“Төрийн байгууллагын даатгалын үйлчилгээний худалдан авалт” сэдэвт семинар амжилттай зохион байгуулагдлаа


“Мандал Женерал Даатгал” ХХК-аас санаачлан Монголын Даатгагчдын Холбоо болон Сангийн яамтай хамтран “Төрийн байгууллагын Даатгалын үйлчилгээний худалдан авалт” сэдэвт семинарийг 2016 оны 01 дүгээр сарын 28-ний өдөр Туушин зочид буудлын Сүлд танхимд зохион байгууллаа.

Монголын Даатгагчдын Холбооны гишүүн байгууллагууд төрийн байгууллагуудын зүгээс худалдан авч буй даатгалын үйлчилгээний сонгон шалгаруулалтад тогтмол оролцсоор ирсэн бөгөөд өнөөгийн нөхцөл байдалд даатгалын үйлчилгээ худалдан авч буй төрийн байгууллагуудын тендерийн сонгон шалгаруулалтын журам, тендерийн баримт бичгийн боловсруулалт, тендерийн үнэлгээний арга нь холбогдох хууль, эрхзүйн хүрээнд хийгдэж байгаа ч захиалагч, гүйцэтгэгч болон хяналт тавьж буй байгууллагуудын зөрүүтэй ойлголтоос шалтгаалан худалдан авах ажиллагаа нь нэгдсэн ойлголтгүй явсаар байна.

Даатгалын компаниуд, даатгалын үйлчилгээ худалдан авч буй төрийн байгууллагууд, худалдан авах ажиллагаанд хяналт тавьж буй төрийн захиргааны төв байгууллага хамтран даатгалын үндсэн зарчмууд, тэдгээрийг худалдан авах ажиллагаанд хэрхэн тусгах, даатгалын үйлчилгээний худалдан авалтыг оновчтой зохион байгуулах талаар хамтран хэлэлцэхээр дээрх семинарыг зохион байгуулсан юм.

Тус семинарт дөрвөн илтгэгч илтгэлээ хэлэлцүүлсэн бөгөөд Сангийн яам, Хууль, худалдан авах ажиллагааны газар, Санхүүгийн Зохицуулах Хороо, ШӨХТГ, Монголын Даатгагчдын Холбоо, Мандал Женерал Даатгал ХХК -ийн төлөөлөл оролцсон.