Хөл хорионы үед хэрхэн үр дүнтэй ажиллах вэ?

Ихэнх хүмүүст гэрээсээ онлайнаар ажиллах, суралцах нь шинэ санагдаж магадгүй. Миний хувьд ч тэр хөл хорио эхэлснээс хойш ихэнхдээ гэр бүлийнхэнтэйгээ амарч орчиндоо анхаарлаа төвлөрүүлэн бүтээмжтэй ажиллана гэдэг эхний хэдэн өдөр сорилт болж байлаа. Ингээд сахилга баттай бүтээмжтэй ажиллахын тулд шийдэл хайж эхэлсэн минь цагийн менежментийн Помодоро техникийг олж мэдэх завшаан болж, ашиглаж эхэлснээс хойш миний хувьд бүтээмж хэд дахин нэмэгдсэн. Ажлынхаа хажуугаар онлайн хичээл үзэж, шинэ контент бүтээх цаг зав хангалттай байгааг ойлгосон юм. Хэрвээ танд ч гэсэн гэрийнхнийхээ хажууд төвлөрч ажиллана гэдэг асуудал болж байгаа бол уг техникийг хэрэгжүүлээд үзээрэй.

Помодоро техник гэж юу вэ?

Помодоро техник нь цагийн менежментийн систем бөгөөд Франческо Чирилло /Francesco Cirillo/ гэх Итали эр анх 1980-аад онд оюутан байхдаа уг системийг өөрийн бүтээмжийг сайжруулахаар санаачилжээ. Бусдын л адил тэрээр нэг зүйлд удаан анхаарлаа төвлөрүүлж чаддаггүй, хичээл шалгалтандаа бэлдсэн хэдий ч хэдэн цагийн дараа юу сурснаа мартаж орхидог нэгэн байжээ. Нэг өдөр тэрээр өөртөө хатуу сануулга өгч “Би яг 10 минут суугаад хичээлээ хийж чадах уу?” хэмээн өөрөө өөртэйгөө мөрий тавьжээ. Цагаа яс харах хэрэгтэй байсан тул гал тогооноосоо хоолны цаг хардаг /манайхаар бол буузны цаг заадаг/ жижигхэн улаан лооль хэлбэртэй цагийг ашигласан нь өдгөө ПОМОДОРО /Италиар улаан лооль гэсэн үг/ техникийн эхлэл болжээ. Түүнээс хойш тэрээр үр дүнтэй ажиллаж эхэлсэн бөгөөд найз нөхөд, сургуулийн бусад оюутнуудтайгаа хуваалцаж уг системээ хөгжүүлсээр 2006 онд ПОМОДОРО ТЕХНИК гэсэн номоо гаргаснаар уг цагийн менежментийн систем дэлхий даяар тархсан байна.

1 помодоро нь үндсэндээ 30 минутын давтамжтайгаар ажиллах бөгөөд 25 минутын турш ажиллаж 5 минут амрах зохицуулалттай. 

Помодоро техникийг хэрэгжүүлэх алхмууд:

  1. Өөрийн төлөвлөсөн ажлууд дундаас нэгийг нь сонгож ажиллах.
  2. Цагаа эхлүүлнэ. 25 минутын дараа дуугарахаар сэрүүлэг тавина.
  3. Төлөвлөсөн нэг ажил дээрээ ажиллаж эхэлнэ, өөр ажил болон бусад зүйлд сатаарахгүй байх.
  4. Цаг дуугарсны дараагаар дэвтэр дээрээ хийсэн ажлынхаа ард нэг + тэмдэглэнэ. Завсарлагаар 3-5 минутын турш ажлаас огт өөр зүйл хийнэ. Ажлаа үргэлжлүүлж хийхгүй байх. Энэ хугацаанд сунгалтын дасгал хийж агаар амьсгалж, шингэн зүйл ууж болох юм.
  5. 4 удаа помодоро цаг дуугарсны дараагаар 15-30 минутын урт хугацааны завсарлага авна. Энэ нь танд дараагийн 4 помодоро буюу 2 цагийн турш үр дүнтэй ажиллах суурь болж өгөх юм.

Помодоро төлөвлөлтийг хийх алхмууд

  1. Өөрийн тухайн өдрийн ажлуудаа чухлаас нь дараалан эрэмбэлнэ. Дэвтэр дээр бичиж дор, дор нь помодорогоо бүртгэх нь хамгийн энгийн арга.
  2. Ажил тус бүрийн ард хэдий хугацаанд хийж дуусгах буюу хэдэн помодоро болох вэ гэдгийг тодорхойлно.  Жишээ нь: 1 цагт хийх ажил = 2 помодоро
  3. 5-аас дээш помодоро нэг ажил дээр төлөвлөхгүй байх, тиймэрхүү томоохон ажлыг хэсэгчлэн хуваах.
  4. 1 помодоро хүрэхгүй ажлуудыг хооронд нь нэгтгэх. Жишээ нь: хэд хэдэн харилцагчидруу утсаар ярих, өөрийн и-мэйлүүдэд хариу өгөх гэх мэт
  5. Тухайн өдөр төлөвлөөгүй боловч яаралтай хийх ажлыг санасан даруйдаа тэмдэглэл дээрээ оруулж, помодоро завсарласны дараагаар хэдийгээр хийхээ төлөвлөх
  6. Харин танд дараа хийх ёстой ажил гарч ирвэл үүнийг яаралтай биш ч шинээр хийх ёстой ажлуудад оруулна.

 

Тухайн өдрийн төлөвлөгөөт ажлууд:

Төлөвлөгөөт помодоро

Гүйцэтгэл помодоро

2021 оны төлөвлөгөөн дээр ажиллах

2

+ +

Онлайн хичээл үзэх

4

 

И-мэйлүүдэд хариулах, харилцагчруу залгах

1

 

Яаралтай төлөвлөөгүй ажлууд:

Албаны яаралтай хурал

1

 

Шинэ, яаралтай биш ажлууд:

Шинэ ажилчдад сургалт орох

2

 

Онлайн хичээл нэмж үзэх

4

 

Жишээ хүснэгт №1

Помодорогийн бяцхан дүрэм:

25 минутын турш анхаарал сарниулах зүйлс зөндөө гарч ирж болох юм жишээ нь таны утсанд зурвас ирнэ, утас дуугарна, гэрийнхэн тань юм асууна. Энэ тохиолдолд хэрхэн өөрийн анхаарлыг сарниулахгүй сахилга бат суулгах дүрмүүдийг хэрэгжүүлээрэй.

  • Утсанд зурвас, дуудлага ирсэн тохиолдолд помодоро завсарлагын үеэр л хариулах;
  • Гэрийнхэндээ өөрийн ажиллаж буй помодоро системийг тайлбарлаж цаг явж байгаа үед өөрт тань саад болохгүй байхыг хүсэх;
  • Ердөө 25 минут тул ямар ч асуудлыг завсарлага болтол тэсэх, хэрвээ үнэхээр яаралтай шалтгаанаас болж 25 минутаа дуусгаж чадаагүй бол тэр цагийг дахин эхнээс нь эхлүүлж бүтэн помодород тооцож бүртгэхгүй байх.

Помодоро техник нь багаар ажиллахад маш үр дүнтэй техник бөгөөд хүүхдүүдтэйгээ хамт хичээлээ хийх тохиолдолд ашиглаж болох юм. Мөн хөл хорионы дараа ч гэсэн туршаад үзээрэй.

Гал тогооны минуттай цаг байхгүй бол гар утсан дээрээ Помодоро системд суурилсан аппликейшнийг татаж авч болох юм.

iOS татахAndroid татах

Эх сурвалж:

The Pomodoro Technique by Francesco Cirillo, Francescacurillo.com,

Д.Цэнгүүн