Б.Жавхлан: Мандал хувьцаа эзэмшигчдийн хөрөнгийн ашиглалтыг хамгийн амжилттай хэрэгжүүлж байгаа компанийн нэг

Бид харилцагчийн үйлчилгээ, бүтээгдэхүүнээрээ тэргүүлээд зогсохгүй, хөрөнгө оруулагчийн үнэ цэнийг хамгийн өндөр байлгахыг зорьдог.


Мандал даатгалын хувьд 2019 он хэр амжилттай жил болж өнгөрсөн бэ?
Аливаа байгууллагын амжилтыг тоон болон чанарын гэсэн хоёр төрлийн үзүүлэлтээр хэмждэг. Тоон үзүүлэлтээрээ компанийн орлогоо 1 тэрбум төгрөгөөр өсч, ашиг 5,9 тэрбумд хүрч, хөрөнгө 21 хувийн өсөлттэй гарлаа. Нөгөөтээгүүр, 2019 онд бид компанийн суурь чадамжуудыг дээшлүүлэх тал дээр төвлөрч ажилласны үр дүнд харилцагчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх, зардал хэмнэх, бүтээмжийг сайжруулах чиглэлд томоохон ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Мэдээж зарим тоон үзүүлэлтүүдийн хувьд салбарын үзүүлэлтүүдээс харьцангуй бага байгаа нь үнэн. Гэхдээ чанартай, зөв бизнес эрхэлж байгаа нөхцөлд тэдгээрийг гүйцэх нь цаг хугацааны асуудал гэж бодож байна. 

2019 онд хийсэн эдгээр ажлуудын цаад мотиваци нь юу байсан бэ?
Бизнесийн үйл ажиллагааны үр дүнг зөвхөн ашиг орлогоор бус, харилцагчид очиж байгаа сэтгэл ханамж, тухайн бүтээгдэхүүн үйлчилгээний нийгэмдээ үзүүлж буй үр нөлөөгөөр хэмждэг. Даатгалын компанийн хувьд хүмүүсийн эрсдэлийг өөр дээрээ шилжүүлж авч байгаа гэдэг утгаараа, үйлчилгээгээ амьдралд ойр, хэрэгцээтэй, харилцагчийг яг тэвдсэн үед нь тусалдаг болгохыг зорьж, илүү харилцагч суурьтайгаар үйл ажиллагааны процесс болон үйлдлүүдийг харсан. Ингэснээрээ үйлчилгээгээ илүү түргэн шуурхай, ил тод болгох бололцоотой болсон юм болов уу.

Даатгалын компанийн талаар ярихдаа бид ихэвчлэн цэвэр санхүүгийн өнцгөөр хараад байдаг. Яг бизнесийнхээ хувьд Мандал нийгэмдээ ямар нөлөөллийг бий болгож байна вэ?
Бидний өнөөдрийг хүртэл бий болгосон баялаг бол нэг талаараа бидний амжилтын илэрхийлэл болж байдаг. Тиймээс, тэр зүйлсийг хайрлаж хамгаалж байж ирээдүйн сайн сайхан гэдэг зүйл рүү тэмүүлэх боломжтой болно. Даатгалын салбар хөгжиж, нийгмийн эрсдэлүүдийг өөртөө шилжүүлж авснаараа энэхүү бололцоог нь хангах суурь системийг бий болгож байгаа юм. Энэ нь даатгалын компанийн нийгэмдээ оруулж буй хамгийн том хувь нэмэр юм болов уу гэж боддог. Нөгөөтээгүүр, иргэд даатгалыг баян, мөнгөтэй хүмүүс л авдаг зүйл гэж хардаг нь маш өрөөсгөл ойлголт. Нийгмийн дундаж болон дундаас доош давхаргыг болзошгүй эрсдэлээс хамгаалж, цуглуулж хуримтлуулсан бүхнээ эрсдэлээс болж үрэн таран хийхээс сэргийлэх, туслах механизмыг хүн төрөлхтөн бодож олсон нь даатгал. Тэгэхээр, аль болох олон хүнийг даатгалд хамруулах нь даатгалын салбарын нэгдсэн үүрэг хариуцлага байх ёстой. Ер нь эрсдэл учрахад баячууд нь бол яаж ийж байгаад даваад гарчихдаг, харин дундаж давхаргынхан хамгаалалтгүй үлддэг. Тиймээс улс орон үүнийг бодлогоор дэмжиж ажиллах хэрэгтэй. 

Даатгалын салбарын нэвчилт бага байгаа нь иргэдийн даатгалд хандах хандлагатай тодорхой хэмжээгээр холбоотой байх. Энэ талаар. 
Анх Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалыг гарч ирж байхад хүн болгон л эсрэг байр суурьтай байсан. Гэтэл 2012 оноос хойш албан журмын даатгалаар нийт 200,000 хүнд 110-аад тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгосон байна. Гэтэл эдгээр хүмүүс даатгалгүй байсан бол хэчнээн хүн хохирлоо барагдуулж чадахгүй байсан бол? Харилцагчид өгч байгаа даатгалын хураамжаа бодоод байгаа болохоос биш, өөрөө хохироод хохирлоо барагдуулж чадахгүй бол яах вэ гэдэг тэр өнцгийг харахгүй байгаад байна. Дээрээс нь даатгалын талаарх ойлголт, санхүүгийн боловсролын хувьд харилцан адилгүй байна. Наанадаж л даатгалынхаа гэрээтэй бүрэн уншиж танилцдаг болох хэрэгтэй. 


Бид өөрсдийгөө зөвхөн салбартаа гэлтгүй, Монголын хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй компаниуд дундаас хувьцаа эзэмшигчдийн хөрөнгийн ашиглалтыг хамгийн амжилттай хэрэгжүүлж байгаа компанийн нэг гэж дүгнэдэг.


Зөвхөн харилцагч гэхгүй, Мандал даатгалын хөрөнгө оруулагч нартаа бий болгож буй үнэ цэнийн талаар ярилцъя.
Бид харилцагчийн үйлчилгээ, бүтээгдэхүүнээрээ тэргүүлээд зогсохгүй, хөрөнгө оруулагчийн үнэ цэнийг хамгийн өндөр байлгахыг зорьдог. Өнгөрсөн жил манай эздийн өмчийн өгөөж 32 хувьтай байсан бөгөөд компани сүүлийн 2 жил дараалж 30-аас дээш хувийн өгөөжтэй байгаа. Өөрөөр хэлбэл, бид өөрсдийгөө зөвхөн даатгалын салбартаа гэлтгүй, Монголын хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй компаниуд дундаас хувьцаа эзэмшигчдийн хөрөнгийн ашиглалтыг хамгийн амжилттай хэрэгжүүлж байгаа компанийн нэг гэж дүгнэдэг. Үүний суурь нь бид даатгалын бизнесийг яг сонгодог утгаар нь хөгжүүлж, хэрэгжүүлж байгаагийн үр дүн юм. Банкны хадгаламжийн хүү 14 хувьтай байгаа өнөөгийн нөхцөлд, түүнээс давсан хэмжээний өгөөж өгч чадахгүй бол хөрөнгө оруулагчдын мөнгийг үр ашиггүй зарцуулж байгаагийн хэлбэр гэж би хувьдаа хардаг.

Өнгөрсөн онд 5.9 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан гэлээ. Даатгалын компани ингэж өндөр ашигтай ажиллаж болдог уу?
Даатгалын компани нь хөрөнгө оруулалт болон андеррайтинг гэсэн орлогын хоёр эх сурвалжтай байдаг. 2019 онд бид хөрөнгө оруулалтаасаа 3.7 тэрбум төгрөгийн орлого олсон бөгөөд энэ салбарын хэмжээнд тэргүүлэх үзүүлэлт юм. Өөрөөр хэлбэл, ашгийн дийлэнх хэсгийг даатгалын үйл ажиллагаанаас илүүтэй хөрөнгө оруулалтын орлого эзэлж байгаа юм. 

2020 оны тэргүүлэх зорилтууд тань юу байх вэ?
Өнгөрсөн жил суурь чадамжуудаа нэмэгдүүлсэнтэй холбоотой 2020 онд томоохон хэмжээний тэлэлт хийх зорилготой байсан. Хүн хүчээ ч тэр хэмжээгээр нэмэгдүүлсэн. Гэвч коронавирусын цар тахалтай холбоотойгоор нөхцөл байдал ихээхэн өөр болж байна. Үүнтэй холбоотойгоор үйл ажиллагааны үр ашгаа 2019 оны түвшинд барьж үлдэх тактик руу шилжиж, хямрал дуусах үед нь өндөр өсөлтийг бий болгох дотоод нөөцүүдээ сайжруулах, чанаржуулах ажлуудыг хийхээр төлөвлөөд байна. Нөхцөл байдал өдөр хоног тутам өөрчлөгдөж байгаа болохоор яг бүтэн зургаар нь харж төлөвлөхөд хүндрэлтэй байгаа хэдий ч, цаг үе болгон дээр тохирсон шийдлүүдийг авч хэрэгжүүлж байгаа.

Цаг үетэй холбоотой бусад байгууллагад өгөх таны зөвлөмж
Хямралыг дагаад олон компаниуд зардлаа танаж, бүсээ чангалах бодлого баримталж эхлээд байна. Гэхдээ энэ хямрал хэзээ нэгэн цагт дуусах нь тодорхой. Тэр үед өнөөдрийг хүртэл бий болгосон чадамжаа алдчихсан байхгүйн тулд голлох хүн хүч, тоног төхөөрөмжүүдээ хайрлаж, хамгаалж байх хэрэгтэй. Эрсдэл гэдэг зүйл цаг хугацаанаас үл хамааран байнга оршин байдаг учраас эрсдэлийн шийдлүүдийг авч хэрэгжүүлэх, гол ажилтнуудаа даатгуулах, гол хөрөнгүүдээ хамгаалах хэрэгтэй гэдгийг онцолъё. 

 

Та Мандал Даатгал ХК-ийн 2019 оны үйл ажиллагааны дэлгэрэнгүй тайлантай танилцахыг хүсвэл доорх холбоосоор орно уу. 

ЖИЛИЙН ТАЙЛАН 2019 [ҮЗЭХ]