“Мандал Даатгал”-н шинэ хувьцааг бүртгэж, олон нийтэд арилжаалахыг зөвшөөрлөө

Санхүүгийн Зохицуулах Хорооны ээлжит хуралдаан 2018 оны 08 сарын 28-ны өдөр болж “Мандал Даатгал” компанид олон нийтэд хувьцаагаа санал болгох зөвшөөрөл олгосноор тус компани нь Монголын даатгалын салбараас анхлан IPO хийж буй компани боллоо.

“Мандал Даатгал” нь 2018 оны 2-р улирлын байдлаар нийт 46,000 гаруй хувь хүн болон албан байгууллагын эрсдэлийг даатгаж, хураамжийн орлогоор даатгалын зах зээлийн 21 хувийг дангаар эзэлж салбартаа тэргүүлж буй даатгалын компани юм. “Мандал Даатгал” компани нь нийт хувьцааныхаа 25%-ийг олон нийтэд санал болгож байгаа бөгөөд, нийт 1.5 сая ширхэг хувьцааг тус бүрийг 4,800 төгрөгийн тогтоосон үнээр нийтэд санал болгон худалдаалахаар болсон байна.

Тус компани нь Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан хөрөнгө оруулагчдад хувьцаагаа арилжаалж 7.5 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд үүнийг компанийн эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх, зах зээлд эзлэх байр суурийг өсгөх, үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд зарцуулахаар төлөвлөж байгаа аж.

Уг хувьцааны андеррайтингийн үйлчилгээг “Голомт Капитал ҮЦК” ХХК, аудитын үйлчилгээг “Улаанбаатар Аудит Корпораци” ХХК, хууль зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээг “Өмгөөллийн Батбаяр энд Партнэрс” ХХН, хөрөнгийн үнэлгээний үйлчилгээг “БДО Аудит” компани үзүүлж байна.

“Мандал Даатгал” нь 2011 онд байгуулагдсан даатгалын салбарын отгон компаниудын нэг бөгөөд 7 жилийн дотор ашиг, орлого, өөрийн хөрөнгийн хэмжээгээр Даатгалын салбарын №1 компани болж чаджээ. Мөн Голомт Банкны толгой компани болох Голомт Файнэншил Групп нь тус компанийн 51%-ийг эзэмшдэг.

Та дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх холбоосуудаар хандана уу.


Вэб Сайт:
Мандал Даатгал: https://ipo.mandal.mn/
Голомт Капитал ҮЦК: www.golomtcapital.com


Утас:
Мандал Даатгал: 75752000
Голомт Капитал ҮЦК: 70121530