Хямралын дараах чиглэл хаашаа вэ?

ХЯМРАЛЫН МӨЧЛӨГ

Дэлхийн түүхийг эргэн харвал тодорхой хугацааны давтамжтай ямар нэгэн хямрал болж, мянга мянган хүн ажилгүй болсоор ирсэн. Улмаар энэхүү эдийн засгийн асуудал нь амиа хорлолт, гэмт хэрэг, эрүүл мэнд гээд нийгмийн бүхий л асуудалд хамаатай болж, үндсэндээ хүн төрөлхтөн нэг алхам хойшлоход хүрдэг юм. Тэр ч бүү хэл агуу Ром гүрэн ердөө эдийн засгийн хямралаас үүдэн мөхөж байсныг санах хэрэгтэй.

Магадгүй түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдээгүй эсвэл бичээч миний мэдэхгүй өөр олон хямрал байхыг үгүйсгэхгүй. Ямартай ч бид эдгээр хямрал болон сэргэлтүүдээс нэг л зүйлийг ойлгох хэрэгтэй. Тэр нь хямрал хэзээ дуусч, танд ямар боломжийг авчирдаг вэ? гэдгийг л ойлгох явдал юм. Муу зүйлийн мууг нь гайхаад суух нь утгагүй, угтаа муугаас сайныг нь л олж хараад түүнийгээ боломж болгон ашиглах ёстой юм шүү дээ. Тэгэхээр та бидний өмнө тулгараад буй Ковид-19-өөс үүдэлтэй эдийн засгийн хямрал бидэнд ямар ирээдүй, ямар боломж бэлдсэн бэ гэдэг л том асуулт болж байна.

МӨЧЛӨГИЙГ ОЙЛГОХ НЬ

Их хямрал 1929 - 1939

Хэдэн зуун жил ноёрхсон Европ улс дэлхийн нэгдүгээр дайны дараагаас эдийн засгийн хүчээ АНУ-д алдсан байлаа. Их Британи, Герман, Франц, Бельги улс нийлэхэд л АНУ-с илүү ихийг үйлдвэрлэж байсан бол дайны дараагаас эхлэн АНУ Европын тэн хагасаас ч илүү бүтээж байсан юм. Үр дүнд дэлхийн өмнөх санхүүгийн төв болох Лондонгоос шинэ санхүүгийн төв болсон Нью-Йорк руу хөгжил аажмаар шилжиж байлаа. 1925 онд 1.7 сая хувьцаа нэг өдөр арилжаалагдаж байснаа 1929 он гэхэд 4.1 сая болж нэмэгдсэн байдаг. Энэ бол АНУ-д архирч буй хориод он гэдгээрээ алдартай юм. Гэхдээ бүх зүйл хэтэрхий хурдан, хэтэрхий хөөсрөлтэй байлаа. Хар мягмар гариг! АНУ-г доргиож байсан Жааз хөгжим 1929 оны 10-н 24-ний мягмар гаригт бүрэн зогсох нь тэр.Энэ бол дэлхийн хоёрдугаар дайн хүртэл үргэлжилсэн Их хямралын анхны өдөр юм. Нөхцөл байдал хүндэрсээр 1933 он гэхэд 5000 гаруй банк дампуурч, ажилгүйдэл 25 хувьтай тэнцэв. АНУ-н засгийн газар яах учраа ололгүй олон жилийг өнгөрүүлэв. Тухайн үед алтны стандартыг мөрдөж байсан буюу тухайн улсын алтны нөөцөөс давуулан мөнгө хэвлэх нь хориотой байлаа. Гэсэн хэдий ч 1933 оны 6-р сараас эхлэн алт татах үйл ажиллагаа явуулж, зэрэгцүүлэн доллар зах зээлд нийлүүлсэн. Улмаар эерэг үр дүн гарч, хөрөнгийн зах зээлд эерэг өөрчлөлтүүд гарсан. Гэсэн хэдий ч суурь эдийн засагт тийм ч сайн нөлөөлөл байсангүй. 1939 он гэхэд ажилгүйдлийн түвшин хангалттай буураагүй л байлаа. Гэхдээ компаниуд энэ цаг мөчид гайхамшигтай хичээлүүдийг авч байлаа. Хэрхэн хүнд цаг үед компаниа авч үлдэх вэ? Тоонд биш чанарт хэрхэн анхаарах вэ? гэх мэт асуултын хариултуудыг олж байсан гэдэг. Дайн ч болж АНУ-н эдийн засагт тэсрэлт болох нь тэр. Дайнтай холбоотой маш их үйлдвэрлэл бий болж байлаа. Үр дүнд 1939 оноос 1944 оны хооронд АНУ-н дотоодын нийт бүтээгдэхүүн 2 дахин нэмэгдсэн. Бүтээмжийг тооцвол Германаас 2 дахин их, Японоос 5 дахин их байсан гэдэг.

Эдийн засгийн хямралын үе шат

Дээрх түүхийг харвал их хямрал үндсэн гурван үе шат байсан нь харагдана. 1) 1929 - 1933 он Санхүүгийн зах зээлд анхны шокууд орж, хөөс хагарах буюу хямралын эхлэл үе 2) 1933 – 1939 он Төв банкнаас мөнгө нийлүүлэх замаар уналтыг намжаах, санхүүгийн зах зээлд сэргэлт ирэх үе 3) 1939 – 1944 он Бодит эдийн засаг сайжирч, бүтээмж нэмэгдэх буюу эргэн өсөлт бий болох үе. Энэ нь 2008 оны хямрал дээр мөн л адил ажиглагдана. Анхны хямрал 2007 оны сүүлээр бий болсон ба 18 сарын дараа Төв банк нь зах зээлд мөнгө нийлүүлэв. Төв банкнаас арга хэмжээ авахаас өмнө хэд хэдэн томоохон санхүүгийн байгууллага дампуурч амжсан байдаг. Үүний хамгийн том нь 170 жилийн түүхтэй Лэйман Бродерс байсан юм. Зах зээлд мөнгө нийлүүлснээс 13 сарын дараа санхүүгийн зах зээлийн индексүүд хуучин түвшиндээ хүрэв. Харин бүр дараа буюу 2014 онд л ажилгүйдэл 2007 оны түвшиндээ хүрсэн байдаг. Өөрөөр хэлбэл бодит эдийн засаг сэргэх хугацаа нь мөн л адил урт хугацааг зарцуулж байв. Одоо харин бидний өмнө тулгараад буй шинэхэн хямралыг мөчлөг талаас харцгаая.

Ковид-19 ба Түргэвчилсэн их хямрал

Ковид-19 вирусээс үүдэлтэй эдийн засгийн хямрал өмнөх үеүдээсээ хэд дахин хурдтай бас өргөн далайцтай байлаа. Нэгэнт бүх зүйл ойлгомжтой байсан тул төв банкууд ч яаралтай арга хэмжээнүүдийг авч эхэлсэн. Үндсэндээ мөнгө хэвлэх дайн болсон гэхэд хилсдэхгүй. Санхүүгийн зах зээлд өөрчлөлт гарч эхэлснээс 1 сарын дараа төв банкууд арга хэмжээг авч эхлэв. Ердөө 2.5 сарын дараа гэхэд санхүүгийн зах зээл эргэн өндөр түвшинд хүрсэн. Гэхдээ бодит эдийн засаг арай ч ийм хурдан сэргэсэнгүй. Яахын аргагүй маш олон газрын худалдаа, үйлчилгээ бүрэн зогсолтод орсон тул үүнд хугацаа шаардах нь дамжиггүй. Түүнчлэн Ковид-19 ийн хоёрдугаар давлагаа аль хэдийнээ эхэлчихлээ. Европын дийлэнх улсуудад вирусийн тархалт эргэн нэмэгдэж, карантин сунгагдах шалтгаан боллоо. Иймд бид дахин хүлээх шаардлага үүсч байна. Ирээдүйг таамаглана гэдэг амаргүй. Гэхдээ тодорхой биелэх магадлалын хувьтайгаар ирээдүйг шинжээчид хэлж чаддаг. Олон ч судалгааны байгууллагаас таамаглал дэвшүүлж буй. Жишээ нь хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа явуулдаг BlackStone фирмийн үзэж буйгаар 2022 онд л бодит эдийн засгийн бүрэн сэргэлт бий болох ажээ. Олон улсын валютын сангийн үзэж буйгаар дэлхийн эдийн засаг 2020 онд 3 хувиар агших бол 2021 онд харин 5.8 хувиар тэлж, өмнөх оноо нөхөх буюу эргэн 2019 оны түвшинд ирэх юм. Улмаар 2022 оноос эхлэн бодит өсөлтийн тухай яригдах ажээ. Өмнө дурдсан хямралыг мөчлөгийг энэ удаагийн Ковид-19 тэй зэрэгцүүлэн харуулбал:

ЧИГЛЭЛ ХААШАА ВЭ?

Олон тооны судалгаанаас дэлхийн эдийн засагт 2022 онд гэрэл гарах нь маш өндөр хувийн магадлалтай болж байна. Гэхдээ хямралын дараах өсөлтийг тодорхой компаниуд, тодорхой эдийн засгууд бий болгодог. Тэр ч бүү хэл тэдгээр компани урьд өмнө нь дуулдаж байгаагүй жижиг компани ч байх нь бий. Жишээ нь хамгийн сүүлийн томоохон хямралаар буюу 2010 та бидний сайн мэдэх Instagram, 2009 онд таксины Uber, 1929 онд Disney, 1975 онд буюу 1973 оны газрын тосны хямралын дараах нь Microsoft компаниуд нь тус тус бий болсон байна.  Харин энэ удаагийн хямралын ялагч хэн болох нь одоогоор тодорхой болоогүй байна. АНУ-н санхүүгийн зах зээлд маш том өсөлтүүд гарч байгаа боловч тэдгээр нь бүгд хөөс гэдэг нь илт. Харин бодит өсөлтөөс хаана байх вэ гэдгийг дараах график дээрээс харцгаая.

Дээрх зураглалаас БНХАУ илт тодрон харагдаж байна. 2020 онд нийт улс орны 90 орчим хувь нь эдийн засгийн хувьд агшиж байхад БНХАУ ганцаараа тэлж буй юм. 2020 оны хагас жилийн дүнг харахад АНУ 31.7 хувиар, Их Британи 20.4 хувиар, Герман улс 9.7 хувиар, Япон улс 7.9 хувиар тус тус буурсан бол БНХАУ 11.5 хувийн эдийн засгийн өсөлтийг үзүүлжээ. Түүнчлэн БНХАУ нь ДНБ-тэй харьцуулахад хамгийн бага мөнгийг зах зээлд нийлүүлсэн буюу урт хугацааны хор нөлөө маш багатайгаар эдийн засгийн хүндрэлээс гарч чадсан.

Сайн хэрэг. Манай улсын нийт экспортын 89 хувь зөвхөн БНХАУ руу гардаг. Түүнчлэн манай улсын эдийн засаг үндсэндээ зэс, нүүрсний үнээс хамааралтай байдаг. Харин зэс, нүүрсний үнийг БНХАУ-н эрэлт тодорхойлдог гэхэд хилсдэхгүй. Иймд аль ч утгаараа Ковид-19 нь бидэнд маш том боломжийг нээж өгч байгаа юм.

Үүнд бид улсын хэмжээнд зөв стратегитай байхаас гадна хувь хүнийхээ хувьд ч хөрөнгө оруулалтын боломжуудыг тус зүгээс харах ёстой санагдана. Харин та Хятад ардын нэгэн зүйр үгийг санах хэрэгтэй. Тэр нь “Clean water has no fish; 清水无鱼” буюу Монголоор “Зан сайтай айлд хүн цуглана. Замаг сайтай нууранд загас цуглана” гэх үгс юм. Өөрөөр хэлбэл тэнд боломж байгаагийн хирээр асуудал бий. Тэгэхээр ирэх онуудад бид тэдгээр асуудлаас хэрхэн зайлж, эрсдэлээ хэрхэн удирдаж, түүний цаана орших боломжоос хэр их шингээж чадах вэ гэдэг л гадаад орчин талаасаа гол анхаарах асуулт болж байна.

Энэхүү нийтлэлийг PURPLEBOOK сэтгүүлийн № 2020/01 дугаарт зориулан Эдийн засагч Г.Ганзориг нийтлэв.