Та сайн жолооч мөн үү?

“Би замын хөдөлгөөний дүрмийг сайн мэддэг”

Замын хөдөлгөөний дүрмийг сайн мэдээд зогсохгүй, бодитоор хэрэгжүүлэхэд анхаардаг. Ингэснээр би өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж, нэг гэлтгүй бусад жолооч нарт сайн жишиг үзүүлж чаддаг.

“Би тээврийн хэрэгслийнхээ онцлогийг сайн мэддэг”

Өөрийн жолоодож буй тээврийн хэрэгслийн хэмжээ, хүчин чадал зэргийг мэддэг тул хурд, маниверлах чадварыг зөв үнэлж чаддаг. Иймд, ямар ч нөхцөл байдалд зөв хариу үйлдэл үзүүлж, асуудал үүссэн тохиолдолд хурдан шийдвэрлэж чадна.

“Би тээврийн хэрэгслийнхээ тоног төхөөрөмж болон тэдгээрийн үүргийг сайн мэднэ”

Хөдөлгөөнд оролцох явцад тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал хамгаас чухал. Авто машиныхаа бүрэн бүтэн байдалд хэнэггүй, тоомжиргүй ханддагаас аливаа осол гарах үүсэх эрсдэлтэй тул би хөдөлгөөнд оролцохоосоо өмнө хяналтын самбар дахь тэмдэглэгээ, гэрэл дохио, толь, тоормос болон хөдөлгүүрийн үйл ажиллагааг сайтар шалгадаг. Энэ нь аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй аргуудын нэг юм.

“Би үзлэг оношилгоонд тогтмол хамрагддаг”

Хэдий олон жилийн туршлагатай жолооч ч гэсэн мэргэжлийн үзлэг оношилгоонд хамрагдаж өөрийн хайртай авто машинд анхаарал хандуулах нь сайн жолоочийн бас нэгэн шинж юм. Эдэлгээний хугацаанаас хамаарч үүссэн, хараад шууд тодорхойлох боломжгүй гэмтэл учирсан байхыг үгүйсгэх боломжгүй тул би заагдсан хугацаанд өөрийн тээврийн хэрэгслийн “эрүүл мэндэд” санаа тавьж цаг гаргадаг.  

“Би зам дээрх нөхцөл байдлыг сайтар тооцоолж, оновчтой хариу үйлдэл үзүүлж чаддаг”

Би өөрийн жолоодлогын ур чадвартаа итгэлтэй ч зам дээр шинэхэн жолооч нар хөдөлгөөнд оролцдог гэдгийг мартдаггүй. Иймд, хөдөлгөөнд оролцох явцад анхаарал болгоомжтой, заагдсан хурдны хэмжээ, тэмдэг тэмдэглэгээг мөрддөг. Би тодорхойгүй нөхцөл байдалд оновчтой хариу үйлдлийг үзүүлж, эрсдэлтэй нөхцөл байдалд бусад жолооч нарт анхааруулга өгөхөө ч бас мартдаггүй.

“Аливаа нөхцөл байдалд бодит үнэлгээ хийж чаддаг”

Сайн жолооч хотын зам гэлтгүй орон нутгийн замд ч гэн алддаггүй. Би өөрт танил бус газар зорчихдоо үүсэж болзошгүй эрсдэлийг (ховил, жалга, ус, шавар, чулуулаг ихтэй зам, огцом өгсөх, уруудах зам) тооцоолж, аюулгүй байдлаа хангаж хөдөлгөөнд оролцдог. Мөн бусад жолооч нарыг хүндэлж үзэгдэх орчин хязгаарлагдмал үед хурдаа сааруулж, гэрлээ шилжүүлдэг. 

“Бүх нөхцөлд тайван байдлаар хандахыг хичээдэг”

Хотын түгжрэл, “соёлгүй” жолооч гээд бухимдал төрүүлэх нөхцөл зам дээр бишгүй тохиолддог. Гэвч энэ нөхцөлд би уур уцаараар шийдэлд хүрч чадахгүй, стресс оновчтой шийдвэр гаргахад саад учруулдаг гэдгийг мэддэг тул хүлээцтэй ханддаг. Мөн гэнэтийн нөхцөл байдлын улмаас хөдөлгөөнд оролцох боломжгүй болсон бусад жолооч нарт тусламж үзүүлэхээс татгалздаггүй.

“Би сайн жолооддог”

Жолоодлогын ур чадварыг илтгэх олон үзүүлэлтийн нэг нь тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал. Засварын газрын тогтмол үйлчлүүлэгч байх нь жолоодлогын улмаас ямар нэгэн эд анги гэмтэж байгаагийн шинж байхыг үгүйсгэхгүй. Хэрэв чулуулаг ихтэй замаар өндөр хурдтай зорчдог бол явах эд ангийг, зогсох зайг тооцоололгүй байнга тоормосолдог бол тоормосны дискийг солих шаардлага бий болдог. Иймд би тээврийн хэрэгслийн эд ангид эвдрэл үүсгэх, ачааллыг нэмэгдүүлэх үйлдэл хийхгүй байхыг хичээдэг.

“Би даатгуулсан!

Би өөрийн мэдлэг, туршлагадаа итгэлтэй ч аюулгүй байдлаа хангах бүх боломжийг ашигладаг. Тээврийн хэрэгслээ даатгуулснаар эзэн холбогдогчгүй зам тээврийн осол, сохор цэгт гэмтэл авахаас, байгалийн аюулт үзэгдэл зэрэг олон нөхцөл байдлаас үүдэх эрсдэлийн хохирлыг бууруулж чаддаг.