Стрессийг Ялагч эсвэл Ялагдагч

21 зууны хамгийн тулгамдсан асуудлыг Стресс гэж нэрлэдэг. Машины түгжрэл, ажлын ачаалал, Корона вирус, бүтсэн  бүтээгүй хайрын түүх. Тоо томшгүй олон янзын стресс... Одоо, өнгөрсөн, ирээдүйн цаг хугацааны огтлолд орших хүн бидэнд хорвоод мэндэлсэн цагаас  л амьдрал стрессийг харамгүй өгч эхэлдэг. Одоо тулгарч буй асуудалд , өнгөрсөнд болсон балагт, ирээдүйд болоогүй таамагт стрессдэнэ. Тэгвэл та бидний бие энэ их стресст яаж хариу үзүүлдэг талаар та мэдэх үү?  

Богино хугацааны стресс хүнд сэтгэл хөөрөл, адал явдлыг авчирдаг бол байнгын давтамжтай, удаан хугацаагаар үйлчлэхэд бидний бие сөрөг хариу урвал үзүүлэх тогтолцоотой ба зөвхөн тархинд нөлөөлөөд зогсохгүй бусад эд эрхтний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг. Стрессийн үед бөөрний дээд булчирхайгаас ялгардаг стрессийн дааврууд болох кортизол , эпинефрин болон норэпинефрин ялгарч цусны урсгалаар зүрхэнд маш хурдтай хүрдэг. 

Эпинефрин нь зүрхний цохилтыг хурдасгаж, артерийн даралтыг ихэсгэх  бөгөөд артерийн даралт тогтмол өндөр байснаар артерийн даралт ихсэх өвчинг үүсгэнэ. 

Кортизол судасны ханын дотор болон эндотелд нөлөөлснөөр артерын судасны ханыг гэмтээж цаашилбал атеросклероз/судасны хатуурал/ бүрэлдэхэд хүргэнэ. 

Удаан хугацаанд стресс үргэлжилснээр зүрхний шигдээс, харвалт болж даамжирах аюултай. Тархины хүлээн авуур стрессийг мэдрэх үед автомат мэдрэлийн тогтолцоо идэвхижиж хоол боловсруулах замд стресс үүсгэж гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг өөрчилж гэдсийг хямруулдаг. Ингэснээр ходоодны хүчлийг ихэсгэж, ходоодны үйл ажиллагааг мөн дордуулж , ашигтай бактерыг устгадаг. Үүнээс гадна кортизол хоолны дуршлыг ихэсгэдэг. Ингээд бидний өнөөх л идэх дуртай түргэн хоол, амттан, ундаа гэх мэт сахарын агууламж өндөртэй хоол ундаар өлсдөг байх нээ. Мөн цусанд удаан хугацаагаар кортизол их хэмжээгээр байх нь хэвлийн таргалалтыг үүсгэх хүчин зүйл болно. Стрессийн дааврууд хүний дархлаа тогтолцоонд нөлөөлж, халдварт өртөмхий ,өвчлөмтгий нэгэн болгоно. Үүгээрч зогсохгүй удаан хугацаанд стрессдэх нь батга гарах, үс унах, бэлгийн сулрал, толгой өвдөх, анхаарал муудах, ядрах, цочромтгой болгодог. 

Стресс бидний анзаараагүй олон эрсдэлийг дагуулж байдаг бөгөөд хүний амьдрал болсон хойно хэзээд стресс дагаж явах нь баараггүй. Тэгвэл та стрессийг өмнө тань гарж ирсэн сорилт мэтээр харж ялагч болох уу эсвэл стрессэнд ялагдаж хорвоо дэлхийн бүхий л балагийг өөртөө хураах уу .

Та ялагч болохоор шийдсэн үү? Тэгвэл өөрийгөө хамгаалж Жаргалан эрүүл мэндийн даатгалыг сонирхоод үзээрэй.

 

Нийтлэгч Д.Мөнхгэрэл