Ирэх жилүүдийг ганц үгээр: ЭРСДЭЛ

Урьдчилан тодорхойлох боломж хэдий чинээ бага байна эрсдэл төдий чинээ их байна гэсэн үг. Монголын эдийн засгийн ирэх 3 жилийг  “ЭРСДЭЛ” гэх ганцхан үгээр илэрхийлчихвэл оновчтой мэт. Ирэх жилүүдэд Монголд учирч болох томоохон эрсдэлүүдийн биелэх магадлал болон эдийн засагт үзүүлэх нөлөөг 2019 оны "Эрсдэлийн Удирдлагын Форум"-аар дараах байдлаар зураглан харуулж байв. 

Ирэх жилүүдийн эрсдэлийн дүр зураг [2019 оны таамаглал]

1-р түвшин. Эдийн засагт хамгийн нөлөөтэй бөгөөд биелэх магадлал өндөр хүлээгдэж буй эрсдэл нь түүхий эдийн үнийн уналт, гадаад өрийн эргэн төлөлт байхаар байна.

2-р түвшин. Эдийн засагт үзүүлэх нөлөө нь дээрх хоёр хүчин зүйлсээс харьцангуй бага боловч биелэх магадлал өндөртэй хүлээгдэж буй эрсдэл нь төсвийн алдагдал, газрын тосны үнийн өсөлт зэрэг байна.

3-р түвшин. Түүнээс гадна төлбөрийн тэнцлийн хямрал, зээлжих зэрэглэл, шууд хөрөнгө оруулалтын бууралт, өрхийн өрийн дарамт, саарал жагсаалт гэх мэтчилэн биелэх магадлал болон эдийн засагт үзүүлэх нөлөө нь харилцан адилгүй хүлээгдэж буй эрсдэлүүд байсаар байна.

Монголын эдийн засгийн топ эрсдэл

Эх үүсвэр: Мандал даатгал, судлаачдын тооцоолол

Өрх, ААН, Засгийн газрын хүлээгдэж буй эрсдэл

Өрх, АНН, Засгийн газрын аль аль түвшинд нь санаж, анхаарч, сэрэмжилбэл зохистой эрсдэлүүд хүлээгдсээр байна. Одооноос тэдгээр эрсдэлд чиглэсэн бодлого, шийдвэр гаргаж эхлэх нь ирээдүйн хүлээгдэж буй эрсдэлийг бууруулах боломжийг олгоно.

Ямар арга хэмжээ авбал зохистой вэ?

Өрх гэрийн түвшинд:

•           Ирэх жилүүдэд хувийн салбарт ажиллагсдын цалин өсөх боломж багасна. Тиймээс ирээдүйн өрхийн орлогоо барьцаалан зээл авахгүй байх.

•           Өрхийн 50 хувь нь буюу 400 орчим мянган өрх зээлтэй. Түүнээс 100 мянган өрх нь давхар зээлтэй байна. 2019, 2020 оныг ашиглан зээлийн дарамтаа багасгах.

•           Дундаж өрх жилийн орлогынхоо 70 хувийг зээлд зарцуулж байна. Улмаар ажилгүй болох, гэнэтийн осол, эрүүл мэнд гэх эрсдэлүүд тохиосон нөхцөлд ямар мөнгөөр эдгээр эрсдэлийг хаах вэ? Тиймээс эрсдэлийг хаах санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг ашиглах хэрэгтэй.

ААН-н түвшинд:

•           Ихэнх ААН-үүд ирэх жилийнхээ бизнес төлөвлөгөөг гаргаад эхэлсэн байна. Бизнес төлөвлөгөөгөө дор хаяж 2-3 жилээр гаргах нь тухайн компанийн урт хугацааны тогтвортой байдалд чухал нөлөө үзүүлдэг.

•           Ирэх жилүүдэд гадаад болон дотоод санхүүжилтийн эх үүсвэрийн өртөг өндөр болно. Дотоод зээлийн хүү өсөх бол гадаад зээл нь өртөг ихтэй, ханшийн нөлөөнд өртөмтгий байна. Тиймээс зээлийн нөхцөл сул, хүү бага үед зээл авах нь зүйтэй. Гэвч сарын зээлийн дарамтыг бага байлгах нь ирээдүйн тогтвортой байдалд чухал.

•           2 жил дарааллан сонгууль үргэлжлэх учраас улс төрийн тогтворгүй байдал өндөр хэвээр байна. Мэдээж энэ нь хувийн секторт сөргөөр нөлөөлнө. Тиймээс улс төрөөс хамаарсан эрсдэл нь тухайн ААН-д хэрхэн нөлөөлж болохыг тооцоолох нь зүйтэй.

Засгийн газрын түвшинд:

•           Төсөв алдагдалтай баталсан нь ирэх онуудад улсын зээлжих зэрэглэлд сөргөөр нөлөөлнө. Улмаар гаднаас авсан зээлийн өртөг нэмэгдэх эрсдэлтэй.

•           2021 оноос төлөгдөх өр төлбөрт одооноос бэлдэж, эргэн төлөлтийн эх үүсвэрийг дотоод зах зээлдээ сөргөөр нөлөө багатайгаар шийдвэрлэх

Өнгөрсөн жил бид дээрх байдлаар 2020 оны эдийн засгийг таамаглаж байж. Харин эдийн засагчид, шинжээчдийн огт таамаглаж чадаагүй зүйл бол яах аргагүй КОВИД-19 цар тахал байсан. 2021 онд эдийн засаг, нийгэмд ямар өөрчлөлтүүд гарах бол? КОВИД-19-с үүдэлтэй эдийн засгийн хямрал бидэнд ямар ирээдүй, ямар боломж бэлдсэн бэ? зэрэг олон асуултуудын хариултыг хамтдаа "Монгол Улсын Эрсдэлийн Удирдлагын Форум 2020" арга хэмжээн дээр хэлэлцье. 


Мандал Даатгал ХК нь 2011 оноос эхлэн Монгол Улсын Эрсдэлийн тоймыг бэлтгэж ирсэн бөгөөд жил бүр улсын хэмжээнд Үндэсний Эрсдэлийн Индексийг танилцуулж “Монгол Улсын Эрсдэлийн Форум” арга хэмжээг зохион байгуулж нийтээрээ тулгамдаж буй эрсдэлээ хэлэлцдэг билээ.