“Мандал даатгал” ХК-ИЙН хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа эхэллээ


“Мандал Даатгал” ХК нь нийт хувьцааныхаа 25 хувийг олон нийтэд санал болгож 7.4 тэрбум төгрөгийг олон нийтээс татан төвлөрүүлсэн бөгөөд нийтдээ 1,916,207 ширхэг хувьцаа худалдан авах захиалга ирүүлсэн нь олон нийтэд санал болгосон дүнгээс 23 хувиар давсан үзүүлэлт боллоо. Ингэснээр “Мандал Даатгал” ХК нь даатгалын салбарын манлайлагч, №1 компани гэдгээ дахин баталгаажуулж чадлаа.

Анхдагч зах зээлийн арилжаа 2018 оны 9 сарын 4-өөс 9 сарын 18-ыг хүртэл амжилттай явагдаж, нийт 861 иргэн, аж ахуй нэгжээс хувьцаа эзэмшиж, хөрөнгө оруулах захиалга хүлээн авсан юм.

Өнгөрөгч өдрүүдэд хувьцааны анхдагч зах зээлийн хуваарилалт хийгдэж дууссан бөгөөд үнэт цаасны анхдагч зах зээлийн захиалгын хэмжээ, нийлүүлэх үнэт цаасны тоо хэмжээнээс давсан учир суурь хуваарилалт хийх мөнгөн дүнг 1 тэрбум төгрөгөөр тооцон нийт захиалга өгсөн хүний тоонд тэнцүү хуваарилж, үлдэгдэл мөнгөн дүн болох 6,491,619,200 төгрөгийг нийт захиалгын мөнгөн дүнтэй харьцуулан хувь тэнцүүлэн хуваарилсан.

Арилжаа Төлбөр Тооцооны банкнаас мэдээлснээр захиалгаас давсан мөнгөн хөрөнгийн зарлагын гүйлгээг 9 сарын 21-ээс хойш хийж эхэлсэн байна. Өөрөөр хэлбэл биелэгдээгүй захиалгын мөнгөн хөрөнгийн буцаалтаа анх захиалга өгсөн брокерын компаниараа дамжуулан авах юм.

Санхүүгийн зохицуулах хорооноос "Мандал Даатгал” ХК-ийн анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсонд тооцож, үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжааг 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлүүлэх зөвшөөрлийг 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 1/3778 тоот албан бичгээр олгосон билээ.

Бидний ирээдүйн өсөлтийг хуваалцахаар итгэл хүлээлгэн, хөрөнгө оруулсан хувьцаа эзэмшигч нартаа гүнээ талархал илэрхийлье.