Хөл хорионы дэглэм ба хувийн ухамсар

Өнгөрөгч долоо хоногт дотооддоо халдвар алдсан эхний тохиолдол бүртгэгдсэнээр ард иргэдийн дунд нэлээдгүй түгшүүртэй нөхцөл байдал үүсээд байгаа билээ. 2019 оны 12 дугаар сард анх БНХАУ-ын Ухань хотод илэрсэн шинэ төрлийн халдвар болох КОВИД-19 цар тахал нь одоогийн байдлаар дэлхийн 219 улс оронд бүртгэгдээд байгаа юм. Цар тахлын тархалтыг таслан зогсоохын тулд өртсөн улс орнууд түүнд яаралтай хариу арга хэмжээ авч тэмцэх, урьдчилан сэргийлэхээс гадна олон улсын эрүүл мэндийн дүрмийн хүрээнд ажиллан мэдээллийг шуурхай, ил тод, нээлттэй зарлан сэрэмжлүүлэх үүрэгтэй байдаг. Гэвч БНХАУ 2003 онд SARS-ийн эрт тархалтын ил тод байдлыг хугацаа алдан мэдээлснээр шинэ өвчлөлийн хүрээг өргөжүүлсэн шиг 2020 онд ч мөн адил түүх давтагдав. Хятад улсын сар шинийн баяр тохиолдож байсан үетэй вирусийн тархалт давхцаж, эрсдэлийг улам бүр нэмэгдүүлсэн. Түүгээр зогсохгүй сонор сэрэмжээ өндөржүүлэхийг анхааруулсан эмч нарыг шүүмжилж, заналхийлсэн ч удаатай. Арван хоёрдугаар сард анх уг вирусийн халдвар илэрсэн ч нэгдүгээр сард л нийгмийн эрүүл мэндэд аюул учруулах цар тахлын хэмжээнд хүрсэн гэдгийг зарласан. Тухайн үед 20 орны 10,000 орчим хүн халдвар авч, тархалтын хүрээг улам бүр тэлсэн байдаг.

Манай улсын хувьд эхний тохиолдол гуравдугаар сард анх зөөврийн тохиолдлоор илэрч, 11 дүгээр сарын 11-ийг хүртэл дотооддоо халдвар алдаагүй байсан билээ. Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Монгол Улсын Засгийн Газраас “Гамшгаас хамгаалах бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдал”-д шилжүүлж 12 дугаар сарын 1 хүртэл хатуу дэглэмтэй хөл хориог тогтоосон. Энэ нь иргэдийн дунд тодорхой хэмжээний эсэргүүцэлтэй тулгарч байгаа. Нууцаар хот хооронд зорчих, хөл хорион дэглэмийг зөрчих зэрэг зөрчлүүд өдөр бүр илэрсээр. Гэхдээ цар тахлын дэгдэлтийн эхэн үед л хөл хорион чанга дэглэмийг сахих нь уг тахлыг таслан зогсооход хамгийн чухал ач холбогдолтой юм. Хэр хариуцлагатайгаар бид хөл хорионы дэглэмийг хэрэгжүүлж, гэр гэртээ өөрийгөө тусгаарлаж чадна төдий чинээ хурдан вирусийн тархалтыг зогсоож, хэвийн амьдралдаа эргэн орж, хувийн санхүүд учрах эрсдэлүүдийг түргэвчилсэн хугацаанд таслан зогсоох боломжтой. Хөл хорио удаан үргэлжлэх тусам эдийн засагт томоохон хохирлуудыг үзүүлэх эрсдэлтэй учраас дор бүрнээ ухамсартай байж өөрийн болон бусдын эрүүл мэндийн төлөө жоохон л хичээхэд бид үүнийг хурдан хугацаанд хамтдаа даван туулж чадна.

Дэлхий нийтээрээ уг өвчинтэй тэмцэж байх явцад олон төрлийн хүндрэлүүд болон түүнийг шийдэх арга замуудыг эрэлхийлсэн туршлагууд ажиглагдаж байна. Иргэдийн шилжилт хөдөлгөөнд тавих хязгаарлалтыг нэмж чангатгах нь уг вирусийн тархалтыг тогтоон барихад зайлшгүй шаардлагатай арга хэмжээ гэж эрдэмтэд хатуу анхааруулдаг. Гэвч хайхрамжгүй байдлаасаа болон хяналтаа алдсан харамсалтай туршлагууд харагдаж буй. Үүний нэг жишээ бол АНУ.

Оны эхний хагаст өвчлөгсдийн тоогоор БНХАУ тэргүүлж байсан бол одоогийн байдлаар 11,695,711-оор /2020.11.18/ АНУ тэргүүлж байна. Гуравдугаар сарын сүүлээс улс оронд үүссэн цар тахлын нөхцөл байдал ширүүсч эхэлсэн. Ердөө хоёр сарын хугацаанд халдвар авсан иргэдийн тоо нэг сая хол давжээ. Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор хөл хорионы дэглэм тогтоосон ч ард иргэдийн зүгээс их хэмжээний эсэргүүцэлтэй тулгарсан. Дөрөвдүгээр  сарын дунд үеэс эхлэн зуу зуун иргэд Техас, Мэриленд, Мичиган, Нью- Йорк зэрэг олон хот, мужуудад ар араасаа эсэргүүцлийн жагсаал хийж эхэлсэн байдаг. Харин одоогийн байдлаар АНУ-ын халдвар авсан иргэдийн тоог мужаар ангилан үзвэл 1,116,913 халдварын тоогоор Техас муж нэгдүгээрт бичигдэж байгаа ба энэ нь хөл хорионы дэглэмийг мөрдөөгүйгээс үүдэлтэй үр дагавар гэж хэлж болох юм.  Жагсаалтад мөн Калифорни, Флорида, Нью-Йорк зэрэг мужууд /хотууд/ дээгүүрт жагсаж байна. Олон зуугаараа нэг дор амны хаалтгүй, хүн хоорондын зайг барилгүй цугларч, ард иргэд нэгнээ турхирч, “том толгойлсны” хор уршиг хүн бүрийн өмнө тодоос тод харагдаж буй. Доорх графикаас харахад гуравдугаар сард л шугам тогтвортой байсан бол цаашлаад зогсолтгүй өссөн нь үзүүлэлттэй байна.  

АНУ нь цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авахад гаргасан алдаа болгоныг урьдчилан таамаглах, урьдчилан сэргийлэх  боломжтой байсан гэж эрдэмтэн судлаачид үзэж байна. Мэргэжлийн мэдлэгээс татгалзсан засгийн газрын сул хариу арга хэмжээ нь коронавирусийг бэхжих боломжийг олгожээ. Хэдийгээр мэргэжлийн байгууллагуудаас хангалттай анхааруулга өгсөн ч АНУ коронавирусыг хянах бүхий л боломжуудыг үрэн таран хийсэн. АНУ-ын төв банкны тэргүүн “Цар тахлын аюул оргил цэгтээ хүрч, эдийн засгийн сэргэлт удааширхыг” анхааруулсан. Түүнтэй Англи болон Европын төв банкны тэргүүн нар санал нэг байгаагаа ч илэрхийлсэн билээ. Асар их нөөц баялаг, анагаах ухааны хүч чадал, шинжлэх ухааны өндөр хөгжил зэрэг олон давуу талуудтай ч зөв бодлого баримталж чадалгүй, хөл хорионы дэглэмийг уландаа гишгэсний үр дүнд цар тахлын өмнө хүчин мөхөстлөө. Хяналтаа нэг л алдсан тохиолдолд гарах үр дагавар, хохирлын хэмжээ тооцоолж барамгүй их юм.

Харин уг цар тахлын голомт нь болсон БНХАУ дэгдэлтийг хяналтандаа авч чадсан. Одоогийн байдлаар халдвар авсан иргэдийн тоо 86,361 бөгөөд ердөө 353 иргэн л эмчлүүлж байгаа аж. Та бүхэнд сануулан хэлэхэд 1 тэрбум таван зуун сая /1.439.323.776/ шахам хүн амтай улсад халдвар авсан иргэдийн тоо нийт хүн амын 0.006% эзэлж байна.

Вирусийн тархалтыг хяналтандаа авахын тулд зарим улс орнууд хөл хорионы дэглэмийг чандлан сахих, зөрчил гаргасан тохиолдолд хатуу хариуцлага тооцох, иргэдэд өөрийгөө тусгаарлахын ач холбогдлыг ухуулах зэрэг арга хэмжээг үр дүнтэй авч, хэрэгжүүлж чадсан байна. Үүний нэг тод жишээ бол цар тахлын голомттой хамгийн ойр байрлах Тайвань улс. Хоёр болон дөрөвдүгээр саруудад халдвар авсан иргэдийн тоо тасралтгүй өсөж байсан бол мөн сарын сүүл үеэс эхлэн тархалтыг хяналтандаа авсан. Ард иргэдийн дунд худал мэдээлэл тарахаас сэргийлж, зохиомол хомсдол үүсгэх зэрэг асуудал үүсгээгүй тул нөхцөл байдал харьцангуй тайван байсан. Үүний ачаар илүү чухал асуудлуудад анхаарал хандуулах боломж ч бүрдсэн юм.

Хэрэгжүүлсэн арга хэмжээний жишээг дурдахад: Худал мэдээлэл тараах, ард иргэдийн тайван байдлыг алдагдуулах, өдөөн турхирах тохиолдолд 99 мянган ам.долларын мөнгөн торгууль ногдуулах арга хэмжээ авахаар тогтоосон. Түүнчлэн дотоодод буй иргэдийг хөл хорионы дэглэмийг чандлан сахихыг үүрэг болгож, гадаадаас ирсэн иргэдийг хоёр долоо хоног тусгаарлан, тусгаарлалтын журмыг зөрчсөн тохиолдолд өндөр хэмжээний мөнгөн торгууль /33 мянган ам.доллар/ ногдуулах арга хэмжээ авсан. Гуравдугаар сарын сүүлээс Тайванд “1 метр”-ийн дүрэм хэрэгжиж байгаа, энэ нь хүнтэй 1 метрээс илүү ойрхон зайд ойртохгүй байх юм. Доорх графикаас харахад цар тахлын эхэн үед л шугам өсөлттэй байгаа бол дөрөвдүгээр сараас шугам тогтворжсон байдалтай харагдаж байна.

Энэхүү өвчинтэй тэмцэхийн тулд эрүүл мэндийн салбар, Улсын Онцгой Комисс, цэрэг, цагдаа, хүчний байгууллагууд бүхий л хүчээ дайчлан хичээж, бидний төлөө нойр хоолгүй ажиллаж байхад тэдгээр хүмүүсийн олон сарын хүч хөдөлмөрийг үгүй хийхгүйг хичээж дор бүрнээ ухамсартай байж, заагдсан хугацаанд өөрийгөө тусгаарлах нь одоо бидний хийж чадах хамгийн том тус юм. Бид хамтдаа хичээж чадвал тахлыг хяналтандаа авах боломжтой. “Миний эрх, таны эрхээр хязгаарлагдна”, өөрийгөө болон бусдыг хүндэтгэж гэртээ байцгаая.