Коронагийн 2-дох давлагааг хэрхэн давах вэ? – Витамины тухай

Энэ жилийн өвөл урьд урьдын жилүүдээс илүү сорилтуудаар дүүрэн байх нь гарцаагүй. Хүйтний улиралд бид ханиад томуу л гэж санаа зовдог байсан бол одоо дэлхий нийтийг сандаргаад буй Коронавирус юу юугүй л орж ирчих гээд сандаргаж байна. Манай улсын хувьд гаднаас ирж буй иргэдээ өндөр хяналтад авсны хүчинд дотооддоо тахал алдалгүй,  иргэд энэ зуныг тааваараа сайхан өнгөрөөлөө. Гэтэл хүйтний улирал эхлээд цаашид бидэнд юу тулгарах болоо... Та үүнд бэлэн үү?

Коронавирусаас урьдчилан сэргийлж чадна гэх баттай вакцин хараахан бүх нийтэд хүртээлтэй болоогүй хэдий ч та өөрийн дархлалын системийг дэмжиж, шаардлагатай витаминуудаа хангалттай авахыг эрүүл мэндийн байгууллагууд зөвлөж байна. Хүний биед нэн хэрэгтэй ихэнх амин дэмүүдийг бид хоол хүнсээрээ дамжуулан авах боломжтой байдаг хэдий ч манай монголчуудын өдөр тутмын хоол хүнсний сонголт /гурил, будаа, мах/ тэр бүр бидний амин дэмийн хэрэгцээг бүрэн хангаж чаддаггүй байна. Харин та өөртөө ямар витамин дутаж байгаа талаар болон  ямар витаминыг хэрхэн хэрэглэх талаар мэдэх үү ? хэрэв мэдэхгүй бол бидний бэлтгэсэн судалгаатай уг нийтлэлтэй танилцаарай. 

Витамин хэрхэн ажилладаг вэ?

А B C D E хэмээх үсгүүдээр эхэлсэн эдгээр витаминууд нь яг л цагаан толгой үсгүүд үг бүрдүүлэх суурь болдогтой адил эрүүл хүний биеийг бүрдүүлэгч тулгуур блокууд юм. Витамин бол хүн өдөр тутамдаа хоол хүнсээрээ зайлшгүй авах шаардлагатай органик бодис юм. Витаминууд хүний биед ороод яс, булчин бүтээгч барилгачин, гадын нян бактериудын халдлагаас хамгаалагч цэрэг, хоол хүнсийг задалж энерги үүсгэгч уурхайчин, гэмтэл доголдлыг анагаагч эмчийн үүргийг гүйцэтгэнэ. Бактери, мөөгөнцөр, ургамлууд нь өөрсдөө эдгээр витаминуудыг үйлдвэрлэдэг бол хүн болон амьтад эдгээр витаминуудыг гаднаас хоол хүнсээрээ дамжуулан авах шаардлагатай байдаг. Витамингүйгээр хүн хэт ядралтаас эхлээд мэдрэлийн өвчин, зүрхний өвчин гэх мэт маш олон төрлийн өвчнүүдийг тусч эхэлдэг байна. Хүний биед 13 төрлийн витамин хэрэгтэй. 

Витаминууд хаанаас үүсэлтэй, хүний биед хэрхэн нэвтэрч, яаж шингээд илүүдэл нь хэрхэн гадагшилдгаас нь хамаарч хоёр төрөлд хуваагддаг.

Water soluble – Усанд уусдаг - C, B complex /төрөлтэй/ - эдгээр нь үр, тариа жимс, ногооны усан хэсэгт ихээр агуулагддаг. Хүний биед орж задарсны дараагаар цусаар дамжин /цусны плазм нь усан суурьтай тул шууд дамжина/ хэрэгтэй газраа очно. Илүүдэл витамин нь бөөрөөр шүүгдэж хүний биеэс шууд гадагшилдаг тул уг төрлийн витаминуудыг өдөр тутамдаа тогтмол нөхөж байх нь чухал юм.

Lipid soluble – Тосонд уусдаг – A, D, E, K Эдгээр нь тослогийн агууламж өндөртэй хүнсний бүтээгдэхүүнүүдэд ихээр агуулагддаг. Жишээ нь: Сүү, цагаан идээ, бүх төрлийн тос болон масло. Энэ витаминууд нь ходоод, гэдсээр задралгүй дамжин цөсний хүчлийн тусламжтайгаар задарч нарийн гэдэсний хананд хүрснээр уурагтай нэгдэж хүний биеэр тархдаг. Тосонд уусдаг витаминууд  хүний биеэс тийм ч амархан гадагшилдаггүй бөгөөд элэг болон өөхөн давхаргуудруу зөөвөрлөгдөж хадгалагддаг. Хүний бие эдгээр витаминуудыг ихэдсэн тохиолдолд дараагийн хэрэглээнд зориулан нөөцөлдөг. Тосонд уусдаг витамины илүүдлээс таргалалт үүсдэг.

Витамин тус бүрийн үүрэг, агуулагдах хүнс болон дутагдал үүссэний шинж тэмдгүүд

Vitamin A – Хүний биеийн дархлааны гол түлхүүр болох цусны цагаан эс, нүдний родопсин /rhodopsin/ гэгч пигментийг бүрдүүлдэг. Гэрэл багатай нөхцөлд харах чадварыг үүсгэж, яс бэхжүүлэхэд чухал үүрэгтэй. Загас, өндөг мах гэх мэт амьтны гаралтай бүтээгдэхүүн болон шар улбар шар өнгийн хүнсний ногоонуудад ихээр агуулагддаг. Хамгийн өндөр Витамин А-н агууламжтай бүтээгдэхүүн нь хулуу/squash/, лууван болон бууцай байдаг. Бүх төрлийн хүнсэнд агуулагддаг тул энгийн хооллолттой хүнд дутагдал бараг үүсдэггүй /Хоол хүнсний дутагдалтай ядуу буурай орнуудад ихээр тохиолддог/ хэдий ч үүсэн тохиолдолд шөнөөр юмс харах чадвараа алдах боломжтой мөн бага насны хүүхдийн өсөлтийн үед А витаминд нь анхаарах нь чухал юм.

B complex – 8 төрлийн комплексоос бүрддэг уг витаминууд нь бидний идсэн хоол хүнснээс энерги гарган авахаар ажиллахаас гадна цусны улаан эсийг бүрдүүлэхээр ажилладаг. Мах махан бүтээгдэхүүн, уургаар баялаг хоол хүнсэнд ихээр агуулагддаг. Витамин B дутагдсанаар хүний биед цус багадалт, болон мэдрэлтэй холбоотой доголдолууд гарч эхэлдэг.

Vitamin C – Гаднын биет нэвтэрснээс үүдэн хүний биеийн хэвийн үйл ажиллагаанд саатал гарахаас сэргийлж нян бактерийг устгана, коллаген үүсгэгч бөгөөд шарх анагаах, яс шүдний бат бэх байдлыг хангана. Маш олон төрлийн ногоонуудад агуулагддаг бөгөөд амтат чинжүү болон цэцэгт байцаа нь Витамин С-н агууламж маш өндөртэй хүнсний ногоонд тооцогддог. Хамгийн өндөр C -н агууламжтай жимсэнд гуава, папаяа болон киви ордог бол бидний хамгийн түгээмэл мэддэг жүрж нь 4-р байранд ордог. Витамин С дутагдсанаар хүний биеийн ерөнхий дархлаа сулрахаас гадна бам өвчин тусах, шүд унах, цус алдах, арьс толботох гэсэн шинж тэмдгүүдээр илэрдэг.

Vitamin D – Sunshine vitamin буюу НАРАНГЭРЭЛ витамин, учир нь энэ витаминыг хүн өөрийн арьсаар дамжуулж нарны гэрлээс авдаг. Манай оронд ихэнх хүмүүс уг витаминаар дутагддаг тул нэмэлт бэлдмэлээр авах хэрэгтэй. Хүнсний бүтээгдэхүүнд тэр болгон агуулагддаггүй салмон, туна гэх мэт загасан бүтээгдэхүүнүүдэд маш бага хэмжээгээр агуулагддаг. Тулгуур эрхтний ургалт, бэхжилтийг дэмждэг кальци, фосфорыг үүсгэж ясны бат бэх байдлыг хангадаг. Витамин D -гүйгээр кальци, фосфорыг дангаар нь уувал задрал үүсэхгүй тул хүн өөрийн биедээ шингээж чадахгүй нь байна. Мөн зүрх, уушги, тархи болон булчингийн хэвийн үйл ажиллагааг дэмжин гаднын халдвараас сэргийлдэг. Витамин D дутагдсанаар хүний яс зөөлөрч хялбар бэртэмтэгий болох, бага насны хүүхэд сульдаа өвчин тусахад хүргэдэг.

Vitamin E – Үл исэлдүүлэгч үүсгэн ажилладаг бөгөөд гол үүрэг нь хүний биеийн эсүүдэд хор учруулж болох элементүүдийг устгадаг. Бүх төрлийн самар, үр, ургамлын тосонд агуулагддаг. Е дутагдсанаар мэдрэлийн системийн гажуудал үүсэх, булчингийн сулрал үүсэх, үе мөчний хөдөлгөөнөө удирдах чадвар алдах зэрэг шинж тэмдгүүдээр илэрдэг.

Vitamin K – Фотосинтезийн процесстой шууд холбоотой тул ногоон навчит ургамлууд Витамин К-н агууламж өндөртэй байдаг. Цус төлжүүлэх, бүлэгнүүлэх үүрэгтэй бөгөөд хүний биед үүссэн ил шархыг хурдан нөхөхөд ихээхэн үр нөлөөтэй. Ердийн хооллолтод хангалттай хэмжээгээр агуулагддаг тул насанд хүрсэн хүн нэмэлт витамин К авах шаардлагагүй байдаг. Харин нялх хүүхэд, архинд донтож байсан хүн эсвэл хүнд хагалгаанд орсон хүмүүст К-н дутагдал үүсдэг. Уг дутагдлаас үүдэн  цус алдах, хамар, буйлнаас цус гарах шинж тэмдгүүд илэрдэг. Эмэгтэйчүүд сарын тэмдэгний үеэр их хэмжээгээр цус алдах нь бий.

Дүгнэлт: Эдгээрээс үзэхэд та аль витаминыг өдөр тутмын хооллолтоороо хамгийн сайн авч чаддаг, алийг нь нэмэлтээр авах шаардлагатай байгаа нь тодорхой болсон гэж найдаж байна. 2020 он бидэнд хүний амьдралд юу ч тохиолдож болно гэдгийг хангалттай харуулсан байх, юуны магад гээд өөрт шаардлагатай витаминуудыг өдөр тутамдаа авах нь чухал юм. Гэхдээ аливаа бэлдмэлийг хэрэглэхээс өмнө заавал мэргэжлийн эмчээс зөвлөгөө аваарай. “Үүнээс илүү яаж өөрийгөө хамгаалах вэ?” гэж бодож байвал та "Мандал Даатгал"- аас санал болгож буй Ковид болон Жаргалан эрүүл мэндийн даатгалын бүтээгдэхүүнийг сонирхоод үзээрэй. Нөхцөл байдал хүнд энэ үед өвдлөө гэж бодоход улсын эмнэлэгт очерлож, бужигналдахын оронд Монгол улсын томоохон хувийн эмнэлгүүдээс даатгалын төлбөрөөрөө шаардлагатай үйлчилгээгээ аваарай.

Нийтлэгч: Д.Цэнгүүн