Даатгал нөхөн төлбөр өгдөг үү?

Саяхан нэг ийм ишлэл цахим орчинд явж байхыг олж харлаа.

  1. Иргэн А : "Машинаа даатгуулах гэсэн юм, аль даатгал нь зүгээр вэ?"
  2. Иргэн Б : “Хамгийн сайн даатгал бол таньдаг хүний ажилладаг даатгал”

Иргэн Б – ийн үгийг ажвал даатгалын компаниас нөхөн төлбөр авч чадаагүй хэдий ч таньдаг хүнийхээ хүчээр асуудлаа шийджээ. Нийгэмд энэ мэтчилэн нөхөн төлбөр өгдөггүй гэсэн гомдлууд цөөнгүй бий. Тэгэхээр даатгал гэдэг ашгаа бодож дураараа нөхөн төлбөр татгалздаг институц юм гэж үү?

Бодит хариулт нь юу вэ? Төлдөг үү төлдөггүй юу?

Нэн түрүүнд бид тоо баримт дээр тулгуурлах нь зөв. Учир нь нөхөн төлбөр авч чадаагүй гомдолтой даатгуулагч болон дүрэм журмынхаа дагуу явж байгаа компани хоёрын хэн хэнийг шууд буруутгаж болохгүй. Иймд статистик тоо баримтууд л бидэнд төвийг сахисан мэдээлэл өгөх болно.

2019 оны 3-р улирлын дараах байдлаар даатгалын салбар 39.7 тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийг даатгуулагчиддаа олгожээ. Үүнийг бүтээгдэхүүнээр задалбал жолоочийн хариуцлагын даатгал, тээврийн хэрэгслийн даатгал нийлээд 25.4 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгосноор тэргүүлж байгааг “График 1”-т харуулав.

Хамгийн их нөхөн төлбөр олгосон 3 бүтээгдэхүүнээр харвал 100 хүн тутмын 95-д олгожээ.

Бүтээгдэхүүн Нөхөн төлбөр нэхэмжилсэн Нөхөн төлбөр олгосон %
Тээврийн хэрэгсэл 15,838 15,059 95%
Жолоочийн хариуцлага 23,492 22,823 97%
Гэнэтийн осол, эмчилгээ 15,446 14,883 96%

Эх сурвалж: Даатгагчдын холбооны нэгдсэн тайлан

Улирал тутам гардаг тайланг хальт харахад л 40 тэрбум төгрөгийг нөхөн төлбөрт олгосон байгаа нь бидэнд ил боллоо. Та ч бас ЭНЭ дээр дараад шалгаж үзэж болно. Тэгэхээр асуултын эхний хариулт тодорхой боллоо. Нөхөн төлбөр өгдөггүй гэж хэлж болохгүй нь ээ. 

Сонирхолтой нь үүний 25 тэрбумыг хамгийн их хэл ам дагуулдаг жолоочийн хариуцлагын даатгал болон тээврийн хэрэгслийн даатгал бүрдүүлжээ. Тэгвэл яагаад өгөх тусам гомдоод байгаа юм бол?

Шалтгаан 1. Гомдол ба зовлон

Татгалзсан 5 материал олгосон 95 материалаас илүү шум үүсгэдэг. Даатгуулагчийн хувьд тодорхой мөнгө төлснийхөө хариуд даатгалын гэрээ буюу “цаас” авдаг. Энэ нь ирээдүйд аюул тохиолдвол гарах зардлыг төлүүлэх зорилготой. Гэвч даатгалын зарчимтай холбоотой зарим хамаарахгүй нөхцөлийн дагуу нэг ч төгрөг өгөхгүй байх тохиолдол гарах нь бий. Хүн дэлгүүрээс талх авч идэх үедээ мөнгөө бодитой зүйлд зарцуулсан мэдрэмж авдаг шүү дээ. Гэтэл даатгал бол эсрэгээсээ буюу хийсвэр. Тэгэхээр энэ бол хэн нэгний буруу биш, цэвэр сэтгэлзүйн тухай асуудал юм. Үүнээс сэргийлэхийн тулд даатгал хийж буй ажилтан гэрээгээ сайн тайлбарлаж даатгалын компаниуд зөв сурталчилгаа, маркетинг явуулах хэрэгтэй. Ингэлээ гээд даатгуулагч гэрээгээ бүрэн уншиж ойлгосон байх үүргээс чөлөөлөгдөхгүйг бас санаарай. Дээрх шалтгааны улмаас нөхөн төлбөр аваагүй 5 хүний даатгалын талаарх сэтгэгдэл нийгэмд хуурай өвсөнд ноцсон түймэр шиг тарж та бидний сайн мэдэх даатгал төлдөггүй, луйварддаг гэх үгс гарах эхлэл болдог ажээ.

Эсрэгээрээ нөхөн төлбөр авсан 95 хүний хувьд даатгалын компанийг төдийлөн магтахгүй. Учир нь энэ бүхний ард 95 зовлон, 95 таагүй явдал тохиолдсон гэсэн үг. “Зам дээр сайхан мөргөлдсөн шүү”, ”Гараа хугалаад мөнгө авсан” гэж хэн ч ярихгүй. Дурсахыг ч хүсэхгүй. Иймд олгосон нөхөн төлбөрийн талаарх мэдээлэл нийгэмд тардаггүй.

Харин даатгагчид өөрсдийн үүргээ гүйцэтгэж байгаа учраас энэ бүхэнд эмзэглэдэггүй, харин тэдний ажлын онцлогийг зөвөөр ойлгохыг л иргэдээс хүсдэг билээ.

Шалтгаан 2. Олгохдоо бас учиртай

Нөхөн төлбөр авсан ч бас сэтгэл дундуур үлдэх даатгуулагчид байх. Үүний нарийн учрыг судалбал “нөхөн төлбөрөө бүрэн өгөөгүй” гэсэн шалтгаан голлодог. Жишээ нь даатгуулагчийн машинд 5 сая төгрөгийн хохирол бодитоор учирсан байхад даатгалаас 4 сая төгрөг өгсөн гэсэн үг. Мэдээж даатгал ашгаа бодоод дураараа ингэж хасахгүй. Бүх зүйл гэрээний дагуу явдаг тул гэрээн дээр дурдагдсан хасалтууд л хийгдсэн гэсэн үг. Голлох хасалтуудаас дурдвал:

Хариуцах хэсэг – учирсан хохирлыг даатгагч хэрхэн хариуцахыг тодорхойлсон ойлголт. Хувиар, тодорхой дүнгээр гээд янз бүр бий. Хариуцах хэсэггүй буюу 100 хувь даатгалаар төлүүлэхийг хүсвэл хураамж нь өсдөг. Энэ нь бүтээгдэхүүний сонголтын асуудал учраас даатгуулж байх үедээ гэрээгээ сайн тайлбарлуулаад уншчихад ойлголтын зөрүү үүсэхгүй.

Хувь тэнцүүлэлт – 10 саяар үнэлж автомашинаа даатгуулж гэж бодъё. Гэтэл 6 сарын дараа машины үнэ өсч 15 сая болсон. Машин галд өртөж бүхлээрээ алга болбол гэрээний дагуу хамгийн ихдээ 10 саяыг л нөхөн төлбөрт авна гэсэн үг. Өөрөөр хэлбэл 66%-иар нь тооцуулна. Бусад бүх жижиг нөхөн төлбөрт яг энэ хувь тэнцүүлэх зарчим ажиллана. Иймд дахиад л гэрээгээ сайн унших нь ээ. Жаахан төвөгтэй байвал манай “Сонголт” багц даатгалыг сонирхоорой. Тогтсон үнэлгээгээр даатгуулж хувь тэнцүүлэлт хийдэггүй онцгой бүтээгдэхүүн байгаа.

Шалтгаан 3. Даатгагчийн үйл ажиллагаа

Бүх асуудал танд байна гэж хэлбэл шударга бус болно. Асуудал даатгалын компаниудад ч бий. Нөхөн төлбөр шийдэх процесс удаан, тохиолдлыг баримтжуулах дэд бүтэц хангалттай хөгжөөгүй зэрэг олон шалтгаанаас болоод зарим даатгуулагч нараа гомдоодог тал бий. Даатгалын салбар маань хөгжлийн замдаа гарч алдаа оноог туулж яваа учраас даатгуулагч санал гомдлоо тухай бүрд нь мэдэгдэж илэрхийлж байвал салбар төдий чинээгээр хурдтай сайжрах ач холбогдолтой. Иймд харилцагчдын гомдол бол бидэнд алдаагаа олж харах боломж билээ. Харин худал мэдээлэлд тулгуурласан гомдол аль ч талдаа үр өгөөжгүй тул тийм үйлдэл хийхээс зайлсхийхийг уриалъя.

Энэ хүртэл уншсан танд баярлалаа. Даатгалын нөхөн төлбөр олголтын тодорхой хэмжээнд тайлбарласан гэдэгт итгэлтэй байна. Дараагийн нийтлэлээр нөхөн төлбөр яагаад татгалздаг талаар мэдээлэл, зөвлөмж оруулах болно. Түр баяртай.

Г.Отгонбаяр