МОНГОЛ УЛСЫН ЭРСДЭЛИЙН ФОРУМ 2017 БОЛЛОО

Мандал Даатгал, Голомт Банк нар хамтран жил бүрийн уламжлал болсон “МОНГОЛ УЛСЫН ЭРСДЭЛИЙН ФОРУМ-2017”-г амжилттай зохион байгууллаа.

Энэ жилийн форум нийгэмд болон бизнест тулгарч болзошгүй эрсдэлүүдийн талаар мэдээлэл солилцох, түүнийг хэрхэн зөв үнэлж, эрсдэлээс сэргийлэх болон хохирлыг бууруулах арга хэрэгслүүдийн талаар мэдээлэл өгч, ирээдүйн төлөвлөлтдөө зөв ашиглах талаар туршлага хуваалцах зорилготойгоор зохион байгуулагдлаа.

“МОНГОЛ УЛСЫН ЭРСДЭЛИЙН ФОРУМ-2017” нь дараах ерөнхий сэдвүүдийг хамран хэлэлцээ:

• 2018 оны Макро эдийн засгийн эрсдэл ба бизнесийн төлөвлөгөө
• Эрсдэлд тэсвэртэй бизнесийг цогцлоох нь

Форумын нэгдүгээр хэсэгт валютын ханшийн хэлбэлзлээс үүдэх санхүүгийн эрсдэл, улс төр, мега төслийн үйл явцаас үүдэн гарах эдийн засгийн эрсдэлийн тухай болон ирэх оны мөнгөний бодлогын төслийг хэлэлцүүлсэн. Түүнчлэн хувийн хэвшлийнхэнд 2018 оны бизнес төлөвлөгөө гаргахдаа анхаарах макро эдийн засгийн дүр төрх, үүсч болзошгүй эрсдэлүүдийг мэргэжлийн шинжээчид хэрхэн таамаглаж байгааг хүргэлээ.

Арга хэмжээний хоёрдугаар хэсэгт хурдтай өөрчлөгдөж буй тодорхойгүй ертөнцөд дасан зохицох чадвартай, эрсдэлд тэсвэртэй бизнесийг цогцлоох арга туршлагууд дээр төвлөрлөө.

Форумд Монгол улсын бизнесийн салбарын томоохон компаниудын шийдвэр гаргах төвшний 250 гаруй албан тушаалтнууд хүрэлцэн ирж оролцсон нь тус форумын ач холбогдол, үр дүн, нэр хүнд, цар хүрээ жил ирэх бүр өсөн нэмэгдэж мөн цаг үеэ олсон чухал сэдвүүдийг хөндөж чаддагийг харуулж байна.