Асуулт : Эмэгтэй хүн, даатгал хоёр юугаараа төстэй вэ?

Хариулт : Тэд их үнэтэй хирнээ ойлгоход хэцүү.

Даатгалын талаар ийм нэг хошигнол байдгийг та бүхэн уншлаа. Инээхийн хажуугаар нээрээ л тийм дээ гэж бодогдож байж магад. Энэ хошигнол үнэн үү эсвэл хэтрүүлэг үү? Тэгэхээр энэхүү нийтлэлээр та бүхэнд Монголын даатгалын салбарт үүсээд буй зарим ойлголтын зөрүүг арилгахын тулд бяцхан тайлбар хийхээр шийдлээ. Цаашдаа нийгэмд бодитой зөв ойлголт түгээхийн тулд даатгалын салбарын зөвийг сайшааж бурууг шударгаар шүүмжлэх болно.


1. Даатгал гэж ер нь юу вэ? Хэнд хэрэгтэй вэ?

Ингэж асуувал хүн бүр л бага хураамж төлөөд сүүлд нь даатгалын тохиол үүсвэл хураамжаас хэд дахин их нөхөн төлбөр авдаг механизм, цаасан гэрээ гэж хэлнэ. Шулуухандаа бол хүн бүр үндсэн зарчмыг нь ойлгож байгаа. Гэхдээ яг өөрсдийн нөхцөл байдалд хөрвүүлэх үед тэдэнд нэг бодол төрдөг.

“Миний машин мөргөлдөө ч үү, үгүй ч үү. Тэгэхээр машинаа даатгуулж яах юм? Хураамж нэртэй мөнгийг зүгээр өгч байгаагаас ялгаагүй. Тэгээд ч би сайн жолооч”

“Би ер нь хэзээ өвдөхөө мэдэхгүй байж өвдөнө гэж бодоод мөнгө төлөөд сууж байх нь зөв үү?” Гэх мэтчилэн. Энэ эргэлзээ нь Шенгений орнууд руу зорчих үед заавал даатгалтай байх ёстой гэдэг элчингийн шаардлагатай тулаад дарагддаг. Эсвэл жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд тулаад сарнидаг. Ер нь яагаад Монгол болон Шенгений орнууд иргэдээс даатгал нэхэж залхаана вэ?

Хариулт нь маш энгийн. Төр засгаас иргэдээ залхаая гэж боддоггүй юм. Харин иргэдээ болзошгүй эрсдэлээс хамгаалах малгай өмсгөе гэж боддог юм. Буддын 4 үнэнг бяцхан хувиргаж эш татъя. Эрсдэл тохиолдох нь үнэн, түүний шалтгаан нь үнэн, эрсдэлээс гэтлэх арга зам нь үнэн. Үнэхээр өвчин зовлон, аюул осол хэн нэгнийг тойроод өнгөрдөггүй, бас хэлж байгаад ирдэггүй шүү. Үүнийг батлахад бодит статистик, баримт кэйс дурдвал цаг үрсэн хэрэг болно. Харин даатгал нь энэ болзошгүй аюулаас хамгаалдаг зориулалттай. Гадаадад явж байгаад гэнэтийн аюул учрахад түүнтэй холбоотой гарах зардлыг хэн ч таны өмнөөс сайн дураараа төлөхгүй. Хэчнээн хөгжингүй улсын найрсаг иргэд байсан ч төлөхгүй. Харин даатгал бол төлнө. Хураамж гэж 100 мянган төгрөг төлсний чинь төлөө 1 сая төгрөг төлнө. Албан журмын даатгалд манайхан тийм ч таатай ханддаггүй. Гэхдээ осол аваар гарахад найзаа мөнгө байна уу гэхээс илүүтэй даатгалын компаниуд руу залгаад ярихад асуудал шийдэгдэх магадлал арай өндөр шүү дээ. Гэхдээ мэдээж даатгалын компаниудад сайжруулах ёстой асуудал байгаа гэдэгтэй санал нийлж байгааг дурдъя.


2. Нөхөн төлбөр өгөх нь асуудалтай юу?

Нэгдүгээр хэсгийг уншаад олон хүн ингэж бодсон байх. Учир нь нийгэмд даатгалын компаниуд ашгаа бодоод нөхөн төлбөр өгөхөөс татгалздаг гэсэн ойлголт багагүй тархсан. Тэгвэл статистик үр дүн ямар байгааг харцгаая. Жишээ нь 2017 онд Мандал даатгал нийт 8410 нөхөн төлбөрийн материал хүлээн авч үүнээс 7814 тохиолдолд нөхөн төлбөр олгосон байна. Хувьчилбал 93%-д нь олгож 7%-д нь татгалзжээ. Татгалзсан материалуудаас үзвэл гэрээнд тусгагдаагүй эрсдэл, нотлох баримт дутуу эсвэл буруу бүрдүүлсэн, хууль зөрчсөн үйлдэл хийх явцад гарсан эрсдэл зэрэг шалтгаанууд байна. Мөн 2017 онд салбарын хэмжээнд 30,000 даатгуулагч 15.5 тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийг жолоочийн хариуцлагын даатгалаар төлүүлжээ. Энэ мөнгө хувь хүний халааснаас гарсан бол багагүй асуудал дагуулах байсан биз. Тэгэхээр даатгал нөхөн төлбөр өгдөггүй биш өгдөг байх нь.

Нөгөөтээгүүр, даатгалын компанийн ашиг нь зөвхөн нөхөн төлбөрөөс шалтгаалдаггүй. Өөрөөр хэлбэл 3 сая төгрөгийн нөхөн төлбөр олгохоос татгалзсан нь компанийн ашгийг 3 саяар нэмэгдүүлэхгүй юм. 2017 онд даатгагч нар 144 тэрбум төгрөгийн хураамж төвлөрүүлсэн. Үүнээс 51 тэрбум төгрөг нь давхар даатгагч нартай байгуулсан гэрээний дагуу шууд гадагш шилжжээ. Үүнтэй ижил нөхөн төлбөрийн тодорхой хэсгийг давхар даатгагч нар хамааралтай бол дааж авдаг. Эндээс харахад ашгийн тал дээр даатгалын салбарыг дүгнэхдээ давхар даатгагч гэдэг том тоглогч ямагт байгааг санах хэрэгтэй. Тэгэхээр ашиг олох нь даатгалын нөхөн төлбөр олгох эсэх шийдвэрт нөлөө багатай юм. Нөхөн төлбөрийг гэрээний эрсдэлд олгоогүй бол хариуцлага хүлээнэ. Гэрээнд заагаагүй эрсдэлд олгосон бол бас л хариуцлага хүлээнэ. Энэ л бидний маргааны эх үүсвэр аж. Нэгэнт бидний дагах хууль нь гэрээ учраас анх даатгал хийлгэхдээ, хийлгэснийхээ дараа гэрээний зүйл заалтуудаа сайн уншиж даатгал борлуулж буй ажилтнаар “сайн тайлбарлуулах” хэрэгтэй. Гэрээний зүйл заалтаа сайн мэддэг болчихвол гэрээтэй холбоотой үүсч болох алдааг илрүүлж шүүмжилж болох ба энэ нь салбарын хөгжилд ч нэмэртэй.


3. Даатгал яагаад шүүмжлэл дагуулдаг вэ?

Дээрх хэсгүүдийг уншаад даатгал ийм л хэрэгтэй юм бол, бас нөхөн төлбөрөө өгдөг юм бол яагаад шүүмжлэлд өртдөг вэ гэсэн асуулт гарна. Хариулт нь бас их энгийн.

Нэгт, сэтгэлзүйн үүднээс даатгал хийсвэр зүйл учраас даатгалд хураамж төлөөд тохиолдол гарахгүй бол бодитоор авах үр ашиг байхгүй гэж хүмүүс боддог. Талх авбал хэчнээн үнэтэй байсан ч мөнгөө төлөөд талхаа аваад идэж байгаа учраас энэ нь хүмүүст бодит мэдрэмжийг өгнө. Хоёрт, ингэж байтал даатгалын тохиолдол гараад нөхөн төлбөр авъя гэтэл дээр дурдсан шалтгаануудаар олгохгүй болчхож л дээ. Энд хүлээлтийн онол биеллээ олно. Нөхөн төлбөр авах гэж л даатгуулсан. Тэгсэн чинь төлбөр өгөхгүй гэнэ. Өндөр хүлээлттэй байсан даатгуулагч юу ч авч чадахгүй болмогц сэтгэл ханамж асар ихээр буурна. Гуравт, магадгүй даатгуулагч маань энэ талаар бусдад, нийгэмд түгээнэ. “Даатгал мөнгө төлдөггүй”. Түүнтэй адил олон хүн татгалзсан хариу авсан. Дээрх Мандал даатгалын статистикаас харвал 2017 онд дор хаяж 596 хүн татгалзсан хариу авсан. Эдгээрээс 100 хүн л фэйсбүүк дээрээ сэтгэгдлээ илэрхийлэхэд хаа сайгүй даатгал шулж ашиг хөөж байгаа мэт харагдана. Энэ хооронд нөхөн төлбөр авсан 7800 даатгуулагч дээрх ярианд оролцохгүй. Нөхөн төлбөр авсан учраас магтаж ярих албагүй. Учир нь энэ бол даатгалын салбарын онцлог. Даатгал ажлаа маш сайн хийж 7800 иргэнд нөхөн төлбөр олгосон гэдэг нь төдий тооны хүнд золгүй явдал тохиолдож, осолд орж, байшин шатаж, нислэг саатаж, машин мөргөлдсөн гэсэн үг юм. Мэдээж хэн ч тэдгээр хар барааныг дахиж сөхөхийг хүсэхгүй. Ийм учраас нийгэмд “Уулын чинээ цагааныг туулайн чинээ хар дарах” гэдэг шиг буруу ойлголт түгдэг. Гэхдээ энэ асуудал биш. Даатгалын салбарт ажиллаж буй хүмүүс бүгд зөвхөн даатгуулагч нарынхаа хүнд цаг үед нь эрсдэлээс хамгаалах бамбай нь болохын тулд ажиллаж байгаа билээ.

Энэ хүртэл уншсан бол таныг даатгалын салбарын талаарх зарим ташаа ойлголтоо гээсэн гэж найдаж байна. Тийм учраас та одоо даатгалын салбарт эрүүл шүүмж өгөх боломж нэмэгдэж байна.

Нийтлэлийн туршид даатгалын талаар та бүхний эндүү ташаа ойлгодог зүйлсийг залруулах гэж хичээсэн бол бас даатгалыг өөрийг нь шүүмжилмээр асуудлууд ч байна. Жишээ нь даатгалын нөхөн төлбөр олгох үйл явц сунжирдаг явдал. Үүнийг ил тодоор, бодит баримтад үндэслэн шүүмжлэх нь салбарт ажилладаг хүний хувьд ч хүлээн зөвшөөрөх асуудал билээ. Даатгалын компаниуд шийдвэр гаргах процессоо илүү оновчтой боловсронгуй болгох хэрэгтэй. Тэгж байж даатгуулагчдын цаг зав боломжийг үрэхээс зайлсхийж чадна. Мөн нэмэлт урамшуулал, хөнгөлөлтийн бодлого дутагдаж байгааг мартаж болохгүй. Гэхдээ ердийн даатгалын 15 компани байгаагаас харвал өрсөлдөөн ширүүн байх тул алдаа дутагдлаа хурдтайгаар засан сайжруулах байх гэж бодож байна. Хамгийн гол нь мэдээж даатгуулагч. Даатгуулагчийн зүгээс салбарт бодитой санал зөвлөмж шүүмж хэлбэл төдий чинээ алдаагаа түргэн олж харна, түргэн сайжруулна. Харин сургаар шүүмжлэх, доромжлох, гүтгэх зэргээр тэмцвэл даатгал ч гэлтгүй, эдийн засгийн аль ч салбар өөрсдийгөө өмгөөлж, бурууг залруулсаар хөгжил дэвшлийг харах биш хэрүүл хийсээр таарна. Иймд эрүүл шүүмжээр даатгалыг хөгжүүлцгээе гэж уриалж байна.

Төгсгөлд нь хэлэхэд даатгалын салбар хөгжих нь үнэн юм. Харин хэр урт замыг туулах вэ гэдэг л асуулт хэвээр. Тэгэхээр холуур тойрохгүйн тулд даатгуулагч даатгагч хоорондоо зөвөөр ойлголцож, алдаа дутагдлаа түргэн засах хэрэгтэй. Ингэж чадвал салбар хурдацтай хөгжиж нийгмийг найдвартай хамгаалах болно.


Асуулт : Эмэгтэй хүн, даатгал хоёр юугаараа төстэй вэ?

Хариулт : Тэд их үнэ цэнтэй бөгөөд тэднийг зөвөөр ойлгоход л хангалттай.

Сүүлд нэмэгдсэн нийтлэлүүд

Яагаад хувийн эрүүл мэндийн даатгал гэж?
Эрүүл мэнд

Яагаад хувийн эрүүл мэндийн даатгал гэж?

Би эрүүл мэндийн даатгалыг сар болгон цалингаас заавал суутгах ёстой мөнгө л гэж боддог байснаас хэрхэн даатгалаа аш...

Аюулгүй ажиллах, амьдрах нөхцөл
Эрсдэлийн боловсрол

Аюулгүй ажиллах, амьдрах нөхцөл

Бидний аз жаргалтай амьдрах, ажиллах боломжийг тасалдуулдаг, үгүй хийдэг нэг зүйл бол “АЮУЛ” юм. Тиймээс ч бидэнд “АЮ...

Даатгалын хөгжил ба иргэдийн хандлага
Эрсдэлийн боловсрол

Даатгалын хөгжил ба иргэдийн хандлага

Нүүдэлчин Монголчуудын оюун ухаан, үзэл бодол, ажил хөдөлмөр, амьдралын хэвшил, ёс заншилд эртнээс эрсдэлийг урьдчила...

Машинаа хэрхэн зөв угаах вэ?
Жолооч таны мэдлэгт

Машинаа хэрхэн зөв угаах вэ?

Гадаа дулаарахтай зэрэгцэн жолооч нар өөрсдөө машинаа угаах нь ихэсдэг. Гэвч, машинаа хэрхэн угаах талаар мэдлэггүйгэ...