ОБЪЕКТЫН ГАЛ ТҮЙМРИЙН ДАВТАМЖ НЭМЭГДЭЖ БАЙНА

ДЭЛХИЙН ОЙН НӨӨЦИЙН ТАЛ ХУВЬ УСТЖЭЭ.

Мандал Даатгал ХК нь “Монгол Улсын Эрсдэлийн Тойм”-г жил бүр улсын хэмжээнд “Үндэсний эрсдэлийн индекс”-ийн хамт тооцоолон гаргадаг бөгөөд тус тайлангийн хүрээнд цуврал нийтлэлүүдийг та бүхэндээ хүргэж байгаа билээ. Энэ удаа та бүхэнд “Ой хээрийн гал түймрийн эрсдэл”-н талаарх нийтлэлийг хүргэж байна.

200,000 жилийн түүхтэй орчин үеийн хүн төрөлхтөн байгаль, дэлхийгээ сүүлийн 200 жилд хөгжил, дэвшил гэсэн сайхан үгээр халхлан сүйтгэсээр байна. 1850-аад оноос аж үйлдвэрийн хувьсгал эхэлсэн. Харин түүнээс даруй 100 жилийн дараа эрдэмтэд озоны давхарга цоорсон болохыг тогтоосон. Улмаар дэлхийн дулаарал, хүлэмжийн хийн ялгарал эрчимжиж, байгалийн гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдэж буйг эрдэмтэд анхааруулсаар байна. Энгийн нэг жишээ авахад, сүүлийн 30 жилд хүн төрөлхтөн ойн нөөцийнхөө тал хувийг нь устгажээ.

Сүүлийн 2 жилд л гэхэд дэлхийн ойн нөөц бүхий газруудад 4 том түймэр гарав. 2018 онд Калифорнид гарсан түймэр 2 сая акр газрыг хамарсан байна. 2019 оны 1-р сард дэлхийн хүчилтөрөгчийн 25 хувийг бүрдүүлэгч Амазоны ойд хүчтэй түймэр дэгдэв. Энэхүү гамшигт үзэгдэлтэй дуу авалцан ОХУ-н Сибирийн ойд гарсан түймэр нь 6.7 сая акр газар хамарсан байна. Улмаар агаар мандалд 49 мегатонн нүүрстөрөгчийн давхар исэл ялгарсан нь 36 сая автомашинаас ялгарах утаатай тэнцэхүйц хэмжээтэй гэжээ. Харин өнөөдрийг хүртэл үргэлжилж буй Австралийн түймэр нь Сибирьт гарсан түймрээс даруй 2 дахин их газар нутгийг хамраад байна. Австралийн түймрээс үүдэлтэй 24 хүн нас барж, хагас тэрбум амьтан устаж, 1400 байшин шатсан байна.

Зураг 1. Сүүлийн 2 жилд болсон томоохон түймэр

Эх үүсвэр: Russian Federal Forestry Agency via BBC, New York Times

Эх сурвалж: Brad Fleet/The Advertiser, Австралийн түймэрт өртсөн амьтад.

ХАРИН МОНГОЛД ОБЪЕКТЫН ГАЛ ТҮЙМРИЙН ДАВТАМЖ НЭМЭГДЭЖ БАЙНА.            

2009-2015 оныг хүртэл ой хээрийн түймрийн тохиолдлын тоо тасралтгүй өсөж байсан ч 2016 оноос харьцангуй буурч эхэлжээ(Зураг 2, 3). 2018 оны байдлаар ой, хээрийн түймрээс шалтгаалж 0.6 сая га талбай шатаж, 39 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.

Харин объектын түймрийн тохиолдлын тоо өссөөр байгаа бөгөөд нийт гамшигт үзэгдлийн 87 хувийг бий болгож байна(Зураг 4). Хамгийн анхаарал татахуйц үзүүлэлт нь 2009 онд 4 цаг тутамд 1 объектын түймэр гардаг байсан бол энэхүү давтамж нь нэмэгдсээр 2018 онд 2 цаг тутамд 1 илэрч байна(Зураг 5).

Зураг 2. Ой, хээрийн түймрийн эрсдэлийн индекс(Уг индекс нь 1-9 оноогоор үнэлэгдэх бөгөөд индексийн тоон утга их байх нь эрсдэлийн түвшин өндөр байгааг илэрхийлнэ)

Эх сурвалж: Мандал даатгал

Эх сурвалж: Үндэсний Статистикийн Хороо

Эх сурвалж: Үндэсний Статистикийн Хороо

ГАЛ ТҮЙМЭР ЮУНААС ҮҮДЭН ГАРЧ БАЙНА ВЭ?

Гал түймрийн шалтгааны 90 хувь нь хүний буруутай үйл ажиллагаанаас бий болдог байна.

 

ГАЛ ТҮЙМРЭЭС СЭРГИЙЛЭХ НЬ.

ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРЭЭС СЭРГИЙЛЭХ НЬ: Байгальд хог шатаахгүй байх, татсан тамхины ишээ хаяхгүй байх зэрэг нь ой, хээрийн гал түймэр гарахаас урьдчилан сэргийлнэ. Нөгөө талаасаа бид бүтээсэн баялгийнхаа төлөөсөнд юу өгч байна бэ гэдгээ бодох хэрэгтэй. НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрөөс 2014-2015 онд хийсэн судалгаагаар Монгол Улс ДНБ-ний 1 ам.долларыг үйлдвэрлэхдээ байгалийн болон бусад нөөцийн 14 ам.доллартой тэнцэх хэмжээний зардал гаргаж байгааг тогтоосон байна. Улмаар энэхүү зардлаар бий болж буй үйлдвэрлэл нь эргээд дэлхийн дулаарал, хүлэмжийн хийн ялгаралтыг нэмэгдүүлж буй. Тэгэхээр бид ирээдүйгээ сүйтгэн байж, өнөөдрийг бүтээх ёсгүй.

ОБЪЕКТЫН ГАЛ ТҮЙМРЭЭС СЭРГИЙЛЭХ НЬ: Энэ төрлийн гал түймрээс сэргийлэхийн тулд:

  • Яндангийн цонолт, халалтаас хамгаалах
  • Үнс нурмаа ил задгай асгахгүй байх
  • Гэмтэлтэй цахилгаан хэрэгслийг ашиглахгүй байх
  • Гэр орондоо бензин болон бусад шатах, тослох материал хадгалахгүй байх
  • Хийн зуухны аюулгүй хэрэглээг хангах
  • Гэр орондоо утаа мэдрэгч суурилуулж, гал унтраагуур байрлуулах

ЭЦЭСТ НЬ ЭХ ДЭЛХИЙГЭЭ ХАЙРЛАЦГААЯ ХҮМҮҮС ЭЭ !!!

Мандал Даатгал ХК нь 2011 оноос эхлэн Монгол Улсын Эрсдэлийн Тоймыг бэлтгэж ирсэн бөгөөд жил бүр улсын хэмжээнд Үндэсний Эрсдэлийн Индексийг танилцуулдаг билээ. Та эрсдэлийн тоймын бусад нийтлэлүүдтэй танилцана уу.


Монгол Улсын Эрсдэлийн Удирдлагын Форумаас онцлох 5 эрсдэл

Ирэх жилүүдийг ганц үгээр: ЭРСДЭЛ

Монгол хүн өвдөх эрхгүй

ЗЭС-хүү ба түүний нөхдийн ирээдүй

СТАТИСТИК: Монгол Улсад гэмт хэргийн улмаас жилд дунджаар 1374 хүн амиа алдаж байна.

Монгол хүний амь идэшний үхрийн үнэтэй гэж үү?

Жинхэнэ жолооч гэж хэн бэ?