Дугуй жигд бус элэгдэх шалтгаан

2 долоо хоног, 1 өдөр өмнө


Дугуй бол автомашины хамгийн чухал хэсэг бөгөөд аюулгүй ажиллагааны үүднээс тогтмолд шалгаж байх нь чухал.

Автомашины дугуйн элэгдэл нь түүний ашиглалтын нөхцөл, дугуйн хийн даралт, урд дугуйн тавилтын өнцөг, дугуйн буруу угсралт, тоормосны жигд бус ажиллагаа, холхивчийн гэмтэл, мөөр /обуд/-ийн сэнсрэлтээс төдийгүй ачсан ачааны байдал, жолоочийн ур чадвараас ихээхэн хамаарна. Тиймээс дугуй ямар тохиолдолд хэрхэн элэгддэг талаар мэдлэгтэй байх нь жолооч нарт чухал юм.


Хамгийн түгээмэл элэгдлийн хэлбэрүүд

Дугуйгаа шалгаснаар элэгдэл нь зөв явагдаж байгаа эсэхийг нягталж, солих шаардлагатай эсэхийг тодорхойлдог. Хамгийн түгээмэл тохиолддог элэгдлийн хэлбэрүүдийг танилцуулъя.


Дугуй дотор эсвэл гадна талаасаа хэт элэгдэх шалтгаан

Дугуй дотор талаасаа эсвэл гадна талаасаа хэт элэгдэх нь автомашины жолооны тохиргоо, урд дугуйн босоо өнцгийн тохиргоо алдагдсан зэргээс үүдэлтэй байж магадгүй. Үүнийг засахын тулд та автомашин засварын төвд хандаж, мэргэжилтнээр машинаа шалгуулах хэрэгтэй.


Хэрэв дугуй төв хэсгээрээ хурдан элэгдэж байгаа бол

Дугуйн хийг стандарт хэмжээнээс хэтрүүлэн хийлсэн тохиолдолд элэгдэл төв хэсгээрээ хурдан явагдаж хагарах эрсдэлтэй болдог. Тухайн автомашины хийн даралтын стандарт хэмжээг жолоочийн талын хаалганы хаагдах хэсэгт байрласан стикер дээр бичсэн байдаг.




Дугуй хоёр захаараа элэгдэж байгаа бол

Дугуйн хийг стандартад заасан хэмжээнд хүртэл хийлээгүй байх нь дугуй захаараа элэгдэж гол хэсгээрээ газартай барьцахаа болиход хүргэдэг. Тиймээс хийн даралтаа стандартын дагуу тохируулаарай.




Дугуйн хээ энд тэндээ хурдан элэгдэж байгаа бол

Дугуйн дээр жигд бус хөндлөн элэгдлүүд бие болох нь урд дугуйн тохируулга буруу, шкворень, эргэх нударганы цөн ба холхивч элэгдсэн, дугуйн обуд гэмтсэн, сэнсэрсэн, булны холхивчийн тохируулга алдагдсан сул хөдөлгөөн ихтэй болсон байх зэрэг олон шалтгаанаас үүсдэг. Энэ тохиолдолд заавал засварын төвд хандаж, мэргэжилтнээр шалгуулна уу.




Дугуйн хээ жигд бус элэгдэж байгаа бол

Дугуйн хээ жигд бус элэгдэж байгаа бол дугуйн баланс тохиргоо алдагдсан байх магадлалтай. Энэ тохиолдолд дугуйн баланс тохиргоо хийлгэх шаардлагатай байдаг. Дугуйн балансыг тохируулахдаа жингийн хуваарилалтаас хамаарч обуд дээр ачаа зүүж өгдөг. Баланс тохиргооны явцад дугуйг өндөр хурдтай эргүүлж, хаана хэр их жин байрлуулахыг тодорхойлдог байна. Баланс тохиргоо хийлгэснээр жингийн болон хүчний зөв хуваарилалттай болж, дугуйнаас үүдэлтэй чичиргээ арилдаг.




Дугуйн марк, тэмдэглэгээ

Автомашины дугуйн хажуу талд янз бүрийн үсэг, тоон бичиглэл бүхий тэмдэглэгээнүүд тавигдсан байдаг. Эдгээр бичгүүд нь үйлдвэрлэсэн газрын нэр, дугуйн марк, түүний даац, элэгдэлт тэсвэрлэх, халалт даах чадвар, барьцалт болон хийлэх даралтын хэмжээ зэргийг илэрхийлсэн байдгаас гадна уг дугуйн геометр хэмжээсийг заасан байдаг.

Түүнчлэн дугуй болгон дээр үйлдвэрлэсэн огноог тэмдэглэсэн байдаг. Ихэнх дугуйны үйлчилгээний хугацаа 6-10 жил байдаг. Хэрвээ шинэ дугуй авч байгаа бол үйлдвэрлэсэн огноог нь харж байгаарай. Хэр удаан агуулахад хэвтсэн ч юм билээ.




Дугуйн хийн даралт, эргэлт, баланс бүгд зөв тохиргоотой байх нь жигд, зөөлөн жолоодлогын үндэс бөгөөд дугуй жигд элэгдэх нөхцөл болдог. Сайн тохиргоотой дугуй нь жолоодлогыг тав тухтай байлгахаас гадна хамгийн гол нь аюулгүй байдлыг хангадаг гэдгийг санаарай.

Сүүлд нэмэгдсэн нийтлэлүүд

Машинаа хэрхэн зөв угаах вэ?
Жолооч таны мэдлэгт

Машинаа хэрхэн зөв угаах вэ?

Гадаа дулаарахтай зэрэгцэн жолооч нар өөрсдөө машинаа угаах нь ихэсдэг. Гэвч, машинаа хэрхэн угаах талаар мэдлэггүйгэ...

Жолооч та яагаад машинаа даатгуулах хэрэгтэй вэ?
Жолооч таны мэдлэгт

Жолооч та яагаад машинаа даатгуулах хэрэгтэй вэ?

Тээврийн хэрэгслийн өмчлөгч бүр Жолоочийн даатгалын тухай хуулийн дагуу замын хөдөлгөөнд оролцох үед бусдын өмнө хүлэ...

Шатахуун зарцуулалтыг хэмнэх 8 арга
Жолооч таны мэдлэгт

Шатахуун зарцуулалтыг хэмнэх 8 арга

Машины шатахуун зарцуулалтыг бууруулснаар эдийн засгийн хэмнэлт гаргах боломжтойгоос гадна агаарын бохирдлыг ч бага х...

Машинаа цэмбэгэр хэрэглэх зөвлөмж
Жолооч таны мэдлэгт

Машинаа цэмбэгэр хэрэглэх зөвлөмж

Өнөөдөр Улаанбаатар хотын гудамжаар 385 мянга орчим авто машин хөдөлгөөнд оролцож, өдөрт дунджаар 86 авто машин нэмэг...

Бидний тархи даатгал авах шийдвэрийг хэрхэн гаргадаг вэ?
Эрсдэлийн боловсрол

Бидний тархи даатгал авах шийдвэрийг хэрхэн гаргадаг вэ?

Ирээдүйд болж ч магадгүй, болохгүй ч байж магадгүй зүйлд хөрөнгө оруулалт хийх шаардлага байна уу? Мэдээж даатгал х...