2020 ОНЫ НОГДОЛ АШГИЙГ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ДАНСАНД БАЙРШУУЛЛАА

“Мандал Даатгал” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2021 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн ээлжит хурлын шийдвэрээр компанийн 2020 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 3 төгрөг буюу нийт 1,872,904,800 төгрөгийн ногдол ашгийг хуваарилахаар шийдвэрлэсэн билээ.

Ногдол ашгийг 2021 оны Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийг бүртгэх бүртгэлийн өдрөөр буюу 2021 оны 4 сарын 1-ний байдлаар “Мандал Даатгал” ХК-ийн хувьцааг эзэмшиж байгаа нийт хувьцаа эзэмшигчдэд олгох болно.

Ногдол ашгийг 2021 оны 6-р сарын 2-ны өдөр "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК дахь хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулсан. ХАОАТ, ААНОАТ-ын хуулийн дагуу хуваарилахаар шийдвэрлэсэн ногдол ашгийн дүнгээс Монгол улсын иргэнээс 5%, аж ахуйн нэгжээс 10%, гадаад иргэн байгууллагаас 20%-ийн татварыг суутган байршуулсан болно.

“Мандал Даатгал” ХК-ийн Хувьцаа эзэмшигч та өөрийн үйлчлүүлдэг Үнэт цаасны компанидаа хүсэлтээ гарган ногдол ашгаа авах боломжтой.


Мандал даатгал нь байгуулагдсан цагаасаа бизнесийн цар хүрээгээ амжилттай тэлсээр өдгөө Монголын даатгалын салбарт нийт хөрөнгийн хэмжээгээр тэргүүлэгч компани болж чаджээ. Түүгээр зогсохгүй ашигт ажиллагааны түвшингээр салбараа манлайлж, ашгийн хэмжээгээр сүүлийн гурван жил тасралтгүй тэргүүлээд байна. 2020 онд компани 4.5 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан бөгөөд уг үзүүлэлтэд хөрөнгө оруулалтын орлого өмнөх онтой харьцуулахад 47 хувиар өссөн нь эерэг нөлөө үзүүлсэн байна. 

Түүнчлэн, 2020 онд Монголын эдийн засаг 5.3 хувиар агшсан боловч даатгалын салбар гурван хувийн өсөлттэй байв. Мандал даатгалын хувьд нийт хураамжийн орлого 33.2 тэрбум
төгрөгт хүрч өмнөх оноос 15 хувиар өсчээ. Мөн нийт хураамжийн орлогын хэмжээгээр даатгалын зах зээлд эзлэх хувиа хоёр нэгж хувиар ахиулж, 17 хувьд хүргээд байна.

Бидний амжилт бүрийн ард хана мэт бат зогсдог хувьцаа эзэмшигчид та бүхэндээ Мандал Даатгалын 10 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье!