СОЁЛТОЙ ЖОЛООЧИЙН 7 ШИНЖ

Та өөрийгөө хэр сайн жолооч гэж боддог вэ? Энэ асуултанд жолооч нар нэрэлхүү л биш бол нэлээдгүй сайн үнэлгээ өөртөө өгдөг гэлцдэг. Харин өнөөдрийн нөхцөлд сайн гэхээс илүүтэй соёлтой жолооч мөн үү гэж асуух хэрэгтэй мэт. Өдгөө автомашины салбар эрчимтэй хөгжиж жолоодоход хялбар, мөн хямд үнэтэй болсноор хүн бүрд өөрийн эзэмшлийн автомашин унах боломж бүрдсэн. Үүнээс улбаалж жолооч гэх нэршил нь тусгай ур чадвар шаарддаг мэргэжил гэхээс илүүтэй нийтлэг хэрэгцээ болж өөрчлөгджээ. Монголд нийт 1.1 сая тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас 660 мянга нь нийслэл хотын хөдөлгөөнд оролцож байна. Жил бүр зам тээврийн ослын 40,000 тохиолдол бүртгэгдэж байгаагийн дийлэнх нь жолоочийн буруутай үйлдлээс болдог талаарх судалгаа бий. Иймд бидний амьдрал таны жолоодлогоос багагүй хамаарч байгаа тул замын хөдөлгөөний соёлыг хэвшүүлэх шаардлагатай байна. Тэгвэл соёлтой жолооч гэж хэн бэ? Хэрхэн соёлтой жолооч болох вэ?

1. Зогсоолд байрлахдаа дугаараа үлдээдэг жолооч

Их хотод маань зогсоол хүрэлцэхгүй байгааг бүгд мэднэ. Иймдээ ч байгаа зай талбайгаа ашиглаад давхарлаад ч хамаагүй зогсдог. Бусдыгаа түгжихгүйн тулд жолооч нар өөрсдийн утасны дугаарыг автомашиндаа тэмдэглэж үлдээсэн байдаг нь мөн сайшаалтай. Гэвч зарим жолооч дугаараа тавихгүйгээр үл барам хэдэн цагаар автомашин таглаад алга болох нь бий. Бид нэгэнт л биенээсээ хамааралтай амьдарч байгаа тул бусдыгаа хүндэтгэх хэрэгтэй. Магадгүй хэн нэгэн дээрх соёлгүй үйлдлээс болж эмнэлгийн тусламж авч чадахгүй өнгөрөх ч тохиолдол гарахыг үгүйсгэхгүй шүү дээ.

2. Гарцан дээр зам тавьж өгдөг жолооч

Замын хөдөлгөөнд зөвхөн автомашинууд оролцдог гэвэл эндүүрэл болно. Үүнд дугуйтай хүн, явган хүн, хүүхдүүд оролцдог. Түгжрэлд бухимдсан жолоочид гялс замаа хороохыг боддог нь үнэн ч хөдөлгөөнд бусад хэлбэрээр оролцогч нараа хүндлээд зам тавьж өгөх нь зүйн хэрэг юм. Энэ бол хотын жолоочийн наад захын соёл билээ.

3. Шөнө холын гэрлээ шилжүүлдэг жолооч

Шөнийн цагаар жолоо барихын гол бэрхшээл нь өөдөөс ирж буй автомашины гэрлийн гялбаа билээ. Энэ нь орон нутгийн замд, хот доторх замд ижилхэн аюулыг үүсгэдэг. Гэвч зөвхөн би гэсэн хандлагатай зарим жолооч нар холын гэрлээ шилжүүлэхгүйгээс болж зөрж өнгөрөх жолооч замаас гарах, хүн мөргөх, мал амьтан дайрах зэрэг ослууд ихээр гардаг. Иймд бусдыг хүндлээд дүрэмд заасны дагуу гэрлээ шилжүүлж байх нь соёлыг түгээхээс гадна осол гарах аюулыг бууруулж байна гэсэн үг билээ.

4. Даваан дээр гүйцэд түрүүлдэггүй жолооч

Орон нутгийн 2 эгнээтэй замд урдаа яваа автомашиныг урсгал сөрж гүйцэд түрүүлэх шаардлага зайлшгүй үүсдэг хэдий ч замын хөдөлгөөний дүрэмд үзэгдэх орчин хангалтгүй бол уг үйлдлийг хийхийг хориглосон байдаг. Гэвч яаруу, тэвчээргүй зангаас болж зарим жолооч нар даваа өөд өгсөж явахдаа гүйцэд түрүүлэх үйлдэл хийдэг. Хурд хүч авах нь удаашраад гүйцэд түрүүлэх хугацааг ихэсгэж буй нөхцөлд өөдөөс гэнэт автомашин гараад ирвэл тун аюултай.

5. Эгнээ солихдоо дохиогоо өгдөг жолооч

Үргэлж шулуун явахгүйгээс хойш бид эгнээ байр солих үйлдлийг байнга хийнэ. Харин үүнийг жолооны дүрмэнд заасны дагуу дохиогоо өгч хэвших хэрэгтэй. Дохио өгөөгүйгээр гэнэт дарж эргэх, эргэсний дараа дохио өгөх зэргээс шалтгаалж хажуу талын автомашин мэдээлэлгүйн улмаас зогсож амжилгүйгээр мөргөх шүргэх тохиолдол нийтлэг гардаг гэдгийг мартаж болохгүй. Энэ тохиолдолд ямагт эгнээ сольж байгаа автомашины буруу болох болно.

 6. Оношилгоондоо ордог жолооч

Хүмүүсийн анзаардаггүй нэг зүйл бол техникийн бүрэн бүтэн байдал билээ. Соёлтой жолоодохоос гадна автомашинаа арчилж тухай бүрд шаардлагатай үйлчилгээг хийлгэж байх хэрэгтэй. Учир нь тормосны бүрэн ажиллагаа, гэрлийн тусгал, дугуйн хий гэх мэт хүчин зүйлсээс осол гардаг тул үүнд ач холбогдол өгч байгаа нь бусдын амь нас, эрүүл мэндийг хүндэтгэн үзэж хариуцлагатай жолоо барьж буйн шинж билээ.

7. Даатгуулдаг жолооч

Эцэст нь хэлэхэд соёлтой жолооч та даатгуулбал сэтгэл зовоосон олон асуудлаа шийдэж чадна гэдгийг хэлье. Жолоодож явахдаа сонор сэрэмж алдах, эсвэл зогсоолд орхиод явахад шүргэсэн байх, толио хусуулсан байх гэх мэт санаа зовох зүйл жолооч хүнд багагүй. Үүнийг багахан зардлаар нэг мөр шийдэх боломж нь даатгал байдаг билээ. Та 1 төгрөг төлөөд буцаагаад 100 төгрөг авах боломжтой. Ямар нэгэн асуудал үүсэхэд өөртөө болон бусдад төвөг удахгүйгээр даатгалаар хурдан шуурхай шийдүүлдэг байх нь орчин цагийн нэг соёл болоод байна.

Дээрх шинжүүдийг Мандал Даатгал дээр түгээмэл гардаг нөхөн төлбөрийн тохиолдлууд дээр тулгуурлаж гаргалаа.