Коронавирус – Хүний гоц халдварт өвчний талаар таны мэдэх шаардлагатай зүйлс

Коронавирус – Хүний гоц халдварт өвчний талаар бид юу мэдэх вэ?

Хүний гоц халдварт өвчний эрсдэл дэлхий даяар 2013-2015 онд тархсан Эбола вирусээс хойш нам гүм байсан бол шинээр тодорхойлогдсон 2019-nCoV вирусийн тархалт эрчимжсэнээр дэлхий нийтийн анхаарал Хятад улс дээр төвлөрөөд байна. Хятад улсын Хубэй мужийн нийслэл 11 сая хүн амтай Ухань хотын далайн хоолны захаас 2019 оны 12-р сарын 12-оос 29-ны хооронд гарсан гэх уг вирусийн хохирогчийн тоо нэмэгдсээр байна. Вирусийн анхны гарал үүсэл одоогоор тодорхойгүй байгаа хэдий ч эрдэмтэд энэ төрлийн вирус төрөл бүрийн амьтдад байдаг энэ удаагийн тархалт сарьсан багваахай болон могойноос үүсэлтэй байх боломжтой гэсэн судалгаануудыг дэвшүүлсэн байна.

2002-2003 оны хооронд дэгдэж байсан SARS /Severe acute respiratory syndrome/ вирусийг хэрвээ та санаж байгаа бол энэхүү шинэ вирус 2019-nCoV нь SARS болон MERS /Middle East respiratory syndrome/ зэрэг вирусуудтай нэг бүлэгт хамаарагдана. Шинэ төрлийн энэ коронавирус нь амьтнаас хүнд халдаж цаашлаад хүнээс хүнд агаар дуслын замаар халддаг болох нь тогтоогдсон. Уушгины хатгалгаа үүсгэж улмаар өндөр халуурч амьсгалын дутагдалд оруулснаар үхэлд хүргэдэг хор уршигтай. Халдвар авсан хүн шинж тэмдэг илрэлгүйгээр бусдад халдвар тараах боломжтой тул уг вирусийн тархалт ийм өндөр байгаа гэж үзэж байна.

Коронавирус одоогийн нөхцөл байдал тархалтын тоо, улс орнуудын нөхцөл байдал, авч буй арга хэмжээ.

Өнөөдрийн буюу 1 сарын 27-ны өдрийн байдлаар Коронавирусын халдвар авсан хүний тоо 2700 орчим, халдварын улмаас нас барсан хүний тоо 80 байгаагаас 70 хувь нь 50-аас дээш насны хүмүүс байна. Хамгийн залуу тохиолдол нь 36 настай эрэгтэй хүн байсан байна.

БНХАУ вирусийн тархалт тодорхойлогдсоноос хойш нэн даруй 12 сарын 30-ны өдөр дэлхий нийтэд мэдэгдэж яаралтай арга хэмжээ авч эхэлсэн ч уг вирусийн халдвар авсан хүнд эхний шинж тэмдэг илэртэл хэр удаан бусдад халдвар тараах боломжтойг одоо болтол тодорхойлох боломжгүйгээс одоогийн нөхцөл байдалд хүрсэн гэж дүгнэж байна. БНХАУ-н эрх баригчид Ухань тэргүүтэй 18 хотыг карантилж нийт 60 сая хүнийг хөл хориод байна. Хятадын цагаан сартай холбоотойгоор эрчимжсэн байсан дотоод нислэг, аялал жуулчлал тээврийг одоогийн байдлаар түр зогсоож улсын хэмжээнд онц байдал зарлаад байна. Мөн орон даяар зэрлэг ан амьтны махны худалдаанд хориг тавих арга хэмжээ авлаа. Ухань тэргүүтэй каринтилагдсан хотуудад өнгөрсөн өдрүүдэд нэн даруй эмнэлэг цэргийн хүчнийхнийг оруулж яаралтай эмчилгээний хэд хэдэн түр эмнэлгүүдийг барих ажлуудыг эхлүүлээд байна.  

Одоогоор 49 өвчтөнийг бүрэн эмчилсэн тохиолдол гарсан хэдий ч урьдчилсан сэргийлэх вакцин, тархалтыг бууруулах арга хэрэгсэл батлагдаагүй, энэ төрлийн вакциныг гаргаж авахад хамгийн багадаа 3-аас багагүй сар шаардагдана гэж эрдэмтэд мэдээлэлж байна.

Өнөөдрийн байдлаар тархалтын тоог дор үзүүллээ.

Эх сурвалж: The Center for Systems Science and Engineering at Johns Hopkins and CDC. Map: Andrew Witherspoon/Axios

Дэлхийн эрүүл мэндийн /WHO/ байгууллагаас одоогийн байдлаар онц байдал зарлаагүй байгаа хэдий ч улс орнуудад халдвар илэрсэн тохиолдолд авах арга хэмжээнд бэлтгэлтэй байхыг анхаарууллаа.

Коронавирусийн тархалтаас сэргийлэх манай улсын байр суурь

Монгол улсын хувьд халдвар тархах өндөр эрсдэлтэй орнуудын тоонд тооцогдож байна. Өнөөдрийн байдлаар албан ёсоор тохиолдол бүртгэгдээгүй тул олон нийтийн дунд тархалт эхэлсэн гэсэн цуу ярианууд үндэслэлгүй байна. Манай улс Коронавирусийн оношлох төхөөрөмжийг 1 сарын 28-ны өдөр Япон улсаас  хүлээн авахаар болсон. ХӨСҮТ-д вирусийн халдвар гарсан тохиолдолд хэвтэн эмчлүүлэх боломжтой 50 ор бэлтгэж, нэмэлтээр 150 ор нөөцөнд буй гэж ЭМЯ сайд мэдэгдсэн.

БНХАУ-тай нэвтрэх хилд явган болон автомашинаар нэвтрэхэд хязгаарлалт тогтоох талаар энэ сарын 30-ны өдөр хэлэлцэнэ. Галт тэрэг болон нисэх онгоцоор нэвтрэх хил үүнд хамаарахгүй. Халдвар гарсан Ухань хотод 250 гаруй Монгол оюутнууд суралцдаг бөгөөд ихэнх нь өвлийн амралтаараа нутаг буцсан байснаас үлдсэн 31 Монгол оюутныг эх оронд нь авчрах талаар хэлэлцэж байна. Бусад улс орнууд ч мөн өөрсдийн харъяат иргэдээ буцаан татаж авах хүсэлтээ Хятад улсад илэрхийлээд байна. 

Улсын хэмжээнд сургууль, цэцэрлэг, их дээд сургууль, МСҮТ-үүдийн болон сургалтын төвүүдийн үйл ажиллагааг 3 сарын 2-ныг хүртэл зогсоох шийдвэрийг УИХ-с гаргасан. Нэмээд олон нийтийн арга хэмжээ, аялал зугаалга чиглэлийн үйл ажиллагаа зохион байгуулахад хориг тавьж компьютер тоглоомын газрууд, бага насны хүүхдийн тоглоомын газруудын үйл ажиллагааг тус хугацааг хүртэл түр хориглосон байна.

Урьдчилан сэргийлэх арга хэмжээ

Олон нийтийн газраар зорчихдоо амны хаалт зүүх. N95 шүүлтүүртэй болон эмнэлгийн нэг удаагийн хаалт зүүх /нэг удаагийн амны хаалтыг тогтмол солих/ Даавуун гадуур зарагддаг өнгө өнгийн хаалт эрүүл мэндийн шаардлага хангахгүй.

Гараа тогтмол угаах, ариутгах бохир гараар нүүр ам хамрандаа хүрэхгүй байх.

Дархлаагаа сэргээж амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэх.

Халдвар тархсан орнуудруу аль болох зорчихгүй байх.

Ханиаж найтаах бол амаа дарах, дараах шинж тэмдгүүд илэрч өвдсөн бол даруй эмчлэх, эмчид хандах.

  • Хуурай ханиалгах
  • Нус гоожих
  • Толгой өвдөх, халуурах
  • Хоолой хөндүүрлэх
  • Ядрах сульдах
  • Үе мөч, булчингаар өвдөх

Эх сурвалж: WHO, CNN, Telegraph, Ikon