Зам тээврийн хөдөлгөөний эрсдэл

2 сар, 3 долоо хоног өмнө

Зам тээврийн осол гэдэг нь зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь бие, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд материалын хохирол учрах явдал юм. Манай улсын хувьд жилээс жилд автомашины тоо ихсэх тусам зам тээврийн ослын тохиолдлын тоо өссөөр байна.  


Зам тээврийн хөдөлгөөний эрсдэлийн индексийг тооцохдоо зам тээврийн ослын тохиолдлын тоо, ослын улмаас гэмтсэн, нас барсан хүний тоо, учирсан хохирлын дүнг харгалзан үздэг. 


Жич: Уг индекс нь 1-9 оноогоор үнэлэгдэх бөгөөд индексийн тоон утга их байх нь эрсдэлийн түвшин өндөр байгааг илэрхийлнэ.

2017 онд зам тээврийн ослын эрсдэлийн индекс өмнөх оноос 1.3 нэгжээр өсч 6.0 нэгж хүрсэн  байна. Үүнд:

  • Зам тээврийн ослын улмаас нас барсан хүний тоо 27%-аар
  • Гэмтэж бэртсэн хүний тоо 3 дахин өссөн нь нөлөөлсөн байна. 

2017 онд зам тээврийн ослын 36,591 тохиолдол гарч ослын улмаас 4,712 гэмтэж, 507 хүн нас барж, нийт 9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан байна.


Ослын тоо, нас барсан хүний тоо


2017 онд зам тээврийн ослоос болж нас барсан хүмүүсийн

  • 30% нь жолооч,
  • 39% нь тээврийн хэрэгслээр зорчигч,
  • 28% нь явган зорчигч
  • 1% нь дугуйгаар зорчигч байжээ.

Монгол улс 2017 онд 100,000 хүн амд ногдох зам тээврийн ослоор нас барсан хүний тоогоор дэлхийн 183 орноос 75-т орсон байна. Уг жагсаалтаар зам тээврийн ослын эрсдэл хамгийн өндөр улсаар Зимбабве улс, харин хамгийн бага зам тээврийн осол гардаг улсаар Швед улс тодорсон байна. Зимбабве улсад жилд дунджаар 7,000 орчим хүн зам тээврийн ослоор нас бардаг бол Швед улсад 250 орчим хүн нас бардаг байна. Харин Монгол улсад сүүлийн 10 жилд нийт 4,000 орчим хүн, жил дунджаар 400 орчим хүн зам тээврийн ослын улмаас нас барсан байна. 

2017 онд бүртгэгдсэн зам тээврийн ослын

  • 97.5% нь жолоочийн буруугаас,
  •  2.4% нь явган зорчигчийн буруутай үйлдлээс,
  • 0.1% нь замын нөхцөлөөс болсон байна.

Жолоочийн буруутай үйлдлээс шалтгаалсан осол нь ихэвчлэн хажуу хоорондын зай тохируулаагүй, уулзвар гарц нэвтрэх журам зөрчсөнөөс үүдэлтэй байна. Мөн архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэснээс үүдэлтэй 793 зам тээврийн осол гарч 96 хүн амь насаа алдаж, 155 хүн гэмтэл бэртэл авчээ. Мөн зам тээврийн ослоор нас барсан хүмүүсийн 78% нь хөдөө орон нутгийн зам дээр болсон ослоор нас барсан байна. Жолооч, зорчигчид суудлын хамгаалах бүс хэрэглэх нь ослын үед гарах гэмтэл, хор уршгаас сэргийлэхэд нэн чухал үүрэгтэй хэрэгсэл байдаг. Гэвч 2017 онд зам тээврийн осолд өртсөн жолооч, зорчигчдын 62% нь хамгаалах бүсээ хэрэглээгүй нь тогтоогдсон байна. Тиймээс жолооч зорчигч аль аль нь замын хөдөлгөөнд маш сонор сэрэмжтэй оролцож, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барихгүй байж, өдрийн цагаар орон нутгийн замаар явахдаа гэрлээ асаан явж, суудлын бүсээ бүсэлж занших нь зам тээврийн ослын эрсдэлийг бууруулахад чухал ач холбогдолтой юм.



Энэхүү нийтлэл нь Мандал Даатгалаас эмхлэн гаргасан "Монгол Улсын Эрсдэлийт Тойм 2018" -д үндэслэсэн болно.


Сүүлд нэмэгдсэн нийтлэлүүд

Өвчлөлийн эрсдэл
Эрсдэлийн боловсрол

Өвчлөлийн эрсдэл

Эрүүл мэнд бол хүн хөдөлмөрийн өндөр бүтээмжтэй байхын хамгийн анхдагч хэрэгцээ бөгөөд ард иргэдийн эрүүл мэнд нь у...

Объектын гал түймрийн эрсдэл
Эрсдэлийн боловсрол

Объектын гал түймрийн эрсдэл

Гамшиг гэдэг бол хэлж сануулж, сэрэмжлүүлж байгаад ирдэг зүйл биш бөгөөд тэр дундаа гал түймэр бол хор хохирол нь с...

Үйлдвэрлэлийн ослын эрсдэл
Эрсдэлийн боловсрол

Үйлдвэрлэлийн ослын эрсдэл

Ажилтан хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн хүчин зүйлийн үйлчлэлд өртөж эрүүл мэндээр хохирох, амь на...

Газар хөдлөлтийн эрсдэл
Эрсдэлийн боловсрол

Газар хөдлөлтийн эрсдэл

“Газар хөдлөлт нь урьдчилан таамаглах боломжгүй байгалийн аюулуудын нэг юм. Газар хөдлөлтийн чичирхийллийн хүчийг м...