Мандал Даатгалын шуурхай дуудлагын үйлчилгээ илүү хурдан боллоо

Даатгалын салбарын тэргүүлэгч ТОП-3 даатгалын компанийн нэг, харилцагчдынхаа дунд “мэргэжлийн”, “амьдралд ойрхон бүтээгдэхүүн, үйлчилгээтэй” гэдгээрээ танигдсан Мандал Даатгал ХХК нь шуурхай дуудлагын үйлчилгээгээ илүү хурдан болгох үүднээс үйлчилгээндээ Yamaha TRICITY скүүтэрийг ашиглаж эхэлсэн байна. Бид энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахаар Мандал Даатгал ХХК-ийн Нөхөн төлбөр, үйлчилгээ хариуцсан менежер М.Алтайбаатартай ярилцлаа.


Яагаад шуурхай дуудлагын үйлчилгээнд скүүтер ашиглах болсон бэ?

Өнөөдөр Улаанбаатар хотод түгжрэл гэдэг бүх нийтийг бухимдуулсан том асуудал байна. Энэ нь манай шуурхай дуудлагын үйлчилгээнд ч мөн багагүй асуудал учруулдаг. Бид ослын газарт түргэн шуурхай очиж, харилцагчаа аль болох бага хүлээлгэх ёстой. Осол аваарт өртөж цочирдсон даатгуулагч, хохирогчдын хувьд замын хөдөлгөөнд саад учруулан байж даатгалын компани ирэхийг хүлээх нь сэтгэл зүйн хувьд дарамттай байдаг. Иймд энэ асуудлыг тодорхой хэмжээнд шийдэхийн тулд бид үйлчилгээндээ А ангиллын скүүтерийг өнгөрсөн жилээс туршилтын байдлаар ашигласан нь үр дүнтэй байсан тул энэ жилээс албан ёсоор нэвтрүүлээд байна. Бид ажилтнуудынхаа аюулгүй байдал, мөн хотын өнгө үзэмжийг бодолцон Yamaha брэндийн 3 дугуйтай, тэнцвэр сайтай скүүтерийг ашиглаж байгаа.

Скүүтер ашигласнаар түгжрэлд хэр хурдан зорчиж байна вэ?

Скүүтер нь аливаа зөвшөөрөл шаардлагагүйгээр нэгдүгээр эгнээгээр саадгүй зорчих, дугаарын хязгаарлалтгүй зорчих боломжийг олгодог. Мөн бусад тээврийн хэрэгслийн ашиглах боломжгүй зай талбайгаар явах боломжтой, маневр болон туулах чадвар сайтай зэрэг давуу талуудыг бий болгож байна. Шуурхай дуудлагын ажилтан түгжрэлийн үеэр машинаар дунджаар 30-40 минут зарцуулж осол болсон газар очдог бол скүүтер ашигласнаар дунджаар 15-20 минут, ихэнх тохиолдол дээр 5-10 минутад даатгуулагчиддаа хүрч очиж чадаж байна.

Скүүтер нь хэр аюулгүй унаа вэ? Ажилчдын аюулгүй байдалд байгууллагын зүгээс хэрхэн анхаардаг вэ?

Байгууллагын хувьд ажилтан нэг бүрийнхээ ажиллах нөхцөлд анхааран хөдөлмөрийн таатай нөхцөлийг бүрдүүлэхийг зорьдог бөгөөд шуурхай дуудлагын ажилтнуудаа тогтмол жолоодлогын сургалтад хамруулахаас гадна, аюулгүй байдлын хувцас хэрэглэлээр ханган, ажилтан нэг бүрийг гэнэтийн осол, амь насны даатгалд хамруулсан байгаа. Үүнээс гадна тээврийн хэрэгслийн үйл ажиллагаанд хяналт тавьж, тогтмол засвар үйлчилгээнд хамруулан техникийн үйл ажиллагааг хэвийн хэмжээнд байлгахыг зорин ажиллаж байна.


Орон нутагт гарсан ослууд дээр яах вэ? Скүүтерийг ашиглах боломжтой юу?

Скүүтерийг бид Улаанбаатар хотын замын нягтаршил өндөртэй, төвийн хэсгүүдэд ашиглаж байна. Орон нутаг, хотын алслагдсан дүүргүүд болон хотын төвөөс хол байрлах зуслангийн замуудад түгжрэл харьцангуй бага байдаг тул автомашинаар даатгуулагчиддаа хүрч ажиллаж байна.