Та хэдий сайн жолооч боловч бусад жолооч нар тантай адилхан ур чадвартай гэдэгт та итгэлтэй байна уу? Замын цагдаагийн газарт зөвхөн нэг өдөрт л дунджаар 100 гаруй зам тээврийн ослын дуудлага бүртгэгддэг. Тээврийн хэрэгслийн тоон өсөлттэй шууд хамаарсан байдлаар зам тээврийн эрсдэл өсөн нэмэгдэж багаа хэдий ч жолооч нарын хариуцлага, соёлжилт, техникийн бүрэн бус байдал нь эрсдэлийг улам нэмэгдүүлж байна.

Бид танд тээврийн хэрэгслийн даатгалын ач холбогдол, даатгалын бүтээгдэхүүн сонгоход анхаарах зүйлсийн талаарх зөвлөмжийг хүргэж байна.


1. ЯАГААД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ДААТГАЛ ХЭРЭГТЭЙ ВЭ?


Тээврийн хэрэгслийн даатгалын талаар ярихын өмнө Албаны журмын жолоочийн хариуцлагын даатгал, Тээврийн хэрэгслийн даатгал хоёрын ялгааг ойлгох хэрэгтэй.

2011 оны 10 дугаар сард батлагдсан “Жолоочийн даатгалын тухай” хуульд тээврийн хэрэгсэл өмчлөгч бүр жолоочийн даатгалд заавал хамрагдах ёстой гэж заасан байдаг бөгөөд та машин жолооддог л бол заавал энэ даатгалыг хийлгэх ёстой. Жолоочийн даатгал нь таны буруугаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд учирсан хохирлыг л нөхөн төлдөг. Хэрвээ та санаандгүй хүний машин шүргэсэн бол даатгал зөвхөн шүргүүлсэн машины хохирлын зардлыг нөхөн төлнө. Харин та машинаа өөрийн зардлаар засуулахаас өөр аргагүй.

Тээврийн хэрэгслийн даатгал нь таны машин бусдын халдлага, хулгайд өртөх, зогсоолд байрлуулах болон, байрлуулсан байх үед эвдрэл гэмтэл учрах гэх мэт таны машинд тохиолдож болзошгүй эрсдэлүүдийн зардлыг нөхөн төлнө.
Ийм учраас жолооч бүр Жолоочийн хариуцлагын даатгал болон Тээврийн хэрэгслийн даатгалыг хамтад нь хийлгэж байж өөрт болон бусдад учруулсан хохирлоо санхүүгийн хүндрэлгүйгээр шийдэх юм.


2. ДААТГАЛЫН ХУРААМЖ, ТҮҮНИЙГ ХЭРХЭН ТООЦООЛОХ ВЭ?


Даатгалын гэрээ нь ямар төрлийн эрсдэлээс хамгаалах болон ямар үнэтэй хөрөнгийг даатгаж байгаагаас хамааран даатгалын хураамж буюу даатгуулагчийн төлөх мөнгөн дүн өөр өөр байдаг.

Манай улсад үйл ажиллагаагаа явуулж байгаа даатгалын компаниуд тээврийн хэрэгслийн даатгалын хураамжийг тооцоолохдоо тухайн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээний тодорхой хувиар даатгадаг.

Жишээ нь:

Зах зээлийн үнэ: 20,000,000₮
Хураамжийн хувь: 1%
Даатгалын хураамж: 200,000₮
Хамгаалалтын хэмжээ: 20,000,000₮

Хамгаалалтын хэмжээ гэдэг нь тухайн тээврийн хэрэгслийн нөхөн төлбөр авах боломжит дээд хэмжээ гэсэн үг юм.
Бодит амьдрал дээр дээд хэмжээгээр нөхөн төлбөр авах тохиолдол нь 1000-д 1 удаа тохиолддог.

Сонголт тээврийн хэрэгслийн иж бүрэн даатгалын хувьд даатгуулагч өөрөө хамгаалалтын хэмжээгээ сонгон даатгуулах боломжтой юм. Өөрөөр хэлбэл өөрийн тээврийн хэрэгсэлд учирч болох эрсдэлийг таамаглан 10, 20, 50 сая гэсэн 3 төрлийн хамгаалалтаас өөрт тохирох хамгаалалтыг сонгож болдгоороо давуу талтай.


3. ДААТГАЛЫН ҮНДСЭН ЭРСДЭЛҮҮД БҮГД БАГТСАН ЭСЭХИЙГ НЯГТЛАХ


Жолооч нар тээврийн хэрэгслийн даатгал хийлгэсэн л бол ямар ч тохиолдолд нөхөн төлбөр олгогдох ёстой гэсэн өрөөсгөл ойлголттой явдаг. Даатгалын компаниудын санал болгодог даатгалууд нь өөр хоорондоо харилцан адилгүй нөхцөлтэй байдгийг санах хэрэгтэй.

Жишээ нь хамгийн бага хураамжтайгаар буюу Үндсэн нөхцөлөөр даатгуулсан үед толины хулгай, жижиг эд ангийн хулгай, зогсоолд байх үеийн бусдын учруулсан хохирол гэх мэт эрсдэлүүд даатгалд хамаарагддаггүй гэдгийг санах хэрэгтэй. Тиймээс даатгал хийлгэж байхдаа даатгалын мэргэжилтнээс эдгээр эрсдэлүүд орох эсэхийг нягталж байгаарай.


4. ЗОГСООЛЫН ЭРСДЭЛИЙГ ОЙЛГОХ НЬ


Зогсоолын эрсдэл гэдгийг тайлбарлахын өмнө зогсоол гэдэг ойлголтыг тайлбарлах нь зүйтэй. Тээврийн хэрэгслийг байршуулах боломжтой тэмдэглэгээ бүхий талбай, замын хэсгийг зогсоол гэж ойлгоно.

Үүнд: Явган хүний зам, авто замын 1 дүгээр эгнээ, байрны дундах авто зам зэрэг нь орохгүй болно.

Зогсоолын эрсдэл гэдэг нь тухайн тээврийн хэрэгсэл нь дээр дурдсанчлан зориулалтын зогсоолд байрших үед мөргүүлэх, шүргүүлэх, юм унах, санаатай эсвэл санамсаргүйгээр тухайн тээврийн хэрэгслийг сэвтүүлэх зэрэг эрсдэлүүдийг ойлгоно. Тиймээс, хэрвээ та зогсоол гэж тооцогдохгүй газар машинаа байрлуулснаас ямар нэг эрсдэл учирвал даатгал нөхөн төлбөр олгохгүй гэдгийг санаарай.


5. ЖОЛОО ШИЛЖҮҮЛСЭН ҮЕИЙН ЭРСДЭЛ

Жолоо шилжүүлсэн үеийн эрсдэл гэдэг нь таны машиныг өөр хүн барьж яваад зам тээврийн осолд орохыг хэлнэ. Үндсэн нөхцөлөөр даатгуулсан үед таны машиныг барих эрх бүхий жолоочийн тоог хязгаарласан байдаг бөгөөд та гэрээ хийхдээ ямар хүмүүс таны машиныг барьж болохыг нэр зааж оруулж өгдөг.

Гэтэл амьдралд юу эс тохиолдох билээ. Та найздаа машинаа зээлүүлсэн үед, эсвэл дуудлагын жолоочоор машинаа бариулж байтал эрсдэл тохиолдвол даатгал танд нөхөн төлбөр олгохгүй. Тиймээс тээврийн хэрэгслийн даатгал сонгохдоо Жолоочийн тоо хязгааргүй нөхцөлтэй даатгалыг сонгох нь танд хэрэгтэй.


6. ХУВЬ ТЭНЦҮҮЛЭХ ГЭЖ ЮУ ВЭ?

Даатгуулагчийн тээврийн хэрэгслээ даатгуулахдаа зах зээлийн үнэлгээнээс бага үнээр даатгуулан, нөхөн төлбөр олгогдох үед хувь тэнцүүлэх гэх ойлголт байдаг.

Жишээ нь:

Зах зээлийн үнэлгээ: 20,000,000₮
Даатгуулагч үнэлэхдээ: 15,000,000₮
Хураамжийн хувь: 1%
Даатгалын хураамж: 150,000₮

Дээрхээс үзвэл даатгуулагч 20 сая төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслээ 15 сая төгрөгөөр үнэлэн 150,000 төгрөгөөр даатгуулсан байна. Даатгалын компани нь зах зээлийн үнэлгээгээр даатгахдаа 200,000 төгрөгийн хураамжийг даатгуулагчаас авах ёстой боловч даатгуулагчийн хүсэлтээр зах зээлийн үнэлгээнээс бага хураамж авсан байна.

Энэ тохиолдолд:
Хэрэв осол аваар гаран нөхөн төлбөрт 2,000,000 төгрөг олгогдох тохиолдолд тухайн нийт нөхөн төлбөрийн 75%-г даатгалын компаниас олгоно гэсэн үг юм.

Өөрөөр хэлбэл даатгуулагчид олгогдох нийт мөнгөн дүнгээс 25%-г олгохгүй гэсэн үг юм.

Сонголт тээврийн хэрэгслийн иж бүрэн даатгалын хувьд даатгуулагч өөрийн хүссэн хэмжээгээр хамгаалалтаа сонгох ч хувь тэнцүүлэхгүй тул даатгуулагчид ашигтай даатгал юм.


7. ХАРИУЦАХ ХЭСЭГТЭЙ ЭСЭХИЙГ НЯГТЛАХ

Даатгалтай л бол нөхөн төлбөр гарахад даатгалын компани хохирлыг 100% барагдуулах ёстой гэсэн ойлголт байдаг. Гэтэл хэрэв таны сонгосон даатгал “өөрийн хүлээх хариуцлага” гэсэн хэсэгтэй бол та хохирол гарахад тухайн гэрээнд заасан хувь хэмжээгээр нөхөн төлбөрийн тодорхой хэсгийг өөрөө хариуцан, хэтэвчнээсээ төлөх шаардлагатай болдог.

Жишээ нь:

Даатгуулагчийн хариуцах хэсэг 20% гэж заасан бол 300,000 төгрөгийн нөхөн төлбөр гарсан үед 60,000 төгрөгийг нь та өөрөө төлөх шаардлагатай байдаг.

Тиймээс даатгал хийлгэхдээ энэ заалтыг нягталж шалгаж байгаарай.

Сонголт тээврийн хэрэгслийн иж бүрэн даатгалын хувьд өөрийн хариуцах хэсэггүй учраас нөхөн төлбөр гарсан үед хохирлыг 100% барагдуулдаг.


8. НӨХӨН ТӨЛБӨР ОЛГОХООС ТАТГАЛЗАХ НӨХЦӨЛҮҮДТЭЙ САЙТАР ТАНИЛЦАХ

Даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзах нөхцөл буюу хасалтуудыг гүйцэд уншиж судалж байхыг анхааруулж байна. Тухайлбал “хурд хэтрүүлсэн”, “хурд тохируулан яваагүй”, “техникийн хувьд бүрэн бус (Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2-р хавсралт) тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцсон”,“хориглосон тэмдэг, заалт зөрчих”, “урсгал сөрөх”, “замын үргэлжилсэн тусгаарлах шугам давах” гэх мэт Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн тодорхой зүйл, заалтуудыг зөрчсөн тохиолдолд даатгалын нөхөн төлбөр олгогдохгүй байх нөхцөлтэй эсэхийг анхаарах хэрэгтэй.


Сүүлд нэмэгдсэн нийтлэлүүд

Яагаад хувийн эрүүл мэндийн даатгал гэж?
Эрүүл мэнд

Яагаад хувийн эрүүл мэндийн даатгал гэж?

Би эрүүл мэндийн даатгалыг сар болгон цалингаас заавал суутгах ёстой мөнгө л гэж боддог байснаас хэрхэн даатгалаа аш...

Аюулгүй ажиллах, амьдрах нөхцөл
Эрсдэлийн боловсрол

Аюулгүй ажиллах, амьдрах нөхцөл

Бидний аз жаргалтай амьдрах, ажиллах боломжийг тасалдуулдаг, үгүй хийдэг нэг зүйл бол “АЮУЛ” юм. Тиймээс ч бидэнд “АЮ...

Даатгалын хөгжил ба иргэдийн хандлага
Эрсдэлийн боловсрол

Даатгалын хөгжил ба иргэдийн хандлага

Нүүдэлчин Монголчуудын оюун ухаан, үзэл бодол, ажил хөдөлмөр, амьдралын хэвшил, ёс заншилд эртнээс эрсдэлийг урьдчила...

ЭМЭГТЭЙ ХҮН, ДААТГАЛ ХОЁР ЮУГААРАА ТӨСТЭЙ ВЭ?
Эрсдэлийн боловсрол

ЭМЭГТЭЙ ХҮН, ДААТГАЛ ХОЁР ЮУГААРАА ТӨСТЭЙ ВЭ?

Асуулт : Эмэгтэй хүн, даатгал хоёр юугаараа төстэй вэ?Хариулт : Тэд их үнэтэй хирнээ ойлгоход хэцүү. Даатгалын тал...

Машинаа хэрхэн зөв угаах вэ?
Жолооч таны мэдлэгт

Машинаа хэрхэн зөв угаах вэ?

Гадаа дулаарахтай зэрэгцэн жолооч нар өөрсдөө машинаа угаах нь ихэсдэг. Гэвч, машинаа хэрхэн угаах талаар мэдлэггүйгэ...