МОНГОЛ УЛСЫН ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГЫН ФОРУМ 2018

"Мандал Даатгал" ХК болон Голомт банк хамтран “МОНГОЛ УЛСЫН ЭРСДЭЛИЙН ФОРУМ 2018” арга хэмжээг 2018 оны 11 сарын 14-нд Туушин зочид буудлын Соёмбо танхимд зохион байгууллаа.

Ес дэх жилдээ зохион байгуулагдсан тус чуулган нь Монгол Улсын нийгэм, эдийн засаг, бизнесийн салбарын эрсдэлийг тодорхойлж, түүнийг даван туулах арга замыг хэлэлцдэг өндөр нэр хүндтэй, нөлөө бүхий арга хэмжээнүүдийн нэг юм.

Форумд оролцогчид улсын хэмжээнд тулгамдаж буй эрсдэлийг судлан шинжилж, илрүүлэх, тэдгээрийг удирдах тогтвортой хөгжлийн загварыг бий болгох, тулгарч болзошгүй эрсдэлийг хохирол багатайгаар даван туулах боломжийг эрэлхийлж, харилцан туршлага, мэдээллээ хуваалцдагаараа онцлогтой.

Энэ удаагийн Эрсдэлийн форумаар Эдийн засгийн өсөлтөд бизнесээ бэлдэх нь” болон 2019 оны бизнест учирч болох ТОП 3 эрсдэл” гэсэн сэдвийн хүрээнд хэлэлцүүлгүүд өрнөлөө.

Арга хэмжээний эхний хагаст хувийн хэвшлийнхэн 2019 оны бизнес төлөвлөгөөгөө гаргахдаа анхаарвал зохих макро эдийн засгийн төлөв байдал, манай улсад тулгардаг түгээмэл эрсдэлүүд дээр мэргэжлийн шинжээчдийн хийсэн тооцоо, таамаглал болон эдийн засгийн өсөлтийн үеийг ашиглан бизнесээ өргөжүүлэх боломжуудын талаар ярилцсан байна.

Форумын хоёрдугаар хэсэгт орчин үеийн бизнесүүдийн хамгийн том эрсдэл болох хүний нөөцийн эрсдэл, байгууллагын мэдээллийн аюулгүй байдал ба цахим эрсдэл, үйл ажиллагааны эрсдэлийн талаар өөрийн бизнест тохиолдож буй эрсдэлийн кейс болон туршлагаасаа хуваалцлаа.

Түүнчлэн Мандал даатгал ХК-аас Үндэсний Эрсдэлийн Индексийг 3 дахь жилдээ тооцоолсон үр дүнгээ танилцуулсан байна.

Уг арга хэмжээнд Монгол улсын бизнесийн салбарын томоохон компаниудын шийдвэр гаргах түвшний 350 гаруй албан тушаалтнууд хүрэлцэн ирж оролцсон нь тус форумын ач холбогдол, үр дүн, нэр хүнд, цар хүрээ жил ирэх бүр өсөн нэмэгдэж мөн цаг үеээ олсон чухал сэдвүүдийг хөндөж чаддагийг харуулж байна.