Утаснаасаа харцаа салгаж чаддаггүйн шалтгаан

Сүүлийн 1 цагийн дотор та хэдэн удаа гар утасныхаа дэлгэцийг асааж харсан бэ? Тэгвэл сүүлийн 10 минутанд? Хэрэв та ихэнх хүмүүстэй ижил бол, хариулт нь “хэдэн хэдэн удаа” байх.

Бидний хувьд гар утас өдөр тутмын амьдралын салшгүй нэгэн хэсэг болсон нь нууц биш. Америкийн Psychology Today сэтгүүлээс явуулсан судалгаагаар нийт оролцогчдын 94% нь утас нь гарт нь байхгүй бол сэтгэл зүйн хувьд тавгүй болдог, 80% нь өөр хүн утсаа ашиглаж байхыг харвал атаархал төрдөг, 70% нь утас нь алга болбол сэтгэл санаагаар унах, сандрах, арчаагүй байдалд орох байх гэж хариулсан байна.

Түүгээр ч зогсохгүй, Америкийн үндэсний олон нийтийн радио (NPR)-ийн явуулсан судалгаагаар нийт судалгаанд оролцогчдын 50% нь эвдэрхий утастай байснаас хугархай ястай байсан нь дээр гэж хариулсан аж.

Иймэрхүү статистик тоо баримт таны хувьд гайхаад байхаар зүйл биш байж болох ч (сүүлийн жишээг эс тооцвол), 5 жилийн өмнө бол хүмүүсийг гайхшралд оруулах байсан. Учир нь 2014 оноос хойш Монголчуудын ухаалаг утасны хэрэглээ болон интернетийн хэрэглээ огцом нэмэгдсэн байдаг. Өөрөөр хэлбэл, ердөө 5 жилийн дотор, технологийн энгийн нэг төхөөрөмж тансаг хэрэглээнээс хүмүүсийн нойр, хоол, сексийг орлох зүйл болж хувирсан байна.

Бид хэрхэн А цэгээс Б цэг рүү ирэв? Хариулт нь магадгүй илүү гүнзгий, бидний сэтгэл зүй болон хөгжлөөс үүдэлтэй байх.

Бага багаар

Гар утасны энэхүү хэтэрсэн хэрэглээ нэг шөнийн дотор үүсээгүй. Энэ үйл явц аажмаар явагдсан бөгөөд бидний тархин дахь допамин гэдэг жижиг молекулаас эхлэлтэй.

Юу болсон бэ гэхээр: Та анхны ухаалаг утсаа авсныхаа дараа, танд таатай мэдрэмж төрүүлэхүйц зүйлс хийсэн байх. Жишээ нь: багын найзтайгаа холбогдож, дотнын хүнээсээ сайхан үгтэй мессеж авч, сонирхолтой зүйлсийн талаар мэдэгдэл авсан. Эдгээр бүх үйлдэл нь допамин ялгарахад нөлөөлсөн байна.

Допамин гэж юу вэ? Энэ бол сайхан мэдрэмж төрүүлэгч мэдрэлийн дамжуулагч даавар юм. Бидний тархи тэсэж үлдэх хэрэгцээг хангах үйлдэл болох хоол идэх, үржилд орох гэх мэт үед допамин ялгаруулахаар загварчлагдсан байдаг. Олон тооны судалгаагаар утасны үйл ажиллагаа нь бидний тархи дахь допаминыг идэвхжүүлж, биднийг илүү сэрэмжтэй, идэвхтэй, аз жаргалтай болгодог болохыг тогтоосон байна.

Утас ашиглалтын эхний хэдэн саруудад та заримдаа өөрийн ухаангүй Instragram-ын видеонуудыг гүйлгэж, танихгүй хүмүүсийн зургийг харж, өөрт ямар ч дулаан, сэтгэл хөдөлгөсөн мэдрэмж төрүүлдэггүй зүйлсийг харж цагаа өнгөрүүлсэн л байх.

Гэвч таныг допамин ялгаруулах үйлдэл хийх бүрт тархи түүнийг таньж удалгүй “гар утас”-ыг “допамин”-тай холбож хүлээж авдаг болж эхэлнэ. Тархи угаасаа допамин ялгаруулах амархан арга эрэлхийлж байдаг учраас удалгүй гар утсанд хорхойсож эхэлдэг байна.

Ингээд гэнэт, зуршил бий болно

Тодорхой урамшуулал өгдөг зан үйлийг олон дахин давтахын хэрээр, энэхүү үйлдэл нь мэдрэлийн системд сууж эхэлдэг. Удахгүй таны тархи тухайн урамшууллаа байнга эрэлхийлж эхэлдэг байна.

Допамины тухайд: уг даавар нь таны тархинд маш хурдан бодисын солилцоонд ордог бөгөөд аль болох хурдан, илүү ихийг ялгаруулахыг шаардаж эхэлдэг. Иймд, допамин шимэгдэж дуусах үед тархи тухайн мэдрэмжээ эргүүлэн авчрахын тулд юуг ч хийхэд бэлэн болдог байна.

Допамин ялгаруулах хялбар, хүртээмжтэй арга зам нь юу вэ? Гар утсаа оролдох. Өөрөө хэлбэл нь таны тархи биенд чинь юу хийхийг нь зааж байгаа хэрэг юм.

Асуудал нь мессеж, Facebook-ийн пост, Instagram-ыг зураг бүр таны  тархины хайж байгаа тэр мэдрэмжийг төрүүлдэггүй. Иймээс, бид допамины урамшууллаа авахын тулд шаргуу хөдөлмөрлөсөөр байдаг. Заримдаа энэхүү урамшууллын системд бид өөрсдөө хувь нэмэр оруулж эхэлдэг. Зүгээр сайхан мэдрэмж авахын тулд сошиал медиа дээр пост оруулж байсан уу? Эсвэл холбоотой мэдрэмж авахын тулд найзууд руугаа мессеж илгээж байсан уу? Битгий санаа зов – чи ганцаараа биш. Энэ бол ердөө бидний мэдрэлийн систем хэрхэн ажилладаг болохын тод жишээ.

Гар утсанд юу байдаг вэ?

Гэхдээ яагаад зөвхөн гар утас гэж? Өөр төхөөрөмжүүд яасан бэ? Яагаад гар утас бидэнд ийм их допамин өгч байна вэ? Таблетууд яг л утас шиг хөнгөн, авсаархан, олон үйлдэлтэй. Гар утаснаас ялгаатай нь бид таблетыг видео үзэх, ном унших зэрэг илүү хувийн, пассив зүйлсийг хийхэд ашигладаг бөгөөд Psychology Today сэтгүүлийн судалгаагаар эдгээр үйл ажиллагаа нь мэдрэлийн тэс өөр хариу үйлдлийг өдөөдөг болохыг онцолсон байна.

Харин гар утсыг бид арай өөр зориулалтаар ашигладаг. Гар утас нь биднийг сошиал ертөнцтэй холбох гүүр болдог. Бид гар утсаараа мессеж бичиж, сошиал медиа ухаж, найзуудтайгаа холбогддог билээ.

Гэхдээ энэ нь допаминтай ямар хамааралтай билээ? Бидний гар утсан дээрээ авдаг бүх мэдэгдлүүд (notification) тархин дахь допаминыг идэвхжүүлдэг болох нь тогтоогдсон байна. Түүгээр ч барахгүй, ухаалаг утасны хамгийн ихээр донтуулдаг функцууд нь нэг нийтлэг шинжтэй байдаг - хүний бусад хүмүүстэй холбогдох ​​хүсэл эрмэлзэлд суурилсан байдаг аж (Frontiers in Psychology сэтгүүл, доктор Veissière, профессор Stendel).

Хүн бол нийгмийн амьтан

Допаминыг ялгаруулж байгаатай адил бидний нийгмийн хэрэгцээ бидний тархинд бат суусан байдаг. Хүмүүс хүчтэй харилцааг эрэлхийлж, бий болсон харилцаагаа хадгалахыг хүсдэг. Энэ нь яг л бие махбод өлсөх, цангахтай адил, сэтгэл зүйн ханамжийг хангах суурь хэрэгцээ болдог байна.

Яагаад? Энэ нь хүн төрөлхтний хувьслаас үүдэлтэй. Хүмүүс хувьсан өөрчлөгдөхийн хэрээр хүрээлэн буй орчны хүнд нөхцөлд амьд үлдэхийн тулд бие биенээсээ хамааралтай байдал нь нэмэгдсээр ирсэн. Хэдий чинээ бусадтайгаа бат бөх харилцаа холбоо тогтоож чадна, тэр хэмжээгээр амьд үлдэх магадлал нэмэгдэж байв. Хүн хөгжихийн хэрээр, соёлын хувьд зохистой зан авирыг тодорхойлохын тулд бусад хүмүүсийн оролцоо байнга шаардагдаж байв. Ийм ч учраас сошиал медиа ингэж их цар хүрээг хамарсан нь гайхаад байхаар зүйл биш юм. Гар утас нь хэдэн зуун мянган жилийн тэртээ үүссэн хүний харилцааг хүсэмжилсэн бидний дотоод хэрэгцээг хангах платформ болдог.

Бид яагаад гар утсаа оролдохгүй байж чаддаггүй вэ гэж үү? Хариулт гар утас нь бидний үндсэн хэрэгцээ болох ‘хүнийг харилцааг’ энгийн, хурдан байдлаар хүргэж чаддагт оршино.

Бидний тархи танин мэдэхүйн эрчим хүчээ хэмнэхийн тулд хийж буй бүх зүйлээ товчлох арга эрэлхийлж байдаг. Иймээс ч гар утас бидний анхаарлыг илүү татдаг, харин технологийн компаниуд үүнийг нь ашигладаг. Технологийн томоохон компаниуд допамин ялгаруулалтыг дэмжсэн донтох нөлөөтэй бүтээгдэхүүн хөгжүүлэхийн тулд сэтгэл судлаач, нейро (мэдрэлийн) эрдэмтэн, нийгмийн ухааны мэргэжилтнүүдийг хөлсөлж ажлуулдаг байна. Түүгээр ч барахгүй Допамин Лаб нэртэй стартап компани байдаг бөгөөд нейро шинжээчдийн тусламжтайгаар технологийн компаниудын бүтээгдэхүүнийг илүү “наалдамхай” болгоход нь тусалдаг аж.

Энэ бүгд бага зэрэг аймшигтай санагдаж магадгүй юм. Гэхдээ, хийж буй үйлдлийнхээ цаад сэтгэл зүйн учир шалтгааныг ойлгох нь муу зуршлыг таслан зогсоох эхний алхам болдог.

Ухаалаг утас нь бидэнд найз нөхөд, гэр бүлээсээ хэчнээн холдсон ч холбоотой байх боломжийг олгож, нийгмийг илүү өргөн хүрээлэлтэй болоход тусалдаг. Хэдий тийм боловч, хамгийн чухал нүүр тулсан харилцаанд саад учруулж байгааг мөн дурдах хэрэгтэй. James Roberts болон Meredith David нарын хийсэн судалгаагаар гар утаснаасаа болж үл тоомсорлох зан авир гаргах нь гэр бүлийн сэтгэл ханамжийг бууруулж, утасны хэрэглээтэй холбоотой үл ойлголцол, маргааныг үүсгэдэг болохыг онцолжээ.

Түүгээр ч барахгүй, өөр нэг судалгааны үр дүнгээс харахад чухал ярианы үед утсаа ил байлгах нь хүртэл бусадтай бүрэн холбогдоход тань саад болдог нь тогтоогдсон байна. Гэтэл ийм нүүр тулсан ярианууд л биднийг бие биедээ илүү ойртоход тусалдаг билээ.

Эдгээр судалгааны нэгт “оролцогчдын аль нэг нь гар утсаа ширээн дээр байрлуулсан эсвэл гартаа барьсан тохиолдолд, нөгөө тал тухайн ярианы чанарыг хангалтгүй гэж үнэлсэн” болохыг профессор Misra онцолсон байна. Түүнчлэн, ярианы дундуур утсаа гаргаж барьсан оролцогчдын хувьд нөгөө хүнийхээ зовлонг ойлгох байдал нь буурчээ.

Итгэл найдвар байна уу?

Утасны хэрэглээ нь архаг донтолттой ижил мэдрэлийн хариу урвал үүсгэдэггүй гэдгийг юуны өмнө сануулъя. Утасны хэрэглээг хязгаарласантай холбоотой хүнд ямар нэг сөрөг шинж тэмдэг илэрдэггүй бөгөөд зуршил гэдэг утгаараа оюун санаагаа ‘reset’ хийгээд арилгах боломжтой.

Өөрөөр хэлбэл, бид утсаараа найзуудтайгаа холбоотой байж болох ч, нэгэн зэрэг утастайгаа илүү эрүүл харилцаатай байх боломжтой. Харин хэрхэн утасны зохистой, эрүүл хэрэглээтэй болох талаар мэдээллийг дараагийн нийтлэлд өгье.

Түүнээс өмнө гар утасны хэрэглээг хянадаг апп татаж аваад (жишээ нь Moment шиг) өдөрт хэдэн удаас утсаа барьж авч, харж байгаагаа хянаарай. Үр дүн нь таныг гайхшруулах болно. Гарсан тоог та өдөрт ядаж 10-20-оор бууруулахын төлөө ажиллаж эхлэх юм бол үр дүн нь таныг бас л гайхшруулах болно.

Гар утас гэснээс Мандал даатгалын үйлчилгээг гар утсаараа авах боломжтой гэдгийг мэдэх үү. Манай апп таныг сошиал апп-ууд шиг донтуулахгүй, яг хэрэгцээ гарсан үед тань дотнын туслах байх болно.

Мандал АПП татах: IOS, Android

Эх сурвалж: lemonade.com, psychologytoday.com