Бичил тэжээлийн дутагдал

Хүнсний аюулгүй байдал бол Үндэсний аюулгүй байдлын чухал хэрэгжилтийн нэг хэсэг. Хүн бүр эрүүл, урт удаан, чанартай амьдралыг хүсдэг билээ. Харин энэ нь дасгал хөдөлгөөн, сэтгэл зүйн эрүүл мэнд, хооллолтоос шууд шалтгаалах асуудал юм. Бидний биеийн үйл ажиллагаа, эрүүл байдал нь хооллолт, хоол хүнсний эрүүл, аюулгүй байдалтай шууд хамааралтай гэдгийг бид мэднэ. Гэвч хүнсний аюулгүй байдал хангалттай хэмжээнд байгаа эсэхийг хэрхэн мэдэх вэ? Хүнсний аюулгүй байдлыг дараах гурван хүчин зүйлээр тодорхойлдог. Үүнд: Хүнсний хангамж, хүнсний шим тэжээллэг байдал, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал.

Монгол улсын хүнсний хангамжийн тогтвортой байдлын хувьд 2019 онд малын мах, сүү, төмс, гурилыг 96.3-100 хувь дотоодын үйлдвэрээрээ хангасан байна. Харин сүүн бүтээгдэхүүн, гурилан бүтээгдэхүүн, хүнсний ногоо, өндөг зэрэг хүнсний хангамжийн гол нэрийн бүтээгдэхүүнүүдийн 50-60 хувийг дотооддоо үйлдвэрлэжээ. Загас, загасан бүтээгдэхүүн, мах , төрөл бүрийн будаа, жимс жимсгэнэ, ургамлын тос, элсэн чихэр зэрэг нь 96-100 хувийн импортын хамааралтай байна. Үүнийг манай улсын байгаль цаг уурын нөхцөлтэй холбон тайлбарлаж болох юм.

Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын хувьд хяналтын итгэмжлэгдсэн лабораториудын нэгдсэн сүлжээний хэмжээнд 2019 онд хими, хор судлал, эрүүл ахуй, нян судлал, ургамал, хорио цээрийн чиглэлээр нийт 106,1 мянган сорьцод давхардсан 290,6 мянган үзүүлэлтээр шинжилгээ хийснээс бохирдлын түвшин 3.3 хувьтай гарсан байна.

Хүнсний шим тэжээллэг байдлыг тодорхойлох зорилготойгоор Үндэсний статистикийн хорооноос явуулсан судалгааны дүнгээс үзэхэд улсын дунджаар жишсэн нэг хүний хүнснээс авах илчлэг болон үндсэн шимт бодисын хэмжээ зөвлөмж нормтой харьцуулахад бүх улиралд давсан, харин байршлын хувьд ялгаатай буюу нийслэл, орон нутгийн хувьд харилцан адилгүй байна. Хүн амын хоол тэжээлийн үндэсний 5 дугаар судалгаагаар 5 хүртэлх насны хүүхдийн 90 хувь, жирэмсэн эмэгтэйчүүдийн 95 хувь, эрэгтэйчүүдийн 82 хувь нь Д амин дэмийн дутагдалтай байгааг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс тогтоосон. Мөн хүн амын дунд А амин дэмийн дутагдлын тархалт “дунд зэрэг”, төмөр иодын дутагдал тодорхой түвшинд байгаа тул олон төрлийн хүнс хэрэглэх, өргөн хэрэглээний хүнсийг баяжуулахыг зөвлөмж болгосон байна. Хүн амын дундах илүүдэл жин, таргалалт нийгмийн эрүүл мэндэд ноцтой үр дагавар учруулах түвшинд хүрсэн тул эрүүл хооллолт, хүнсний зохистой хэрэглээний талаар олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх, амин дэм, эрдсээр баялаг хоол, хүнсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн судалгааны үр дүнд хүрчээ. Иймд бид нийгмийн эрүүл мэндийн эрсдэлийг бууруулах тал дээр анхаарч ажиллах шаардлагатай байгаа юм.

Үүнтэй холбоотойгоор хоол хүнсээрээ дамжуулан амин дэм, эрдэс бодисоо хэрхэн нөхөж болох талаар зөвлөмжийг хүргэхийг зорилоо. Хоол хүнсээр нөхөгддөг нийт 9 төрлийн амин дэм байдаг бөгөөд эдгээрийг зохистой хэмжээгээр хэрэглэж хэвших нь эрүүл, чанартай амьдралын гол үндэс юм. Бичил тэжээлийн дутагдлын үед ямар хүнсний бүтээгдэхүүн хэрэглэвэл зохистой талаар бид бишгүй л олонтаа уншиж байсан. Гэвч зарим амин дэмийг нөхөхийн тулд тос, тосон бүтээгдэхүүн, давс, махны хэрэглээгээ нэмэх шаардлагатай болдогтой холбоотойгоор хэтрүүлэн хэрэглэх тохиолдлууд үүсдэг. Иймд бид үндэсний хоол хүнсний V дугаар судалгаан[1] дээр үндэслэн иргэдийн дунд ямар бичил тэжээлийн дутагдал элбэг тохиолдож байгаа талаарх мэдээллийг нэгтгэн хүргэж байна. Дутагдалтай гэгдэж буй А, Д амин дэмүүд, төмрийн дутагдалтай тохиолдолд ямар үр дагавартай болохыг та мэдэх үү?

Д амин дэм гэж юу вэ?

Энэхүү амин дэм нь хоол хүнсний бүтээгдэхүүнээр хүний биед орохоос гадна нарны хэт ягаан туяа (Ultraviolet B)-ны нөлөөнд арьсан дор нийлэгждэг. Д амин дэм нь кальцийг зохицуулах, цусан дахь фосфорын түвшинг хадгалахад чухал үүрэг гүйцэтгэдэг ба эрүүл ясыг хадгалахад нэн чухал хүчин зүйл болдог юм. Жирэмсэн үе, нярай, бага болон өсвөр насны хүүхдийн эрчимтэй өсөлтийн үед ясны хэвийн өсөлтийг хангах, кальцийг биед шингээх, дархлааг сайжруулах, зүрх судасны тогтолцооны хэвийн үйл ажиллагааг хангах зэрэгт Д амин дэмийн хэрэгцээ эрс нэмэгддэг. Харин манай орны хувьд газар зүйн байрлалын улмаас Д амин дэмийг хангалттай хэмжээнд авч чаддаггүй учраас ямар хүнсэнд хэрхэн хэрэглэхээ, зохистой хэмжээг мэддэг байх нь чухал. Ихэвчлэн далайн гаралтай хүнс болох загас,тослог ихтэй загас, консервлосон туна загас болон өндөгний шар, мөөг, үнээний сүү гэх зэрэг байгалийн гаралтай хүнсэнд агуулагддаг. Мөн цагаан хоолтон хүмүүст зориулан ургамлын гаралтай сүү үйлдвэрлэдэг компаниуд сое сүү зэргийг Д амин дэмээр баяжуулдаг байна. Гэхдээ та найрлагыг нь заавал шалгаж хүнсэндээ авч хэрэглээрэй.

Д амин дэмийн дутагдал нь ямар үр дагавартай вэ? 

 Д амин дэмийн дутагдал нь хүний биед 200 гаруй өвчин үүсэх шалтгаан болдог /дархлаа сулрах, цусны даралт ихсэх, чихрийн шижин, зарим эрхтний хавдар зэрэг архаг өвчнөөр өвчлөх магадлал нэмэгддэг гэх мэт/ ба хорт хавдраар өвчлөх магадлал нэмэгдүүлэг байна. Тухайлбал Д амин дэмийн түвшин хангалтгүй байх нь ясны эрдэсжилтэд сөргөөр нөлөөлж, хүүхдийн өсөлт хоцрох, насанд хүрэгчдийн яс зөөлөрч сийрэгжин хугарах эрсдэлийг нэмэгдүүлдэг. Д амин дэм дутагдлын улмаас хүүхдэд рахит өвчин үүсэх бөгөөд хүүхдийн яс зөөлрөх, ясны хэлбэр өөрчлөгдөх шинж (майга эсвэл саруй хөл гэх мэт)-ээр илэрдэг. Харин хүний биед энэхүү амин дэмийн түвшин хангалттай байх нь зүрхний шигдээсээр өвчлөх, нас барах эрсдэлийг бууруулдаг эерэг талтай.

А амин дэм гэж юу вэ? 

А амин дэм эд, эсийн нөхөн төлжилтөд оролцохын зэрэгцээ, дархлааны тогтолцооны амин чухал бүрэлдэхүүнд багтаж, халдвартай тэмцэхэд тусалдаг. Хүний бие махбодын эрчимтэй өсөлтийн үе буюу жирэмслэлт, хөхүүл үе, нялх, хүүхэд насанд А амин дэмийн хэрэгцээ хамгийн өндөр байдаг. А амин дэм нь тосонд уусдаг амин дэмийн бүлэгт байдаг. Элэг, өндөг, лууван, бууцай, чихэрлэг төмс, чангаанз, шар хулуу, броколли зэрэг амьтны болон ургамлын гаралтай олон төрлийн хүнсний бүтээгдэхүүнд А амин дэм агуулагддаг. Гэхдээ ямар төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр /ургамлын гаралтай аль эсвэл махан бүтээгдэхүүнээс/ А амин дэмийг авч буйгаас хамааран хэмжээ харилцан адилгүй байдаг байна. Ихэнх хүмүүс А амин дэмийг бууцай, лууван, чихэрлэг төмс, гэх мэт ургамлын гаралтай хүнснээс авдаг. Гэхдээ ургамлын гаралтай А амин дэмийн шимэгдэлт нь өндөг, малын мах зэрэг амьтны гаралтай хүнсэнд агуулагдах А амин дэмтэй харьцуулахад бага байдаг тул илүү их хэмжээгээр хэрэглэх шаардлагатай байдаг. Түүнчлэн А амин дэм нь тосонд уусдаг тул шимэгдэлтэд өөх, тос зайлшгүй хэрэгтэй. Эдгээр шалтгааны улмаас өөх, тос бага хэрэглэдэг, ургамлын гаралтай бүтээгдэхүүнээр А амин дэмийн хэрэгцээ хангадаг хүмүүсийн дутагдалд өртөх эрсдэл нь илүү өндөр байдаг.

А амин дэмийн дутагдал ямар үр дагавартай вэ? 

Хоол хүнсээр авах А амин дэмийн хэмжээ хангалтгүй байх, халдварт өвчний улмаас бие махбодын хэрэгцээ нэмэгдэх, суулгалт, гэдэсний шимэгч хорхойн халдварын үед тэжээлийн бодисын шимэгдэл буурах зэргээс шалтгаалан А амин дэм дутагдал бий болдог.

А амин дэмийн дутагдалтай хүүхдийн дархлааны тогтолцоо суларч, суулгалт, улаан бурхан зэрэг халдварын эсрэг тэмцэх чадвар буурдаг тул өвчлөх эрсдэл нь маш их нэмэгддэг байна. Мөн түүнчлэн хүүхдүүд нүдний эвэрлэгийн үрэвсэл, цоорлын улмаас сохордог аюултай. Уг амин дэмийн хэрэгцээ хамгийн их байдаг хэдий ч, А амин дэмээр баялаг хүнсний хэрэглээ нь ихэвчлэн бага байдаг тул нялх, бага насны хүүхэд, жирэмсэн, хөхүүл эхчүүдийн дунд А амин дэмийн дутагдалд өртөх эрсдэл өндөр байна. Иймд бага насны хүүхэд, жирэмсэн болон хөхүүл эхчүүдийн А амин дэм агуулсан хүнсний бүтээгдэхүүнээс өөрт тохирохыг сонгон хэрэглэж хэвших нь зүйтэй.

Иод гэж юу вэ?  

Иод нь хүний бие махбодын бодисын солилцоог зохицуулах, ураг, нялх хүүхдийн хэвийн өсөлт, тархины хөгжилд шийдвэрлэх үүрэгтэй бамбай булчирхайн дааврын нийлэгжилтэд нэн шаардлагатай эрдэс юм. Хүний биед ойролцоогоор 20-50 мг иод байдгаас 60% нь бамбай булчирхайн хэсэгт, үлдсэн хувиуд нь цус, шөрмөс, өндгөвч гэх зэрэг эрхтнүүдэд агуулагддаг байна. Иод нь далайн загас, замаг зэрэг далайн гаралтай хүнсэнд маш баялаг, харин цагаан идээ, үр тариа, өндгөнд маш бага хэмжээгээр агуулагддаг. Газар зүйн байрлалаас хамааран хөрсөнд ургах жимс, ногооны иодын агууламж далайн гаралтай бүтээгдэхүүнээс харьцангуй бага байдаг. Иодоор баялаг хүнсний хэрэглээ хангалтгүй байгааг харгалзан дэлхий дахинд давсыг иоджуулж, хүн амын иодын хэрэгцээг хангах стратегийг баримталдаг.Иод нь бүх насны хүмүүсийн биед хэрэгтэй эрдэс бодис бөгөөд ялангуяа өсөлтийн үе болох жирэмсний үе, хүүхэд өсөж бойжих үед нэн чухал үүрэгтэй юм.

Иодын дутагдал ямар үр дагавартай вэ? 

Хоол хүнсээр авах иодын хэмжээ хангалтгүй байх нь иодын дутагдлын үндсэн шалтгаан болдог. Иодын дутагдлын улмаас хүний бие махбодын хөгжилд олон тооны саатал үүсдэг бөгөөд тэдгээрийг бүхэлд нь нэгтгэн иодын дутагдлын эмгэг (ИДЭ) гэж нэрлэдэг билээ. Жирэмсэн эмэгтэй иодын дутагдалд өртвөл үр зулбах, дутуу төрөх эрсдэл нь ихэсдэг бөгөөд амьдарч чадсан ургийн өсөлт эргэшгүйгээр хоцрогдож, уураг тархи нь гэмтдэг байна. Ийнхүү төрөлхийн өсөлт хоцролт, уураг тархины гэмтэлтэй, ураг оюун ухааны хомсдолтой хүүхэд болон өсдөг. Жирэмсэн эх иодын хөнгөн хэлбэрийн дутагдалд өртөхөд хүүхдийн суралцах, боловсрол эзэмших сэтгэн бодох чадвар (IQ) буюу оюун ухааны чадамж нь буурдаг эрсдэлтэй. Иоджуулсан давс хэргэлдэггүй улс оронд иодын дутагдал түгээмэл байдаг тул хүүхдийн сурлагын амжилт, насанд хүрэгчдийн хөдөлмөрийн бүтээмж, нийгэм, эдийн засгийн хөгжилд сөрөг үр дагавар авчирдаг талтай. 

ИДЭ-ийг эмнэл зүйн шинж болон лабораторийн шинжилгээний аргаар хүний шээсэн дэх иодын агууламжийг тодорхойлж оношилдог. Иод дутагдлын үед хүүхэд, насанд хүрэгчдэд түгээмэл илэрдэг эмнэлзүй шинж бол бамбай булчирхай томрох буюу бахлуур юм. Бамбайн булчирхайн томролт нүдэнд харагдахгүй харин гарт тэмтрэгддэг. Ургийн иод дутагдлын хүнд хэлбэрийн үед төрөлхийн крентинизм үүсдэг. Энэ үед хүүхдийн өсөлт зогсож одой болдог бөгөөд уураг тархины гэмтлийн улмаас оюун ухааны хомсдол үүсдэг. Хүний бие махбодын иодын ихэнх хэсэг шээсээр эргэн ялгардаг байна.

Төмрийн дутагдал гэж юу вэ? 

Төмөр нь хүний бие махбодын болон оюун ухаан, танин мэдэхүйн хөгжилд нэн шаардлагатай эрдэс юм. Хүний амьдралын мөчлөгийн жирэмсэн, нялх, балчир болон өсвөр насанд төмрийн хэрэгцээ хамгийн өндөр байдаг. Гэхдээ төмөр нь хүний амьдралын бүхий л үе шатанд амин чухал үүрэгтэй. Төмөр нь амьтны болон ургамлын гаралтай хүнсэнд агуулагддаг бөгөөд малын мах, шувуу, загас нь төмрийн маш сайн эх сурвалж болдог. Мөн шош, буурцаг, вандуй, самар, үр, гүн ногоон навчит ногоо зэрэг ургамлын гаралтай хүнс нь төмрөөр баялаг байдаг аж. Ургамлын гаралтай хүнсэнд агуулагдах төмөр нь амьтны гаралтай төмөртэй харьцуулахад шимэгдэлт багатай байдаг. Иймд төмрийн хэрэгцээгээ хангахын тулд ургамлын гаралтай хүнсийг илүү их хэмжээгээр хэрэглэх шаардлагатай болно. Энэ шалтгааны улмаас цагаан хоолтон хүмүүс төмөр дутагдалд өртөх эрсдэл ихтэй байдаг.

Төмрийн дутагдал ямар үр дагавартай вэ? 

Хоол хүнсээр авах төмрийн хэмжээ хангалтгүй байх, шимэгдэлт буурах, бие махбодын хэрэгцээ нэмэгдэх, хумхаа, гэдэсний шимэгч хорхойн халдварын улмаас төмөр алдагдах зэрэг шалтгаанаар хүний бие дэх төмрийн нөөц шавхагдаж “төмрийн дутагдал” үүсдэг. Төмрийн дутагдал даамжрахад төмрийн дутагдалын шалтгаантай цус алдалт үүснэ. Төмрийн дутагдалын цус багадалтын үед цусны улаан эсийн тоо цөөрч, хүчилтөрөгчийг зөөвөрлөх чадавх буурдаг. Цус багадалт нь хүүхдийн бие махбодын болон танин мэдэхүйн хөгжил саатах, насанд хүрэгчдийн хөдөлмөрийн бүтээмж буурахад хүргэдэг тул дэлхий дахинд “нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал” хэмээн нэрлэж байна. Өнөөдөр дэлхийн хүн амын дунд тохиолдож буй нийт цус багадалтын 50 хувь нь төмрийн дутагдлын шалтгаантай байна. Иймд төмрийн дутагдал нь цус багадалтын хамгийн түгээмэл шалтгаан хэмээн үнэлдэг. Мөн халдвар, үрэвсэлт эмгэгүүд нь цусны улаан эсийн боловсролт, үйл ажиллагаа болон төмрийн шимэгдэлт, ашиглалтад сөргөөр нөлөөлж, архаг үрэвслийн гаралтай цус багадалтад хүргэдэг.

Хүмүүс хооллолтын уламжлалт хэв маягаас эрүүл бус хоол, хүнсний хэрэглээнд шилжихийн зэрэгцээ, өдөр тутмын идэвхтэй хөдөлгөөнтэй байдлаас гар утас, компьютер, телевизийн өмнө сууж өнгөрөөх хугацаа уртсаж, илүүдэл жинтэй болох эрсдэл нь нэмэгдсээр байна. Илүүдэл жин ба таргалалттай хүн артерийн даралт ихсэлт, зүрхний өвчин, харвалт, чихрийн шижин зэрэг өвчлөлд өртөмтгий байдаг.

Амин дэмийн дутагдал нь хүний биеийн дархлааг сулрахад нөлөөлж, олон төрлийн өвчин үүсэх шалтгаан болдог. Зүрх судасны өвчин, хортой болон хоргүй хавдар, чихрийн шижин, ургийн буруу хөгжил, ясны хөгжил, оюун ухааны хөгжил зэрэг хүний хөдөлмөр эрхлэх чадвар, нөхөн үржих чадвар зэрэгт маш том сөрөг нөлөө үзүүлэх өвчнүүд үүсэх эрсдэлтэй юм. Жишсэн нэг хүний хүнснээс авах илчлэгийн хэмжээ нь дараах байдлаар хуваагддаг, үүнд: илчлэг /киллкалори/ - 2400, уураг/грамм/ - 90, тос/грамм/ - 67,нүүрс ус/грамм/ - 360. Харин амин дэмүүдийн хувьд нас, хүйснээс хамааран харьцангуй адилгүй байдаг.

 

Өдөрт авбал зохистой амин дэмийн хэмжээ

Нас

Витамин А (мкг)

Витамин В6 (мкг)

Витамин В12 (мкг)

Витамин С (мкг)

Витамин Д (ME)

Витамин Е (мг)

Иод (мкг)

Төмөр (мг)

Нярай

0-6 сар

400

0.1

0.4

40

400

4

50

0.25

7-12 сар

500

0.3

0.5

50

400

5

50

4

Хүүхэд

1-3 нас 

300

0.5

0.9

15

600

6

90

7-18.0

4-8 нас 

400

0.6

1.2

25

600

7

90-100

9-22.0

Эрэгтэй

9-13 нас

600

1

1.8

45

600

11

120

9-22.0

14-18 нас

900

1.3

2.4

75

600

15

150-200

15

19-70 нас

900

1.3

2.4

90

600

15

150

10-13.0

>70 нас 

900

1.7

2.4

90

600

15

150

10-13.0

Эмэгтэй

9-13 нас

600

1

1.8

45

600

11

120

9-22.0

14-18 нас

700

1.2

2.4

65

600

15

150-200

20

19-70 нас

700

1.3

2.4

75

600

15

150

20-30

>70 нас 

700

1.5

2.4

75

800

15

150

20-30

Жирэмсэн эхчүүд

19-50 нас

770

1.9

2.6

85

600

15

175-200

30

Хөхүүл эхчүүд

19-50 нас

1300

2

2.8

120

600

19

175-200

20

 

PS: Төмөр болон иод-ийн өдөрт авбал зохистой хэмжээ нас, хүйс болон тухайн хүний биед агуулагдах үндсэн төмөр, иод-ийн хэмжээнээс шалтгаалан харилцан адилгүй байдаг тул та өөрт тохирсон тунг мэргэжлийн эмчид хандан тодорхойлуулах шаардлагатай.

 


Эх сурвалж:

[1] Монгол Улсын хүн амын хоол тэжээлийн тулгамдаж буй асуудал(V судалгааны тайлан) 2017 он

“Мандал Эрсдэлийн Институт”