Арвилан хэмнэхүй

Монгол хэлний тайлбар толь бичигт “Арвилан хэмнэх” гэдэг холбоо үгийн утгыг “гамнан хадгалах, эсвэл гамнаж хямгадах” гэж тайлбарласан байдаг. Мөн “Ажиллаж баймаа нь олддог, арвилж баймаа нь баяждаг” буюу “Ажил хөдөлмөр хийж байж эд зүйлстэй болдог, гамтай хэрэглэж байж эд хөрөнгийг нөөцлөн хураадаг” гэсэн хэлцийг уг тайлбар бичигт жишээ болгон татсан байна.

Дээрх тайлбараас харахад “Арвилан хэмнэхүй” гэдэг нь “Эд хөрөнгөтэй болохуй” гэсэн утгыг илэрхийлж байна гэж ойлгож болно.

Дэлхийн олон улс орон баян үндэстэн байгаагийн шалтгаан нь тэдний эртнээс уламжилж ирсэн соёл, зан заншилтай холбоотой байдаг. Харин манай үндэстний хувьд энэ нь сүүлд гарч ирсэн шинэ ойлголт юм. Тиймээс хэрхэн баян үндэстэн болох вэ? буюу хэрхэн арвилан хэмнэх вэ? гэдэг асуултанд хариулахаар та бүхэнд дараах санаа, зөвлөмжийг хүргэж байна.

Юуны түрүүнд арвилан хэмнэхийн хамгийн түгээмэл жишээ бол мөнгөө хадгалах, эсвэл зардлаа хэмнэх юм. Тухайлбал, та өнөөдөр авсан цалингаасаа тодорхой мөнгийг эхэлж хадгаламжиндаа шилжүүлээд, үлдсэн цалингаа амьдралдаа зарцуулж болно. Ийнхүү үлдсэн цалингаа амьдралдаа зарцуулахдаа мөн ухаалаг хандах хэрэгтэй. Жишээ нь, дэлгүүрээс худалдан авч байгаа бараанаас өөрийн хэрэгцээнд нийцсэн бараа бүтээгдэхүүнийг хамгийн боломжийн үнээр худалдан авах сонголтыг хийх, аль эсвэл үүнийг худалдан авах нь зайлшгүй хэрэгцээ мөн үү? гэдгээ тодорхойлж сурах нь зардал хэмнэхэд ихээхэн тустай. Эдгээр арга замаар та хадгаламжтай болсноор, эсвэл зардлаа хэмнэж сурснаар тодорхой хугацааны дараа таны амьдралаасаа авах сэтгэл ханамж мэдэгдэхүйц өснө.

Нөгөөтээгүүр, арвилан хэмнэх гэдэг нь зөвхөн хадгалах, хэмнэх тухай ойлголт биш гэдгийг бид ойлгох хэрэгтэй. Дэлхийн олон улс оронд иргэд хадгалах, хэмнэхийн зэрэгцээ ‘ирээдүйн эрсдэлээ удирдахыг нэг төрлийн арвилан хэмнэх ойлголт юм’ гэж үзээд, өөрсдийн амьдралдаа хэрэгжүүлээд нэлээдгүй хугацааг өнгөрөөжээ. Үүний том жишээ бол өөрийн хөрөнгийг, эсвэл амь нас, эрүүл мэндийг даатгуулах явдал юм.
 

Даатгуулах нь яагаад арвилан хэмнэлт болох вэ?

Та даатгалд хамрагдсанаар бага хэмжээний мөнгөөр ирээдүйн томоохон эрсдэлээ даатгалын байгууллагад шилжүүлж байдаг. Жишээ нь, та 10 сая төгрөгийн үнэлгээ бүхий автомашинтай гэж бодъё. Та уг автомашиныг 350,000 орчим төгрөгөөр даатгуулах боломжтой. Ингэснээр даатгалын үргэлжлэх хугацаанд даатгалын байгууллага нь таны автомашинд учрах 10 сая төгрөг хүртэлх хохирлыг барагдуулах үүргийг танаас шилжүүлж авч байна гэсэн үг юм. Та энэхүү үүргээ шилжүүлснээр ирээдүйн нэг өдөр учрах гэнэтийн их мөнгөн хохирлыг сэтгэл амар даван туулах боломжтой болно. Мөн та гэнэтийн зардал гаргахгүй тул энэ нь хэмнэх гэдэг ойлголттой нийлнэ.

Сүүлийн жилүүдэд даатгалын байгууллага нь даатгуулагчиддаа таатай нөхцөлийг бий болгож, даатгалын хураамжийг сар сараар хуваан төлөх боломжийг ч олгоод байна. Жишээ нь, Мандал Даатгалаар тээврийн хэрэгсэл, эрүүл мэндээ даатгуулж буй харилцагчид төлбөрөө 10 хүртэлх сараар хуваан төлөх боломжтой байдаг. Эдгээр бүтээгдэхүүний талаар та эндээс дэлгэрэнгүй уншаарай.

Уг нийтлэлийг уншсан иргэн та “хадгалдаг, хэмнэдэг, эрсдэлээ удирддаг” ухаалаг амьдралын хэв маягтай иргэн байгаарай.

Дараа дараагийн нийтлэлээр “хадгалах, хэмнэх, эрсдэлээ удирдах” талаар бид илүү дэлгэрэнгүй авч үзэх болно.

Г.Баярцэцэг