Бага насны хүүхдүүд эрсдэлийн сургуультай боллоо

Манай улсын нийт хүн амын гуравны нэгийг 0-19 насны хүүхдүүд эзэлдэг. Эдгээрийн 40 гаруй мянга нь жилд зөвхөн хэн нэгний хэнэггүй байдлаас болж гэнэтийн ослын золиос болж байна. Харамсалтай үзүүлэлт. Олон хүүхэд хариуцлагагүй байдлын төлөөс болгож эрүүл, аюулгүй өсөж торних эрхээ алдсаар л...

Гэнэтийн ослын тоон мэдээллээс бид дан ганц хүүхдийн өртөх эрсдэлээс гадна насанд хүрэгчид ч мөн адил өөрсдийн амь нас, эрүүл мэндэд ямар хайхрамжгүй хандаж байгааг харж болно. Насанд хүрэгчид өөрсдийн эрсдэлд хандах хандлагыг амьдралын ёс, байгалийн жамтай холбож туйлширдгаас олон асуудлын ундарга үүсдэг гэдгийг нуух юунд. Бодит байдал ийм байхад яагаад өсөж торниж буй бяцхан хүүхдүүдэд хангалттай анхаарал тавьж, зохистой эрсдэлийн мэдлэг хүрч чадахгүй байгаад тайлбар илүүц биз ээ.

Эрсдэлийг таньж мэдэх, түүнээс урьдчилан сэргийлэх мэдлэг, удирдах чадвар зэрэг нь бидний дунд ховор ойлголт гэхэд хилсдэхгүй. Үүнийг олон хүчин зүйлээс үүдэлтэй гэж үзэж болох ч бага наснаас эхлүүлэн бидний дагаж мөрддөг боловсролын тогтолцооны онцлогтой холбох нь зүйтэй болов уу.

Бага наснаас эхлэн хүүхдүүдэд аливааг цээжлүүлэх системээр л шахдаг. Угтаа юуны тулд, чухам яагаад зэрэг шалтгааныг огт тайлбарладаггүй. Энэ хандлага ч эцэг эхчүүдийн хүүхэддээ эрсдэлийн талаар заах байдал дээр нь яг таг буудаг. Өөрөөр хэлбэл үр дүнгийн ач холбогдлыг орхигдуулан шаардлага л тавиад байдаг. Хүүхэд ч ийм байх ёстой гэсэн хэмнэлээр өсөж боловсордог.

Эцэг эхчүүд бид ихэвчлэн хүүхдэд аливааг тайлбарлаж заахад дэндүү эрт, нас нь болоогүй гэдэг бодлоор “болохгүй” л гэдэг шаардлага тавиад хэвшчихсэн нь нууц биш. Бараг төвөгшөөдөг ч тохиолдлууд бишгүй байх. Тэгхээс биш “яагаад халуун зүйлээс болгоомжлох, суудлын бүс зүүх нь аюулгүй сонголт, явган хүний замын хөдөлгөөнд дүрмээрээ оролцох нь чухал” зэрэг учир шалтгааныг тайлбарладаггүй. Хүүхэд болохгүй л гэдгийг ойлгосноос биш яагаад гэдгийг мэдэхгүй учраас нөгөө “болохгүй” руугаа тэмүүлээд эхэлдэг. Жишээ нь л суудлын бүсээ зүүх хэрэгтэй гэдгийг мэддэг авч чухам юунаас хамгаалаад байгаа гэдгийг, зүүхгүй байх ямар эрсдэл учруулж болохыг нь сайтар ойлгодоггүй. Тийм ч учраас тодорхой хугацааны дараа ач холбогдол нь буурсаар хэрэгцээгүй хэвшил мэт санагдах талтай.

Хүүхдэд алхам тутамд эрсдэл учрах магадлалтай. Хохирол гарах нь ч тодорхой, бага уу их үү гэдэгт л байгаа. Ингээд асуудлыг хөндөөд эхлэхэд “муу амлах” гэдэг үгээр бас л төвөгшөөгөөд хаачихдаг. Үүнд эцэг эх бидний хандлага бас нэлээдгүй нөлөөг үзүүлж байгаа нь тодорхой. Бодит байдлыг хүлээн авч хүүхдийн эрсдэлийг харах өнцгөө өөрчлөх цаг болсон. Үүнийг дагаад өөрсдийн ч эрсдэлийн талаарх боловсролоо зузаатгах шаардлага бий болж байгаа болов уу. Дан ганц “болохгүй” гэдэг үгээр хүүхдийн боловсролыг боолгүйгээр тэдний нас насанд таарсан мэдээллийг зөв зохистой замаар хүргэж байх нь эцэг эх бидний үүрэг, шамдан суралцах бас нэгэн “хичээл” билээ.

Бидний ирээдүйд хийж чадах хамгийн том хөрөнгө оруулалтын нэг бол хүүхдэд эрсдэлийн талаар системтэй мэдлэг боловсрол олгох явдал. Бага наснаас эхлүүлэн хийж буй ямарваа нэгэн үйлдэл бүр нь өөрийн гэсэн үр дагавартай болохыг, аливаа үйлдэл нь яагаад аюултай гэдгийг, ямар эрсдэлийг дагуулж байгаа зэрэг учир шалтгааныг тайлбарлах нь хамгийн зөв суурь болж өгөх юм.

Иймд, та бүхэн Мандал Эрсдэлийн Сургуулиас сэтгэлээ шингээж бэлтгэсэн хүүхэд багачуудад эрсдэлийн боловсрол олгоход чиглэсэн “Гүүмби Жүүмбигийн эрсдэлтэй танилцсан түүх” контентыг цаг гарган үр хүүхэдтэйгээ хамтдаа тухлан сонирхоорой. Тэдэнтэй ярилцаж, тайлбарлаж, санаа бодлыг нь сонсож, хамтдаа даалгавруудыг хийж цагийг үр бүтээлтэй өнгөрөөх бас нэгэн боломж юм.

Мандал Эрсдэлийн Сургуулийн видео хичээлүүдэд хамрагдах à https://www.mandalschool.mn/