Таны машин өвөлд бэлэн үү? Машинтай хүн болгоны хувьд өвлийн улирал гэдэг толгойн өвчин болдог. Хүйтний улиралд бид өөрсдөө дулаан хувцас, малгай, гутал, бээлий өмсдөг шиг машиндаа хэвийн ажиллагааг нь хангахын тулд бас бэлтгэл хийх хэрэгтэй. Бид та бүхэнд машинаа өвөлд бэлдэх, жолоодлогын аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар зөвлөгөөг хүргэж байна.


1.ӨВЛИЙН ДУГУЙ


Юуны өмнө, дөрвөн улирлын дугуй бол өвлийн дугуй биш гэдгийг санаарай. Өвлийн улиралд халтиргаатай зам ихэнхдээ осол аваарын шалтгаан болдог тул таны дугуй ийм замд тохирох эсэхийг хамгийн түрүүнд шалгаж үз. Канадын Квебек мужид өвлийн улиралд “заавал өвлийн дугуй ашиглах” журам гарснаар зам тээврийн ослын тоо 20%-иар буурсан байна. Дугуйгаа солиулах хангалттай шалтгаан биш гэж үү?

Түүнчлэн дугуйны хий сул юм уу хэт чанга байх нь халтирахад нөлөөлдөг. Тиймээс зааврын дагуу дугуйныхаа хийн даралтыг тохируулж явбал сайн.

Санамж: Ихэнх хүмүүс машин нь зам дээр гулгаж, шарвахад зөн билгээрээ тоормосолдог нь буруу, түүний оронд хаазаа хасаад машиныхаа рулийг шарвалтын эсрэг эргүүлэн жолоодох нь зөв.


2.АККУМУЛЯТОРОО ШАЛГА


Таны аккумулятор цоо шинэ л биш бол өвлийг угтаж заавал шалгуулах хэрэгтэй. Энэ нь танаас зардал мөнгө, цаг хугацаа нэг их шаардахгүй. Аккумулятороо солих цаг нь болсон гэдгийг хэзээ мэдэх нь дээр вэ? Лхагва гаригийн өдөр 14:30 цагт машин засвар дээр үү? Эсвэл Ням гаригийн шөнө 2:00 цагт -30 ºC хүйтэнд, эзгүй зогсоол дээр үү?
Машины аккумуляторын ашиглалтын хугацаа 3-5 жил хүртэл байдаг. Хэрвээ аккумулятороо солих төлөвлөгөөтэй байгаа бол намар солих нь тохиромжтой. Учир нь өвөл аккумулятор хүйтэн хөдөлгүүр асаахын тулд маш их ачаалал авдаг учраас хэт хүйтрэхээс өмнө солихыг зөвлөдөг.

Хэрэв аккумуляторын ашиглалтын хугацаа дуусаагүй бол хэвийн ажиллаж байгаа эсэхийг нь шалгаж үзээрэй. Холбох утас болон бэхэлгээ хошууг нь суларсан зэвэрсэн эсэхийг шалгаарай. Бэхэлгээн дээр цайвар зүйл ургасан бол аккумуляторын хүчлийн нөлөөгөөр зэвэрч байгаа хэрэг. Үүнийг хоолны сод, ус болон шүдний сойз ашиглан хялбар арилгаж болно. Мөн аккумуляторын шингэний түшвинг шалгаж үзээрэй. Хэрэв шингэний хэмжээ багассан байвал нэрмэл ус нэмж болно. Гэхдээ хэт дүүргэж болохгүй.


3.ХӨРГӨЛТИЙН ШИНГЭНИЙГ ШАЛГАХ


Хөргөлтийн шингэний гол ач холбогдол нь хөдөлгүүрийг хэт халсан үед хөргөх, мөн хөлдөхөөс хамгаалах үүрэгтэй. Хөргөлтийн шингэн нь улаан болон ногоон өнгийн гэж байдаг бөгөөд шингэнийг хооронд нь сольж болохгүй, нэмэх тохиолдолд өнгө дагуу хөргөлтийн шингэнийг нь хийх ёстой. Ер нь болж өгвөл үйлдвэрлэгчээс заасан хөргөлтийн шингэнийг ашиглахыг зөвлөдөг. Зөвхөн хөлдөх хэмийг нь харж дурын шингэн хийвэл хөдөлгүүрийн эд анги зэврэх, өнгөр тогтох, усны насосын сэнс зэврэх зэрэг гэмтэлд хүргэдэг. Таны машинд ямар хөргөлтийн шингэн тохирохыг мэргэжлийн хүнээс асууж тодруулаарай.


4.ШИЛ АРЧИГЧ


Машины шил арчигчийг 18-24 сарын хэрэглээд солих хэрэгтэй байдаг. Шил арчигч муу ажиллах нь үзэгдэх орчныг муу харуулах, осол аваар гаргах нөхцөлийг бүрдүүлэх аюултай. Шил арчигчийн сойз нь резинэн материалаар хийгдсэн байдаг тул хэт хүйтэнд хатуурч, хагарч, цас арилгаж чадахааргүй болдог. Түүнээс гадна шил арчигч шингэнээ хүйтэн нөхцөлд хөлддөггүй шингэнээр солих хэрэгтэй.


5.ХААЛГАНЫ БАРИУЛ, ТҮГЖЭЭ, ШИЛИЙГ ТОСЛОХ


Өвлийн огцом хүйтрэлт эхлэхээс өмнө хаалганы бариул, түгжээ, шилийг силиконтой цацдаг шингэнээр тослох хэрэгтэй. Ингэснээр түлхүүр, хаалганы бариул, шил хүйтнээс болж зуурах, гацах зэрэг эрсдэлийг бууруулдаг.


6.ШАТАХУУНААР ДҮҮРГЭ


Өвлийн улиралд шатахууны саванд чийг хуримтлагдаж, улмаар шатахуунд ус орох нөхцөл үүсдэг. Ус шатахуунаас хүнд учраас савны ёроолд тунаж, цаашлаад шатахуун дамжуулах хоолой руу орвол хөлдөж, хөдөлгүүрт хүрэх шатахууны замыг бөглөх эрсдэлтэй. Үүнээс зайлсхийхийн тулд шатахууны савыг үргэлж тал хүртэл нь шатахуунтай байлгах хэрэгтэй. Ингэснээр чийг хуримтлагдах нөхцөлийг арилгах болно.


7.ТОСОО СОЛИХ


Агаарын хэм унаснаас болж машины тос өтгөрч, царцдаг ба хөдөлгүүрийг хангалттай сайн тосолж чаддаггүй. Тиймээс аль болох зуурамтгай чанар багатай тос сонгох хэрэгтэй. Машины тосон дээрх W-ийн өмнөх тоо зуурамтгай чанарыг заадаг. Тиймээс 5W-30-тай тос 10W-40-тэй тосноос зуурамтгай чанар багатай гэсэн үг юм. Ердийн тос хийсэн бол 5000 км яваад буюу 3 сар тутам тосоо солих нь манайх шиг эрс тэрс уур амьсгалтай оронд хэрэгтэй байдгийг санаарай.


8.РЕМЕНЬ БОЛОН ПАТРУБКУУД


Машины резинэн эд анги буюу ремень болон патрубкуудыг ердийн үед 50,000 км яваад шалгуулахыг зөвлөдөг. Хөдөлгүүрийн ремень болон патрубкууд хүйтэнд илүү хэврэг болдог учраас тасрах, гэмтэх эрсдэлтэй.


ГЭНЭТИЙН ШААРДЛАГАТАЙ ҮЕД ХЭРЭГТЭЙ ЗҮЙЛҮҮДИЙГ МАШИНДАА БАЙНГА АВЧ ЯВЖ ЗАНШИХ ХЭРЭГТЭЙ.


Өвөл дараах зүйлсийг машиндаа авч явах нь гэнэтийн эрсдэл тохиолдоход танд тус болно.

  • Элс, давс зэрэг зууралт үүсгэдэг бодис
  • Жижиг гар хүрз
  • Цас арилгах шүүр
  • Гар чийдэн
  • Шил угаагч шингэн
  • Цас хусагч
  • Машин чирэх татлага
  • Аккумуляторын холбогч
  • Дулаан бээлий, малгай
  • Аюулгүйн гурвалжин
  • Эмийн сан
  • Утас цэнэглэгч
  • Түлхүүр, багаж
  • Нөөц дугуй

Автомашинаа асаагаад хөдлөхийн өмнө усны температурын заалт өстөл 3-5 минут асаалттай нь хүлээгээрэй. Энэ нь хөдөлгүүр болон кропны эдэлгээний хугацааг уртасгадаг. Хэрэв та автомашинаа өвлийн хүйтэнд гадаа олон цагаар орхидог бол 1-2 цаг тутамд 2-3 минут асааж байхыг хичээгээрэй. Мөн машинаа ил зогсоолд хонуулах эсвэл олон цагаар зогсоохоос аль болох зайлсхийж, аргагүй тохиолдолд дулаан хучлага заавал ашиглаж байхыг зөвлөж байна.

Сүүлд нэмэгдсэн нийтлэлүүд

Аюулгүй ажиллах, амьдрах нөхцөл
Эрсдэлийн боловсрол

Аюулгүй ажиллах, амьдрах нөхцөл

Бидний аз жаргалтай амьдрах, ажиллах боломжийг тасалдуулдаг, үгүй хийдэг нэг зүйл бол “АЮУЛ” юм. Тиймээс ч бидэнд “АЮ...

Даатгалын хөгжил ба иргэдийн хандлага
Эрсдэлийн боловсрол

Даатгалын хөгжил ба иргэдийн хандлага

Нүүдэлчин Монголчуудын оюун ухаан, үзэл бодол, ажил хөдөлмөр, амьдралын хэвшил, ёс заншилд эртнээс эрсдэлийг урьдчила...

ЭМЭГТЭЙ ХҮН, ДААТГАЛ ХОЁР ЮУГААРАА ТӨСТЭЙ ВЭ?
Эрсдэлийн боловсрол

ЭМЭГТЭЙ ХҮН, ДААТГАЛ ХОЁР ЮУГААРАА ТӨСТЭЙ ВЭ?

Асуулт : Эмэгтэй хүн, даатгал хоёр юугаараа төстэй вэ?Хариулт : Тэд их үнэтэй хирнээ ойлгоход хэцүү. Даатгалын тал...

Машинаа хэрхэн зөв угаах вэ?
Жолооч таны мэдлэгт

Машинаа хэрхэн зөв угаах вэ?

Гадаа дулаарахтай зэрэгцэн жолооч нар өөрсдөө машинаа угаах нь ихэсдэг. Гэвч, машинаа хэрхэн угаах талаар мэдлэггүйгэ...

Жолооч та яагаад машинаа даатгуулах хэрэгтэй вэ?
Жолооч таны мэдлэгт

Жолооч та яагаад машинаа даатгуулах хэрэгтэй вэ?

Тээврийн хэрэгслийн өмчлөгч бүр Жолоочийн даатгалын тухай хуулийн дагуу замын хөдөлгөөнд оролцох үед бусдын өмнө хүлэ...