Аавынхаа жинг хэрхэн хасч эрүүл мэндэд нь анхаарах вэ?

Залуучууд буюу Миллениал /1981-1995/ болон Gen Z /1996-2000/ үеийнхний дунд зөв хооллолт, фитнес, спорт зэрэг нь сошиал тренд болсоор дийлэнх нь энэ талаар өөрсдийн гэсэн бодолтой, эрүүл мэнддээ ямар нэгэн байдлаар анхаардаг болжээ. Харин тэдний эцэг эхчүүд болох Baby Boomers /1646-1964 оныхон 54-76 нас/ болон Generation X /1965-1980 оны 40-55 нас/ насныхан тэр дундаа эрэгтэйчүүд өвдөхөөс нааш тэр болгон өөрийн эрүүл мэнддээ анхаардаггүй нь үнэн билээ.

Монгол эрэгтэйчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдээс 10 насаар бага байна /Эх сурвалж 1212.mn Эмэгтэйчүүдийн дундаж наслалт 75.78, эрэгтэйчүүдийн дундаж наслалт 66.11 2018 он/. Уг шалтгааныг нь ухаад үзвэл Монгол улсын хүн амын дунд тэргүүлэх 3 өвчлөлүүд болох /МУ-ын Үндэсний эрсдэлийн индекс тайлан 2019./  амьсгалын тогтолцоо, хоол боловсруулах тогтолцоо, зүрх судасны тогтолцооны өвчнүүд нь таргалалт, буруу хооллолт даамжирснаас үүсгэгддэг байна. Хамгийн сүүлд 2018 онд танилцуулагдсан “Үндэсний Хүн Амын Хоол Тэжээлийн Байдлын Үндэсний V-р судалгаа”-нд насанд хүрсэн эрэгтэйчүүдийн 48.8 хувь нь илүүдэл жинтэй байгааг онцолсон. 2 аав тутмын нэг нь илүүдэл жинтэй гэвэл та эргэн тойрноо хараад санал нийлэх үү.

Эцэг эхдээ анхаарал тавихыг хэн бүр хүсдэг хэдий ч аавдаа адуу манахыг заадаггүй гээд зөрүүдлэх хүмүүс бий. Эрүүл мэндийнхээ төлөө илүүдэл жингээсээ ангижрах шаардлагатайг зөвөөр ойлгуулаагүйгээс гомдоох тохиолдол ч гардаг. Хэчнээн хэлээд ч бас хүлээж авахгүй тостой хоолоо идээд пивоо уугаад явдаг аавууд ч байна. Тэгвэл энэ талаар хоол-зүйн үндэслэлтэйгээр, сэтгэл зүйд нь суурилж аавынхаа жинг өөрт нь мэдэгдэхгүйгээр хасах хэдэн “залийг” доор дурдъя.

1. Хамтдаа дасгал хөдөлгөөн хийх. Эрэгтэй хүмүүсийг дасгал хөдөлгөөн хийхэд сэдэлжүүлэх нэгэн арга нь өрсөлдөх сонирхлыг нь идэвхжүүлэх юм. “Та жаахан дасгал хийгээч” гэж дахин дахин хэлснээс хамтдаа ямар нэгэн спортоор хичээллэхийг урьж, уг спортоо аль болох өрсөлдөөнтэй, сорилттой үргэлжлүүлэх нь тэднийг удаан хугацааны турш хичээллэх үндэс болдогийг судалгаагаар тогтоожээ. Мөн уг судалгаанд айлгаж биш урамшуулах нь хүнийг илүү үр дүнтэй болохыг дурджээ.Заавал спортоор тогтмол хичээллэх сонирхолгүй бол ууланд гарах, хөнгөн гүйх гэх мэт хамтдаа хийж болох идэвхтэй хөдөлгөөнтэй зүйлс санал болгож болох юм. Хэрвээ аавтайгаа хамт амьдардаггүй бол ойр дотнынх нь хэн нэгэнд даатгаж болох юм.

2. Хооллолтыг нь бага багаар өөрчлөх. Хоол цайны дээж гээд тогоотой хоолны хамгийн өөх тостой хэсэг аавуудын аяганд ордог нь үнэн. Хэдэн жилийн өмнө нэгэн нийтлэл дээр “Монголчууд хэт таргалалттай мөртлөө хоол тэжээлийн дутагдалд орсон байна” гэсэн гарчиг харагдаж билээ. Энэ нь бид их иддэг мөртлөө хэрэгтэй юм иддэггүй, хөдөлгөөний хомсдолд орсон ард түмэн гээд шуудхан хэлээд өглөө. Хоолны сонголтыг мах, гурилаас цааш дэлгэрүүлж аль болох амин дэмээр баялаг хүнсний ногоо, шош буурцаг гэх мэт Япон Солонгосчууд идээд 90 наслаад байдаг бүтээгдэхүүнүүдээс бага багаар оруулж нэмэгдүүлэх юм. Сонирхолтой шинэ хоол хийж өгвөл аав тань дургүйцэхгүй л болов уу. Ашигтай шим тэжээллэг хооллолт, шинээр турших хоолны талаар мэдээлэл авахыг хүсвэл та хоолзүйч Азаагийн булан гэх мэт эрүүл хооллолтын талаар зөвлөгөө хүргэдэг сошиал хуудсуудад хандаж болно. 

3. Зурагтны урдаас салгах. Оройн хоолоо идчихээд буйдан дээр зурагт үзэх нь аав бүрийн хийдэг өдөр тутмын зуршил байх. Магадгүй энэ зуршлаасаа болж аавууд бүгдээрээ хоорондоо төстэйгөөр таргалж, бидний мэдэх алдарт ААВ ТАРГАЛАЛТ /Dad Bod/ гэдэг нэршлийг үүсгэсэн байх.

Мэдээж хүн бүр хоолны дараа нозоорч тухалмаар санагддаг хэдий ч илүүдэл жингээс нь салахын тулд энэ зуршилд нь бага зэрэг өөрчлөлт оруулаарай. Хоолны дараа хамтдаа гарч алхах, дэлгүүр орохыг санал болгох, нохойтой бол нохойгоо салхилуулах гээд гарах шалтаг байж л таарна. Хэд хэдэн удаа давтсаны дараа зуршил болж дараагийн удаа аав чинь танд салхинд гарахыг санал болгох вий.

4. Шүүгч нь биш хамтрагч нь байх. Ганц аав дэглэм барьж дасгал хийх биш гэр бүлээрээ эрүүл амьдралын хэв маягт бага багаар уусан цаашдын зуршил болгон авч явах нь чухал. Аавынхаа жинг хасахын тулд хичээл зүтгэл гаргасан нэгэн залуугийн түүхийг дор орууллаа.

“Хүү нь аавдаа жингээ хасахад нь туслахын тулд эхлээд өөрөө 10кг жин нэмжээ. Үүний дараагаар аавдаа хамтдаа фитнесд явахыг урьсанд аав нь баяртайгаар нэгдсэн байна. Хамтдаа цагийг өнгөрөөж эхэлснээр тэд өмнө нь байсан аав хүүгийн хөндий харилцаа биш ах дүү хоёр шиг бие биетэйгээ ярилцаж эхэлснээр хүү нь аавыгаа тийм ч сайн мэддэггүй байснаа ойлгожээ. Тэрээр аав маань заримдаа хүүхэд шиг хайр татам хүн өмнө нь хэзээ ч ийм аз жаргалтай байхыг нь хараагүй гэж дурджээ.”

Хамтдаа хооллож, дасгал хийж, тогтмол хоорондоо ярилцан цагийг өнгөрөөх нь зөвхөн жин хасахаас илүү аз жаргалтай, сэтгэлзүйн хувьд эрүүл гэр бүлийн харилцааг бий болгоно. Аав ээжүүд маань урт удаан хугацаанд эрүүл саруул бидэнтэйгээ хамт байгаасаа гэж хүсдэг бол та дээрх хялбархан алхмуудаас эхэлж болох нь. Нас ахих тусам тэдний эрхтэн тогтолцоонд өөрчлөлт гарах нь байгалийн хууль тул та эцэг эхээ жил бүр шинжилгээнд тогтмол хамруулж аливаа өвчлөлийг хүндрэхээс нь өмнө оношлуулж, эмчлүүлэх нь чухал. Гэнэтийн эмчилгээнд өндөр зардал гарахаас сэргийлж эцэг эхээ хувийн эрүүл мэндийн даатгалд хамруулах нь хүүхдүүд бидний хийж болох энгийн нэг алхмуудын нэг юм.

Жилийн 50 сая төгрөгийн хамгаалалттай эрүүл мэндийн даатгалын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл та ЭНД дараарай.