Жилийн тайлан 2020

80 жилийн түүхтэй Монголын даатгалын салбарт шинэчлэл, шинэ стандарт, шилдэг менежментийг нэвтрүүлэх замаар даатгуулагчид, хувьцаа эзэмшигчид, ажилтнууд болон нийгэмдээ бүхэлд нь урт хугацааны үнэ цэнэ бий болгох хүчирхэг бизнесийг цогцлоох аяны эхний арванг амжилт дүүрэн үдэж байна.

2020 оны онцлох үйл явдал:

  • Мандал даатгал ХК нь олон улсын үнэлгээний АМ Best агентлагаас санхүүгийн чадавх болон зээлжих зэрэглэлийн үнэлгээ авсан анхны Монгол компани боллоо. АМ Best агентлаг Мандал даатгалын ерөнхий санхүүгийн чадавхыг “B”, урт хугацааны зээлжих зэрэглэлийг “BB+” гэж тус тус үнэлсэн бөгөөд цаашдын төлөвийг нь “Тогтвортой” хэмээн үзжээ. Энэхүү зэрэглэлийг гаргахад компанийг олон талаас нь судалж, санхүүгийн үзүүлэлтүүд болон өмнөх хугацааны гүйцэтгэлийг “Strong” хэмээн тодорхойлсон байна. Дэлхийд даатгалын салбараар мэргэшсэн үнэлгээ хийдэг олон улсын цорын ганц байгууллагаас ийм үнэлгээ авсан нь Мандал даатгалын андеррайтинг, хөрөнгө оруулалт, эрсдэлийн үнэлгээний үйл ажиллагаа олон улсын стандартын дагуу явагддагийн тод илрэл юм.

  • 2020 онд нийт хөрөнгийн хэмжээ өмнөх оноос 14.7 тэрбум төгрөгөөр өсч 55.2 тэрбум төгрөгт, мөнгөн хөрөнгийн хэмжээ 33.6 тэрбум төгрөгт тус тус хүрч түүхэн дээд хэмжээндээ хүрлээ. Ингэснээр, Мандал даатгал нь Монголын даатгалын салбарын хамгийн том компани гэсэн байр сууриа баталж чадлаа. 

  • Хөрөнгө оруулалтын орлого 5.5 тэрбум төгрөгт хүрч өмнөх оноос 47 хувиар өссөн ба хөрөнгө оруулалтын өгөөж салбарын дундаж өгөөжөөс даруй 7.4 хувь нэгжээр илүү үзүүлэлттэй байна. 

  • Ковид цар тахлын нөлөөгөөр эдийн засгийн өсөлт буурсан, сорилт өндөртэй жил байсан хэдий ч 2020 онд 4.5 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, ашигт ажиллагааны үзүүлэлтээр салбартаа дахин тэргүүллээ. 

  • 2020 онд Төлөөлөн удирдах зөвлөлийн (ТУЗ) шийдвэрээр компанийн 2019 оны цэвэр ашгаас нийт 2.49 тэрбум төгрөг буюу компанийн нэгж хувьцаанд 4 төгрөгийн ногдол ашгийг хуваариллаа. Түүнчлэн, 2020 оны цэвэр ашгаас хувьцаа эзэмшигчиддээ нэгж хувьцаанд 3 төгрөг буюу нийт 1,87 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэлээ.

  • Мандал даатгалын зүгээс нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх, цар тахлын улмаас ард иргэдийн нуруун дээр ирэх санхүүгийн ачааллыг хөнгөрүүлэх зорилгоор “КОВИД” санхүүгийн даатгалын бүтээгдэхүүнийг хөгжүүлж, өөрийн 82,000 даатгуулагчийг үнэ төлбөргүй хамруулав. “КОВИД” нэртэй энэхүү даатгал нь харилцагч Ковид-19 өвчин тусах буюу уг вирус идэвхтэй байдлаар анх удаа оношлогдсон тохиолдолд 500,000 - 3,000,000 төгрөгийн мөнгөн тэтгэмжийг нэг удаа олгох нөхцөлтэй шинэлэг даатгалын бүтээгдэхүүн юм. 

Та Мандал Даатгал ХК-ийн 2020 оны үйл ажиллагааны дэлгэрэнгүй тайлантай танилцахыг хүсвэл доорх холбоосоор орно уу. 

ЖИЛИЙН ТАЙЛАН 2020 [ҮЗЭХ]