Бизнесийн хатуужил ба хямрал

ХУРААНГУЙ

Хүн төрөлхтөн өнөөгийн түвшинд хүрэхдээ олон тооны саад бэрхшээл, үйл явдлын даван туулсан байдаг. Үүний л нэгэн адил Ковид 19 бидэнд төсөөлж байгаагүй олон сорилтыг бий болгосон байгаа юм.  Гэсэн хэдий ч зарим компаниуд, зарим хувь хүмүүс энэхүү сорилтыг боломж болгон ашиглаж, дараагийн шатандаа гарсаар байна.
Тэдгээр байгууллага болон хувь хүмүүс нь Ковид 19 цар тахлыг даван туулахдаа дараах гурван үе шатаар дамжин өнгөрсөөр байна.


   

Ковид 19 цар тахал анх гарснаас хойш нэлээдгүй хугацаа өнгөрч, "Эргэн сэргэлтийн" үе шатруу ойртох тусам маргаашдаа чиглэсэн үйл ажиллагааг төлөвлөх хэрэгцээ шаардлага гарч байна. Түүнчлэн үүнийг олж харсан Өөрчлөлтөд тэсвэртэй удирдагч нь өөрийн багийн гишүүдийн сэтгэл зүйг энэхүү шилжилтэд бүрэн бэлдэж чаддаг байх хэрэгтэй болж байна. Өнөөгийнх шиг ийм тодорхойгүй нөхцөл байдалд өөрчлөлт хийхийн тулд удирдагчдад өөрийг нь дагах хүмүүс хэзээ хэзээнээс илүү хэрэгтэй бөгөөд үүнийг гагцхүү дундаршгүй харилцан итгэлцлээр л дамжуулан бий болгох боломжтой. Үүний тулд Өөрчлөлтөд тэсвэртэй удирдагчийн хийх хамгийн эхний алхам бол нөхцөл байдал эргэж хэвийн байдалд ороход "амжилт" хэрхэн тодорхойлогдохыг урьдчилан харах юм. Үүний дараа тэрээр өөрийн багийг тухайн амжилтад хөтлөх буюу тэрхүү үр дүнд хүрэхийн тулд "agile" зарчимд суурилсан, богино хугацаанд хурдан хийж гүйцэтгэх ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлэхэд зааварчилж зөвлөнө.

Энэхүү нийтлэлийн гол зорилго бол олон улсын томоохон байгууллагууд Өөрчлөлтөд тэсвэртэй удирдлагын зарчмуудыг үйл ажиллагааны түвшинд хэрхэн оновчтой хэрэгжүүлж буйг ажиглан, дүн шинжилгээ хийж тэдгээрээс суралцах юм. Мөн түүнчлэн мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагын хувьд бид тухайн байгууллагуудын Дотоод Аудитын нэгж нь энэхүү хэцүү цаг үед хэрхэн эрсдэл бүхий орчин нөхцөлийг зөв таньж хариу үйлдэл үзүүлж буй талаар хүмүүстэй хуваалцахыг зорьсон.

Нийтлэлд дахин дахин дурдагдах Өөрчлөлтөд тэсвэртэй байдал гэдэг бол хүрэх эцсийн цэг бус гагцхүү оршин тогтнох арга хэлбэр гэдгийг зөвөөр ойлгох нь чухал. Нөгөө талаас Өөрчлөлтөд тэсвэртэй байгууллага гэж хямралын дараа өмнө нь байсан байдалдаа буцаад очих байгууллагыг хэлэхгүй. Харин жинхэнэ шинэчлэлтийг хийж чадсан, байгууллагын хэмжээнд зохистой хандлага, итгэл үнэмшил, уян хатан байдал болон тогтвортой бүтцийг гүн гүнзгий суулгаж хямралын өмнө байснаасаа хэд дахин илүү ахиц дэвшил гаргаж чадсан байгууллагыг хэлэх юм.  

Энэхүү нийтлэл нь Делоитт-с гаргасан томоохон нийтлэлийн хураангуйлан, өөрчилсөн хувилбар бөгөөд бүрэн эхийг дараах холбоосоор татаж авч болно: 

https://www2.deloitte.com/global/en/pages/about-deloitte/topics/combating-covid-19-with-resilience.html

 

"ӨНӨӨДӨР"-C "МАРГААШ"-Д ШИЛЖИХ ЯВЦАД ГАРАХ СЭТГЭЛГЭЭНИЙ ӨӨРЧЛӨЛТ

"Агуу удирдагчдын түүхэн замналыг эргэж харвал тэд ирээдүйг бүтээх явцдаа хямралыг мөн даван туулж байсан" гэж Хенри Кисинджр хэлсэн байдаг. Ковид 19 цар тахлын үед байгууллагыг удирдан чиглүүлж буй хүмүүс үүнтэй адилаар ганц өнөөдрийн хямралыг даван туулахад бус маргаашийн амжилтыг бий болгоход давхар анхаарах хэрэгтэй болсон.

Ковид-19 анх тархаж эхлэхэд тухайн цар тахлын эсрэг авах арга хэмжээгээ төлөвлөж байсан удирдлагууд "өнөөдөр"-т илүү анхаарч байсан. Харин Эргэж сэргэх өнөө үед удирдлагууд "маргааш"-д анхаарлаа хандуулах хэрэгтэй болж байгаа бөгөөд сэтгэлгээний өөрчлөлтийг бий болголгүйгээр үүнийг хийх боломжгүй. Тиймээс Өөрчлөлтөд тэсвэртэй удирдагчийн хийх бас нэгэн чухал алхам бол шаардлагатай байгаа сэтгэлгээний өөрчлөлтийг таньж ойлгох юм.

Шаардлагатай байгаа сэтгэлгээний өөрчлөлтийг таньж ойлгох: Эргэж хөл дээрээ босох явцад өөрчлөлтөд тэсвэртэй удирдагчид байгууллагын хэмжээнд өнөөдөр-т бус маргааш-д төвлөрөх сэтгэлгээний өөрчлөлтийг бий болгож байдаг

Практик дээр энэхүү сэтгэлгээний өөрчлөлтийг хэрхэн бий болгохыг доорх зурагт (Зураг.2) харуулсан болно.

Тодорхойгүй нөхцөл байдал болон түүнээс үүдэн гарах үр нөлөөг тодорхойлж мөн удирдах: Өөрчлөлтөд тэсвэртэй удирдагчид тодорхойгүй нөхцөл байдлыг харж цочдоггүй. Харин ч бүр эсрэгээрээ үүнийг хүлээн авч, шинийг сэдэх боломж болгон ашигладаг байгаа юм.

Хямралаас үүдэн бий болсон тодорхойгүй нөхцөл байдлууд нь нийгэм, байгууллага, хувь хүмүүс гээд бүхий л түвшинд маш их хэмжээний өөрчлөлтийг бий болгож байна:

  • Нийгмийн өмнө хүлээх хариуцлагын өөрчлөлт: Корпорацуудын нийгмийн өмнө хүлээх хариуцлагыг өөрчилснөөр бүх оролцогч талуудын үр ашигтай байдлыг баталгаажуулах
  • Институтийн үүрэг ба дүрмийн өөрчлөлт:  Бизнесүүд төрийн ажил хийж, төрийн байгууллагууд бизнес хийж, ашгийн бус байгууллагууд хоёуланг нь хийх
  • Санхүүжилтийн эх үүсвэр, хэрэглээ, болон хөрөнгийн зах зээл дэх таамаглах боломжгүй нөхцөл байдал: Өргөн цар хүрээтэй эдийн засгийн боломжит хувилбаруудын дунд хэрэгцээг таамаглах нь хүндрэлтэй; хөрөнгө оруулалтын группууд, институтууд болон төр засгийн хооронд  эх үүсвэрүүд шилжиж; зах зээлүүдийн хооронд хөрөнгө шилжих
  • Хэрэглэгчдийн зан төлөвт гарсан өөрчлөлт бол байнгынх: Энэ хямрал нь хэрэглэгчдийн зан төлөв, туршлага, хүлээлт болон цахим харилцааны гүйцэтгэх үүрэг өөрчлөгдөх
  • Бие махбодын, сэтгэл зүйн, санхүүгийн болон цахим аюулгүй байдалд тавигдах хүлээлт шаардлага: Хямралаас үүдэн энэхүү дөрвөн чиглэлээр оролцогч талууд авч хэрэгжүүлэх аюулгүй байдлын арга хэмжээгээ өндөржүүлсэн.

Итгэлцлийг эргэн сэргэлтийн хурдасгуур болгон ашиглах: Өөрчлөлтөд тэсвэртэй удирдагч нар нь өөрсдийн байгууллагын эргэн сэргэх суурь нь итгэлцэл гэдгийг сайтар ойлгодог.  

Өөрчлөлтөд тэсвэртэй удирдагч нар тодорхойгүй нөхцөл байдалд өөрийн баг болон өргөн хүрээний оролцогч талуудад урам зориг өгөх хэрэгтэй ба үүний үндэс суурь нь харилцан итгэлцэл юм. Хэдийгээр итгэлцэл нь хийсвэр ойлголт мэт боловч Зураг.3-т харуулсанчлан хэд хэдэн биет элементээс бүрдэж байдаг:  

Хүрэх эцсийн цэгээ тодорхойлж нэн тулгамдаж буй эрсдэлүүдэд анхаарлаа хандуулах: Өөрчлөлтөд тэсвэртэй удирдагч нь өөрийг багийн гишүүдийг хүрэх эцсийн цэг болон түүнээс хүлээгдэж буй үр дүнгийн тухайд маш тодорхой шийдвэр гаргаж түүндээ тууштай байхад нь зааварчлан чиглүүлдэг.  

Хямралын дараа амжилттай эргэн сэргэж чадсан байгууллагууд доорх дөрвөн алхмын тусламжтайгаар хаана, хэрхэн, хэзээ эргэж гарч ирэхээ маш тодорхой бодож шийдсэн байдаг:

  1. Хүрэх эцсийн цэгээ тодорхойлох: Эргэн сэргэх явцын дараах амжилтыг ямар шалгуураар үнэлэхийг тодорхой болгох 
  2. Үр дүнг урьдчилан тооцоолох: Хүлээгдэж буй үр дүнг дотоод процессын хувьд бус, харин оролцогч талуудын байр сууринаас тодорхойлж авч үзэх
  3. "Sprint" буюу богино хугацаанд хурдан хийж гүйцэтгэх ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлэх: Олон төрлийн тодорхойгүй нөхцөл байдлыг "agile" зарчмын тусламжтайгаар даван туулах
  4. Цагаа нарийн төлөвлөх: Эргэж сэргэхэд анхаарлаа хандуулах цагийг зөв мэдэрч сонгох

Удирдагчид нэн тулгамдаж буй асуудлуудыг идэвхтэйгээр шийдвэрлэх болоод Эргэж сэргэх схем, тактикаа боловсруулах хоорондын төгс тэнцвэрийг хангаж чаддаг. Өнгөрсөн хугацаанд бидний ажигласнаар байгууллагууд доорх таван асуудал дээр эн түрүүнд анхаарч ажиллаж байна:

  • Байгууллагын боловсон хүчнийг эргэн нэгтгэх: Хэзээ, хэрхэн байгууллагын ажилчдыг эргэж оффистоо авчрах вэ? Ингэхдээ тэдний эрүүл мэндийн шаардлага болон санхүүгийн хэрэгцээ хоорондын тэнцвэрийг хэрхэн зохистой хангах вэ?
  • Байгууллагын нийлүүлэлтийн гинжин хэлхээг дахин сэргээх: Үйлдвэрлэлийн болон бараа материалын ханган нийлүүлэлтийн үйл явцыг хэзээ дахин эхлүүлэх вэ? Аль төрлийн бизнес найдвартай хэвээр байна вэ?
  • Бизнесийн тасралтгүй ажиллагаа ба санхүүжилт: Үйл ажиллагаа дахин сэргэх хугацаа, хурд  болон нөхцөл байдал ийм тодорхойгүй үед төлөвлөлтийг хэрхэн хийх вэ?
  • Мэдээлэл технологи болон дижитал шийдлүүдэд хийх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх: Байгууллагын ажилчдад оффис дээр сууж ажиллах, зайнаас ажиллах, эсвэл хосолсон байдлаар ажиллах боломж бололцоог олгохын тулд ямар технологийн шийдлүүд шаардагдах вэ?

Бусдын амжилтаас суралцах: Эргэж сэргэх шатанд шилжиж буй байгууллагууд бизнесийн моделоо шинээр боловсруулж мөн ажиллах арга барилаа өөрчилж байна. 

Эргэж сэргэх энэхүү үе шат нь байгууллага болгоны хувьд шинэлэг бөгөөд танил бус орчин нөхцөл, тиймээс бусдын стратегийг сайтар ажиглан суралцах нь чухал. Гэсэн хэдий ч зөвхөн байгууллагын түвшинд суралцах нь хангалтгүй бөгөөд газар, нэгжийн түвшинд ч үүнийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Доор бид байгууллагын Дотоод аудитын нэгжид бий болох нөлөөллийг тусгайлан авч үзсэн бөгөөд өөрийн харилцагч байгууллагуудын хариу арга хэмжээ авч буй туршлагаас хуваалцсан болно.

ДОТООД АУДИТ

Энэхүү хамгаалалтын гурав дахь шугам нь Ковид 19 цар тахлаас үүдэлтэй хямралд байгууллагын хэмжээний мэдлэг туршлага болон ур чадварыг ашиглан хариу үйлдэл үзүүлэхэд голлох үүрэг гүйцэтгэх нэгж гэдгээрээ онцлог. Аливаа бизнесийн байгууллага Ковид 19 цар тахлын нөлөөлөлд дасан зохицох явцад тухайн байгууллагын Дотоод аудитын нэгж нь Баталгаажуулалт хийх, удирдлагад Зөвлөх болон болзошгүй эрсдэлүүдийг урьдчилан Таамаглах чухал үүргийг гүйцэтгэсээр байх учиртай. Харин үүнийг хийж гүйцэтгэхэд дараах сорилтууд тулгарч болзошгүй:

  • Өөрчлөлтийн явцад хэрхэн үр дүнтэй бөгөөд бодит, хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэлд суурилсан баталгаажуулалтыг хийж гүйцэтгэх вэ
  • Дотоод аудитын ажлын арга барилд хэрхэн өөрчлөлтөд тэсвэртэй бөгөөд уян хатан байгууллагын элементүүдийг суулгаж өгөх вэ
  • Оролцогч талууд болон мэдээллээс хэрхэн хэт хараат бус болох вэ
  • Дотоод аудитын багийг хэрхэн шинээр гарч ирж буй эрсдэлүүдийг даруй таньж мэдэх түвшинд хүртэл сурган сайжруулах ва, баталгаажуулалтад тавигдах шинэ шаардлагуудад хэрхэн нийцүүлэх вэ
  • Эрсдэлийг бууруулах хариу арга хэмжээг тасралтгүй ач холбогдлоор нь эрэмбэлэн хэрэгжүүлэх үүднээс эрсдэлийн үнэлгээний идэвхтэй арга, аргачлалыг хэрэгжүүлэх вэ
  • Хараат бус байдлыг хангах арга хэмжээ болон чанарын баталгаажилтыг шаардлагуудыг хэрхэн зохицуулах вэ
  • Байгууллагын нөөц хуваарилалт болон үйл ажиллагааны хуваарьт гарч буй өөрчлөлтүүдийг хэрхэн хувилбарт суурилсан төлөвлөгөө болон модельд тусгах вэ

Дээрх сорилтуудыг шийдвэрлэж буй байгууллагуудын Дотоод аудитын туршлагуудыг хураангуйлан хүргэвэл дараах чиглэлүүдээс бүрдэнэ:

  • Өөрчлөлтийн үйл явцад оролцох: Ихэнх тохиолдолд өөрчлөлтийг тав тухгүй, нэмэлт даалгавар мэтээр хардаг. Харин үүнийг өөрчилж Дотоод аудитын нэгж нь илүү итгэлтэйгээр өөрчлөлтийн явцад оролцож холбогдох баталгаажуулалтыг аль болох эрт хийх хэрэгтэй, учир нь өнөө үед өөрчлөлтөөс зугтах боломжгүй.
  • Эрсдэлийн үнэлгээний идэвхтэй арга барил ба төлөвлөгөө: Өнөөгийн нөхцөл байдлаас харвал өөрчлөлтүүд зогсолтгүй гарч ирсээр байх болно. Тиймээс Дотоод аудитын нэгж нь тэдгээрийг эрт таньж болохоос нь өмнө хариу арга хэмжээ авах хэрэгтэй болно.
  • Энэ бүгдийг хэрэгжүүлэхийн тулд шаардагдах ур чадвар болон байгууллагын нөөц бүрдүүлэлтийн модель: Дотоод аудитын нэгжийн үйл ажиллагааг удирдан чиглүүлэх гол хүчин зүйл нь тухайн багийн туршлага бус харин байгууллагад тухайн нэгжийн авчрах ёстой үнэ цэнэ. Тиймээс зөв багийг бүрдүүлж шаардлагатай ур чадвар бүхий хүмүүсийг ажиллуулах нь чухал.

Гарч буй өөрчлөлтүүдийг хүлээн зөвшөөрч, илүү зоригтой хөдөлснөөр Дотоод аудитын нэгжүүд өөрийн байгууллагад гүйцэтгэх үүрэг, мөн үзүүлэх нөлөөг нэмэгдүүлэх чухал үе ирээд байна.

Энэхүү нийтлэлийг PURPLEBOOK сэтгүүлийн № 2020/01 дугаарт зориулан Делиотт Онч Аудит ХХК нийтлэв.