Хээрийн гал тогоондоо турших амтат 5 жор

Хээрийн гал тогоондоо турших амтат 5 жор

Хээрийн хоол цаанаа л нэг өөр амттай байдаг. Аяллын хамгийн сайхан дурсамжуудын нэг бол яах аргагүй амттай хоол. Өмнө нь туршиж үзээгүй, шинэлэг 5 жорыг аялалдаа туршаад үзээрэй.

Гадилтай шарвин

Шувуу жиргэсэн, зөөлөн салхитай өглөө нар мандахыг харж суунгаа амттай өглөөний цай уух шиг жаргал хаана байх билээ. Өглөөний цайндаа нэмж болох эхний жор бол гадилтай шарвин юм.

Орц /2 – 3 хүн/

 1ш гадил

  1ш өндөг

    ¾ аяга сүү

    1 аяга гурил

       2 ц/х бор сахар

    1 ц/х исгэгч

     ½ ц/х давс

Хийх заавар:

  • Том салатны аяганд гадилаа хийгээд сэрээгээр нухаж бэлд. Өндөг, сүүгээ дээрээс нь нэмээд сайтар нухаарай.
  • Бэлдэц дээрээ гурил, бор сахар, исгэгч, давсаа нэмээд сайтар холь. Бэлдэц нь хэт өтгөн байвал дээр нь сүү дахиад нэмсэн ч болно.
  • Аяны зуухан дээр хайруулын тавгаа халааж бэлд. Маслоор тавгаа тосолж халаагаад бэлдцээ тохирох хэмжээнд таслан хайруулын тавган дээр дээд тал нь хөвсгөр болтол 2 – 3 минут шараад эргүүлж нөгөө талаар нь бас шарахад болно.
  • Бэлэн болсон шарвин дээрээ хүссэнээрээ чимэглээд идээрэй 

 

Франц шарсан талх

Өөр нэг сонгодог өглөөний цай бол шарсан талх. Төгс франц шарсан талх бэлдэхийн тулд талхаа зөв сонгох хэрэгтэй. Хэрчсэн талх хэтэрхий нимгэн байдаг тул бүтэн талх аваад түүнийгээ арай зузаан 2 см орчин хэрчиж бэлдээрэй. Ингэснээр гадна хэсгээрээ шаржигнасан мөртлөө дотор хэсэг нь хэт болоогүй, яг тун нь таарсан шарсан талх бэлэн болно.

 

 

Орц /2 – 3 хүн/

          Бүтэн талх

            3ш өндөг

           1 аяга сүү

             Сахар

Хийх заавар:

  • Сүүнд өндгөө хагалж хийгээд сайтар хутгаж бэлд
  • Бэлэн болсон зуурмагтаа зүссэн талхаа 2 талаар нь тус бүр 10 секунд дүрж талхаа шарахад бэлдэнэ. Талхан дээрээ бага зэрэг сахар цацчихвал шарсны дараа гадуур нь кармелийн амтат бүрхүүл үүснэ.
  • Аяны зуух дээр хайруулын тавгаа халааж бэлдэнэ. Ингэхдээ 4 халбага масло халаагаарай. Тос нь их байх тусмаа хайруулын тавганд жигд тархаж талхаа хоёр хоёроор нь шарахад амар болно.
  • Ингээд л талхаа шарж эхэлнэ. Тос багадаад эхэлбэл маслоо нэмээд л амтат талхаа шарна даа.

 

Грилдэж шарсан хонины махан кебаб

Хээр аялж явахдаа амархан хийчих амтат хоол бол кебаб. Шинэхэн хонины махаар хэрхэн грек стилийн кебаб бэлдэхийг харцгаая.

 

Орц /4 – 5 хүн/

     0.5 кг хонины мах

     20ш үрлэн помидор

     250 гр grilling бяслаг

     6 ц/х оливын тос

     8ш бин/гамбир

     1ш лимон

     4 хумс сармис

     1 аяга иогурт

     Давс

     2 ц/х орегано амтлагч

 

Хийх заавар:

  • Цуу бэлдэх – хоолоо бэлдэхээс ядаж цагийн өмнө аяганд 1 бүтэн лимоны шүүс, 2 ц/х оливын тос, 2 ц/х орегано амтлагч, 2 хумс сармисаа хэрчиж холино.
  • Хонины махаа шорлоход тохиромжтой хэрчээд томхон саванд хийж дээрээс нь цуугаа асгаж таглаад дор хаяж цаг байлгана. Аялалд гарахынхаа өмнө гэртээ бэлдсэн ч болно. /48 цаг хүртэл цуунд хадгалж болдог/
  • Гриллээ бэлдээд амталсан махаараа шорлог бэлдэж дээрээс нь давс цацан амтлаад оливын тос гадуур нь түрхэнэ. Бэлдсэн махаа 10 мин орчим халуун галаар грилдэнэ.
  • Үрлэн помидороор шорлог бэлдэн мөн адил оливын тос түрхэж халуун галаар 4 мин орчим грилдэнэ.
  • Grilling бяслагаа хавтгай хэрчиж бэлдээд халуун галаар 3 мин орчим грилдэнэ.
  • Бингээ грил дээрээ бага зэрэг халаана
  • Энэ хугацаанд иогуртаа 1 бүтэн лимоны шүүс, 2 хумс хэрчсэн сармис, бага зэрэг давсаар амталж соус бэлдээрэй.
  • Бин дээрээ соусаа түрхээд дээр нь хонины мах, үрлэн помидор, бяслагаа тавиад л амтат гиро кебаб бэлэн.

 

Шаржигнуур алим

Хийхэд амархан, хөнгөн зууш бодож байна уу? Аялал бүртээ алим авч явдаг л биз дээ? Тэгвэл арай өөрөөр амтлаад идээд үз.

Орц /2 хүн/

2 – 3 алим

 1 ц/х масло

   ¼ ц/х бор сахар

  1 аяга гранола

  1 ц/х шанцай

Хийх заавар:

  • Аяны гал дээрээ хайруулын тавганд маслоо халаагаад алимаа нарийн хэрчиж тавган дээр 5 минут орчим зөөлөртөл нь болго.
  • Дээрээс нь сахар, шанцайгаа нэмж холиод дахин 5 – 10 минут болгоно.
  • Бэлэн болсон шаржигнуураа таваглаад дээр нь гранола цацаад л амттан бэлэн.

 

Ил гал дээр бэлдсэн гадилтай завьхан

Гадилаа голоор нь хуваагаад, дуртай зүйлсээрээ чимээд л хийчих, аяллын үед тойрч суугаад идэх амттан бол гадилтай завьхан юм. Хүссэн орцоо сонгоод гайхалтай амтуудыг гаргаж аваарай.

Орц

  • Гадил + сүүтэй шоколад + marshmallow + жигнэмгийн үүрмэг
  • Гадил + Nutella + гүзээлзгэнэ + хэрчсэн хушга

Өөрийнхөө хүссэнээр амттануудаа сонгоод бэлдсэн ч болно.

Хийх заавар:

  • Гадил жимсээ хальстай нь зурган дээрх шиг хонхор хэсгээр нь хэрчиж хоёр хуваана.
  • Гадил жимсний завьхан дээрээ шоколадаа жигд тараагаад, амттан, чимэглэх зүйлсээ дээр нь жигд тараана.
  • Бэлэн болсон завьханаа илгэн цаасанд ороож гадуур нь мөнгөлөг цаасаар орооно.
  • Ил гал унтраад ирэх үеэр бага зэрэг хавтгайлж зай гаргаад цаасанд боосон завьханаа дээш харуулан зөөлөн галд бага зэрэг байлгахад л шоколад нь бага зэрэг хайлж амттан бэлэн болно. Завьханаа галаас аваад хэсэг зуур мөнгөлөг цаас нь хөртөл хүлээгээрэй.

 

Аялалд гарах бүрдээ бид хамгийн сайн сайхныг хүлээж догдолдог. Амьдрал сайхан зүйлсээр баян ч гэлээ гэнэтийн эрсдлүүд бидний замд тулгардаг. “Замд гаръя” аяллын даатгалаа аваад санаа амар аяндаа гараарай. Даатгалын талаарх мэдээллийг эндээс сонирхоорой.