ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГЫН ФОРУМ 11 ДЭХ ЖИЛДЭЭ

Улс орны эдийн засаг тэлж, нийгэм хөгжихийн хэрээр хүрээлэн буй орчин өөрчлөгдөж, аж ахуй нэгжүүд тодорхойгүй байдалтай нүүр тулдаг. Үүнийг бид эрсдэл хэмээн нэрлэж мэдэх хэдий ч хэрхэн сэргийлэхээ хангалттай сайн мэддэггүй билээ.

Харин энэхүү асуудлыг шийдэх гарцыг эрэлхийлэх, хамтдаа даван туулахын тулд Мандал Даатгал ХК 2009 оноос хойш “МОНГОЛ УЛСЫН ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГЫН ФОРУМ”-ыг жил бүр санаачлан зохион байгуулж иржээ.

Уг форум нь Монгол Улсын нийгэм, эдийн засаг, бизнесийн салбарт тулгардаг эрсдэлүүдийг судлан шинжилж илрүүлэх, тэдгээрийг удирдах арга замуудыг мэргэжлийн байгууллагуудын оролцоотойгоор хэлэлцэн боловсруулж, эрсдэлээс сэргийлэх, түүнийг бууруулахад тодорхой хувь нэмэр оруулдаг өндөр ач холбогдолтой арга хэмжээ юм.

Уг форумд жил бүр бизнесийн салбарын томоохон компаниудын шийдвэр гаргах түвшний 250-300 гаруй албан тушаалтнууд хүрэлцэн ирж оролцдог нь тус форумын цаг үеэ олсон чухал сэдвүүдийг хөндөж чаддагийн нэг илрэл юм.

Өнгөрсөн 10 жилийн хугацаанд эрсдэлийн талаар нийт 68 орчим илтгэл хэлэлцүүлгүүд хийгдэж, 10 удаа эрсдэлийн тайланг эмхлэн гаргасан байна. Мөн 2016 онд “Монгол Улсын Эрсдэлийн Индекс” тооцох аргачлалыг бий болгосноор эрсдэлийн тухай зөвхөн хэлэлцээд зогсохгүй хэмжиж үнэлдэг болсон нь уг арга хэмжээний бодитой үр дүн билээ.

Энэ удаагийн форум нь өмнөх жилүүдийн форумаас ихээхэн онцлогтой бөгөөд 2020 оны хамгийн том асуудал болох КОВИД-19-ийг тойрсон нийгэм, эдийн засгийн сэдвүүдийг хөндөх болно. Форумын үндсэн панель хэлэлцүүлгийн сэдэв нь:

  • КОВИД ба эдийн засаг
  • КОВИД ба нийгэм

“МОНГОЛ УЛСЫН ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГЫН ФОРУМ” 11 дэх удаагаа 2020 оны 9 сарын 30-ны өдөр, Шангри-Ла зочид буудлын Хүлээн авалтын танхимд зохион байгуулагдах гэж байгаа бөгөөд уг арга хэмжээнд зөвхөн урилгаар оролцох боломжтой юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг 7575-2000 дугаараас авна уу.