Хөл хорионы үеэр хүүхдээ хэрхэн дэмжих вэ?

2020 он гарсаар дэлхий нийтээрээ Ковид-19 гэх шинэ сорилттой нүүр тулгарч, улс орон бүр өөрийн ард иргэдийн эрүүл аюулгүй байдлыг хангахын тулд бүрэн боломж бололцоогоо дайчлан, харилцан бие биеэсээ суралцан тэмцсээр байна.

Дэлхийн 216 орны 54,4 сая хүн өвдөж, 1,3 сая гаруй хүн нас бараад байгаа энэ цаг үед манай улсад дотооддоо халдвар тархсан харамсалтай үйл явдал боллоо. Монгол улсад 11 сарын 17-ны байдлаар халдварын нийт 431 тохиолдол бүртгэгдэж, улс даяар гамшгаас хамгаалах бэлэн байдлын гурав дугаар зэрэг рүү шилжээд байна.

Онцгой байдлын улмаас бүгд гэр гэртээ байгаа энэ үед сургуулийн болон сургуулиас өмнөх насны хүүхдүүдэд зориулсан теле болон онлайн хичээлүүд өмнөх үеийг бодвол илүү бэлтгэлтэй, цаг алдалгүй орж байгаа нь эцэг эхчүүдийн хувьд талархууштай зүйл болж байна.

Хөл хорионы улмаас ихэнх эцэг эхчүүд зайнаас ажиллах горимд шилжиж, хүүхдүүдтэйгээ илүү их цагийг өнгөрөөх боломжтой болж байна. Үүнтэй холбоотойгоор, та бүхэнд гэр бүлтэйгээ цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх сэтгэл зүйчдийн зөвлөжүүд болон өөрийн туршлагуудаас хуваалцъя.

Гэр бүлийн бүх гишүүд тайван байх

“Халдвар авчих вий” гэж санаа зовох нь хүний сэтгэл зүйн эрүүл мэнд болон биеийн дархлааны эрхтэн тогтолцоонд сөрөг нөлөөтэй байдаг. Тиймээс айдаст автахгүйн тулд мэдээллийг олон эх сурвалжаас авах бус найдвартай албан ёсны эх сурвалжаас авах нь чухал. Ялангуяа, нийгмийн цочроосон айдаст автуулсан мэдээллийг бага насны хүүхдүүддээ тохирсон байдлаар хэлж ойлгуулах хэрэгтэй. Жишээ нь Гэр Бүл, Хүүхэд, Залуучуудын Хөгжлийн Газар, Хүүхдийг Ивээх Сан хамтран Ковид-19 цар тахлаас болж тусгаарлагдсан хүүхдүүдэд зориулж бэлтгэсэн зөвлөмжийг хүүхдүүддээ үзүүлэхийг санал болгож байна.

Хүүхдэд ээлтэй орчинг бүрдүүлэх

Хүүхдүүдийн сурч бүтээх, дуртай зүйлийг хийх орчныг нь бүрдүүлэхэд онцгой анхаарах хэрэгтэй. Үүнтэй холбоотой дараах зүйлсийг туршаад үзээрэй.

  • Даалгавар хийхэд нь цагийн төлөвлөгөө гаргаж, үр дүнг хамт ярилцах
  • Теле хичээлээ хийхэд нь нэмэлтээр сонирхож буй сэдвээр нь интернет, ном болон гэр бүлийн гишүүдээс асууж, баяжуулахад нь туслах
  • Найзуудтайгаа утсаар ярьж хичээл болон гэрийн даалгавар хэрхэн хийсэн талаараа ярилцах боломжоор хангах.
  • Өдрийн тэмдэглэл бичүүлэх
  • Хамт тоглох
  • Хөгжим тоглох, сонсох
  • Шинэ зүйл хийж сурах, хоббитой болох
  • Ном унших, уншсан номынхоо тэмдэглэлийг бичих
  • Зураг зурах
  • Юм оёж сурах
  • Шүлэг бичих, цээжлэх
  • Дасгал, хөдөлгөөн, иог бясалгал хийх
  • Монгол ардын уламжлалт тоглоомоор тоглох, шагай няслах, морь уралдуулах гэх мэт.

Манай гэр бүлийн хувьд дээрх зөвлөмжүүдээс санаа авч дараах өөрчлөлтүүдийг хийсэн нь үр дүнгээ гаргаж байгаа. Жишээ нь:

  • Хүүхдүүдээ удаан хугацаанд гэртээ байх үеийг бодолцоод гэрийн углаашуудын өвөрмөц өнгө, загварын сонголттойгоор шинэчилсэн.
  • Шүдний сойзуудаа шинэчилсэн.
  • Гэр бүлийн гишүүдийн эрүүл ахуйг сахиж хүн тус бүрийн төрсөн жилийн зурагтай аяга хуваарилан хэрэглэх болсон. /Хүүхдийн ходоодны хэмжээ гадуур хооллодогтой холбоотойгоор сунасан эсвэл агшсан байх магадлалтай тул үүнийг бид гэртээ байх хугацаандаа хэвийн болгох бүрэн боломжтой/
  • Өрөөнийх нь тавилгын байрлалыг нь сольж өдрийн бүх цагийг үр ашигтай өнгөрүүлэх нөхцөл орчинг бүрдүүлсэн.
  • Гэр бүлийн гишүүд өдөр бүр жингээ үзэж, хананд өлгөсөн хүснэгтэд тэмдэглэл хөтөлж байгаа нь хөл хорионы үед жин нэмэх эрсдэлийг хянах боломжийг олгосон.

Та ч гэсэн эдгээр зөвлөмжүүдийг туршаад үзээрэй. Энэ хэцүү цаг үед дор бүрнээ иргэний үүргээ ухамсарлан, заагдсан хугацаанд өөрсдийгөө тусгаарлах нь бидний хийж чадах хамгийн том тус юм.


Эх сурвалж:

Эрүүл мэндийн яам: https://www.mohs.mn/
Монгол ТВ:  http://mongoltv.mn/
https://www.theguardian.com/
ХСҮТөв: https://www.cancer-center.gov.mn/

 Г.Хонгорзул