогсох хэрэгтэй. Шулуун замд хурдтай явж байх үед хэсэг газар шалбааг ус болон нойтон гадаргуу тааралдвал зайлшгүй хурдаа хасаж гарах шаардлагатай. Хурд ихсэх тусам зам дугуйн зууралт багасдаг учир замын гадаргуу гэнэт өөрчлөгдөхөд зууралт алдагдаж, шарвах, бүтэн эргэх, онхолдох аюултай байдаг.

Шулуун замд жолоог 2 гараараа 10 цаг 10 минутын байрлалд сайн барьж явах хэрэгтэй нэг гараараа жолоодох нь гэнэт нүх дайрах, дугуй хагарах үед машиныг жолоодож дийлэхгүйд хүргэдэг. Хурдтай явах үед машины шилийг гэнэт их онгойлгох нь агаарын урсгалд цохиулж автомашин тогтворгүй болно, том ачааны машин автобустай ойрхон зөрөх үед хурдаа сааруулан зөрөх талын цонхыг хаах хэрэгтэй.


10. ГОЛ УСААР ХЭРХЭН ГАРАХ ВЭ

Зуны улиралд гол мөрөн үерлэх асуудал их байдаг. Хэдий таны аялж байгаа газарт бороо ороогүй ч ойролцоох уул толгодод бороо орсон бол голын усны төвшин гэнэт нэмэгдэх магадлалтай байдаг. Тиймээс урд өдөр нь гарч болоод байсан гарам маргааш нь гарахад хэцүү болчих тохиолдол гардаг. Та машинаараа гол гатлах гэж байгаа бол эхлээд явганаар гаталж үзэх нь зүйтэй.

Ингэснээр усны төвшин урсгалын хурдыг тодорхойлж зөв замаа олно. Хэрэв гарамгүй газраар гарах бол маш сайн судалж байж гатлаарай.


11. ТА ГОВЬ РУУ АЯЛАХ ГЭЖ БАЙНА УУ?

  • Зайлшгүй газарчинтай эсвэл тухайн орон нутгаа сайн мэддэг хүнтэй байх ёстой. Учир нь говьд зүг чигээ баримжаалах уул, толгод байдаггүй.
  • Зүг чигийн баримжаа авах хэрэгслүүдтэй байх нь чухал. Луужин, GPS гэх мэт.
  • Газрын зураг хэрэгтэй
  • Говийн элсэн дунд явахад машин жолоодох чадвар, туршлага их шаардагддаг. Тиймээс сайн жолоочтой байх
  • Говь маш өргөн уудам нутаг дэвсгэртэй учраас тухайн явж буй улирлынхаа бэлтгэлийг их сайн базаах ёстой. Тухайлбал, гал хөсний хэрэгсэл, дулаан хувцас гэх мэт
  • Уух шингэн төрлийн ундаа хангалттай хэмжээгээр авч явах
  • Говийн нөхцөл байдал баримжаа муутай учраас шөнийн аялал аль болох хийхгүйг эрмэлзэх хэрэгтэй.


12. ХЭРЭВ ТА ХАЙБРИД МАШИНТАЙ БОЛ

Хайбрид машины тээшний хэсэгт асгарах шингэн зүйл тээвэрлэхгүй байхыг хичээгээрэй. Учир нь ихэнх хайбрид машины зай хураагуур нь тээшний доод хэсэгт байрладаг тул шингэн зүйл асгарч цахилгаанд богино холбоо үүсгэх улмаар шатах гэмтэх аюултай байдаг. Иймээс та аль болох тээшиндээ их хэмжээний шингэн зүйл авч явахгүй байхыг хичээгээрэй.


13. ГАНЦ МАШИНТАЙ ЯВЖ БАЙГААД ШАВАР СУУВАЛ ЯАХ ВЭ?

Шавартай замаар явж байгаад таны машины дугуй хий иргээд зогссон л бол хүчлэн зүтгүүлэх хэрэггүй. Тэрний оронд ухарч үзэх юм уу эсвэл ухарч гархийг илүүд үзэн бууж замаа харж байгаад ухрах хэрэгтэй. Гэхдээ та аялалдаа өөрийн хайртай гэр бүлээ авч яваа тул өөртөө болон өөрийн машиндаа найдан азаа үзэх хэрэггүй л болов уу.

Алтан шар зам тань өлзийтэй байг!

Эх сурвалж: www.cardoctor.mn

Сүүлд нэмэгдсэн нийтлэлүүд

Машинаа хэрхэн зөв угаах вэ?
Жолооч таны мэдлэгт

Машинаа хэрхэн зөв угаах вэ?

Гадаа дулаарахтай зэрэгцэн жолооч нар өөрсдөө машинаа угаах нь ихэсдэг. Гэвч, машинаа хэрхэн угаах талаар мэдлэггүйгэ...

Жолооч та яагаад машинаа даатгуулах хэрэгтэй вэ?
Жолооч таны мэдлэгт

Жолооч та яагаад машинаа даатгуулах хэрэгтэй вэ?

Тээврийн хэрэгслийн өмчлөгч бүр Жолоочийн даатгалын тухай хуулийн дагуу замын хөдөлгөөнд оролцох үед бусдын өмнө хүлэ...

Шатахуун зарцуулалтыг хэмнэх 8 арга
Жолооч таны мэдлэгт

Шатахуун зарцуулалтыг хэмнэх 8 арга

Машины шатахуун зарцуулалтыг бууруулснаар эдийн засгийн хэмнэлт гаргах боломжтойгоос гадна агаарын бохирдлыг ч бага х...

Машинаа цэмбэгэр хэрэглэх зөвлөмж
Жолооч таны мэдлэгт

Машинаа цэмбэгэр хэрэглэх зөвлөмж

Өнөөдөр Улаанбаатар хотын гудамжаар 385 мянга орчим авто машин хөдөлгөөнд оролцож, өдөрт дунджаар 86 авто машин нэмэг...

Бидний тархи даатгал авах шийдвэрийг хэрхэн гаргадаг вэ?
Эрсдэлийн боловсрол

Бидний тархи даатгал авах шийдвэрийг хэрхэн гаргадаг вэ?

Ирээдүйд болж ч магадгүй, болохгүй ч байж магадгүй зүйлд хөрөнгө оруулалт хийх шаардлага байна уу? Мэдээж даатгал х...