Зам тээврийн ослын дараах та юу хийх хэрэгтэй вэ?

Монгол улсын хэмжээнд 30 жолооч тутмын 1 нь зам тээврийн осолд өртсөн байдаг. Иймд, та ч эрсдэлтэй нүүр тулахыг үгүйсгэхгүй. Зам тээврийн ослын хэлбэрээс үл хамааран тухайн хүн стресст автдаг. Харин стресст автсан үед тархи нөхцөл байдлыг бодитоор дүгнэж чаддаггүй сул талтай. Ослын дараах эхний 10 минут хамгийн чухал бөгөөд энэ хугацаанд та зөв шийдвэр гаргах хэрэгтэй болно.

Ослын дохиог асаах

Зам тээврийн осол болсон даруйд ослын дохиогоо асааж, ослын тэмдгийг тавьж хөдөлгөөнд оролцож буй бусад жолооч нарт анхааруулга өгөх хэрэгтэй. Ингэснээр та бусдыг сэрэмжлүүлж, дахин нэг зам тээврийн осол болохоос урьдчилан сэргийлэх юм. Мөн хэрэв таны зорчигч гэмтсэн бол, та ослын гэрч болсон бол түргэн тусламжид яаралтай дуудлага өгөх шаардлагатай гэдгийг бүү мартаарай.

Замын цагдаагийн 124 дугаарт залгаж дуудлага өгөх

Яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт залгаж дуудлага өгөх

Даатгалын компанитайгаа холбогдох

Өөрийн даатгуулсан компанитай холбогдож ослын талаар мэдээлэл өгч, шаардлагатай баримтуудыг илгээгээрэй! Үүнд: ослын нөгөө талын хувийн мэдээлэл, бичиг баримтыг хуулбар, хохирол үнэлгээний тайлан, мэргэжлийн байгууллагын дүгнэлт, ослын акт мэдэгдэл зэрэг багтана. Мөн ослын нөхцөлийг тод харуулсан зургийг 8 талаас холбогдогчийг болон зам байдлыг оруулан алслан авах, 2 минутын бичлэг хийх хэрэгтэй гэдгийг бүү мартаарай. Энэ нь танд учрах хохирлын хэмжээг багасгах юм. Эдгээр үйлчилгээг түргэн хугацаанд шийдвэрлэх, цагийг тань хэмнэх аргыг сонгох нь зүйтэй.

Мандал Даатгал нь харилцагчиддаа хүрч ажиллахыг эрмэлзэн, цагийг тань хэмнэх зорилготойгоор нөхөн төлбөрийн үйлчилгээг цахимаар үзүүлдэг. Харилцагч та Мандал даатгал аппликейшний тусламжтайгаар та ослын баримтыг, нөхөн төлбөр авах материалуудыг илгээж өөрийн цагийг хэмнэж, ажлаа хөнгөвчлөөрэй.

IOS | Android 

Ослын нөхцөл байдлыг баримтжуулах

Зам тээврийн ослын дараагаар үүссэн нөхцөл байдал, учирсан хохирлыг баримтжуулж боломжит бүх өнцгөөс зураг, бичлэг хийх шаардлагатай. Үүний зэрэгцээ зам, замын тэмдэглэгээ, гэрлэн дохио, эргэн тойрныхоо орчны зургийг дарахаа мартуузай. Учир нь Улсын хэмжээнд бүртгэгдсэн зам тээврийн ослын 2% нь замын нөхцөл байдлаас үүдэлтэй байдаг.

Ослын газраас холдохгүй байх

Зам тээврийн осолд өртсөн тохиолдолд хоёр тал эмнэлгийн тусламж авахаас бусад шаардлагаар хэргийн газраас холдохгүй, орчин нөхцөлийг өөрчлөхгүй байх үүрэгтэй. Ингэснээр, асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлүүлэх, буруутанд хариуцлага хүлээлгэх зэрэг чухал ач холбогдолтой юм. Хөнгөн хэлбэрийн тохиолдол ч гэсэн тээврийн хэрэгсэлд далд гэмтэл бий болох, эрүүл мэндэд нүдэнд үл үзэгдэх хохирол үүсэн байж болзошгүй гэдгийг бүү мартаарай.

Зам дээр зогсохоос зайлсхийх хэрэгтэй

Хөдөлгөөнд оролцож буй бусад жолооч нар ослын дохио, ослын тэмдэглэгээг анзааралгүй дахин нэг зам тээврийн осол гаргах эрсдэлтэй байдаг. Иймд та тээврийн хэрэгслээс буух шаардлагатай тохиолдолд анхаарал болгоомжтой байж, мөн бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулахаас зайлсхийж замын зах хэсэгт байрлаж зогсохыг зөвлөж байна.

Замын хөдөлгөөнийг бие дааж зохицуулахыг оролдох хэрэггүй

Зам тээврийн ослын дараагаар ихэнх тохиолдолд түгжрэл үүсэх хандлагатай байдаг. Зарим үед осолд өртсөн талууд бусад жолооч нарт хөдөлгөөний чиглэл өгч замын ачааллыг бууруулах оролдлого хийдэг. Гэвч энэ нь байдлыг улам бүр дордуулах эрсдэлтэй тул та уг ажлыг тээврийн цагдаагийн албанд үлдээгээрэй.

Илүү дугарахаас зайлсхийх

Зам тээврийн ослын ихэнх тохиолдол хоёр талын буруутай үйлдлээс үүдсэн байдаг. Ослын дараагаар стрессийн түвшин нэмэгдэж та нөхцөл байдалд бүрэн дүгнэлт хийж чадахгүй байх магадлалтай тул өөрийгөө ослын буруутан гэж хүлээн зөвшөөрөх тохиолдол багагүй гардаг байна. Мэдээж хэрэг хэн ч өөрийгөө ослын буруутан гэж хүлээн зөвшөөрөхийг хүсдэггүйн дээр, эсрэг талын зүгээс таныг шахалтад оруулах хандлага ч олонтаа ажиглагддаг. Энэ үед тохиромжгүй үг хэллэг хэлж, санаагаа бүрэн илэрхийлж чадаагүйгээсээ үүдэн өөрийгөө ослын буруутан болгох эрсдэлтэй. Бодлогогүй хэлсэн үг таны эсрэг ашиглагдах эрсдэлтэй тул хэний буруу гэдгийг тодорхойлох ажлыг мэргэжлийн байгууллагад үлдээгээрэй.

Эмнэлгийн тусламжаас татгалзах хэрэггүй

Хэдийгээр та хүнд бэртэл гэмтэл аваагүй гэдэгтээ бүрэн итгэлтэй байгаа ч хэргийн газарт ирсэн эмнэлгийн байгууллагын үзлэгээс татгалзах хэрэггүй. Хэрэв үзлэгийн дараагаар эмч мэргэжилтнүүд танд эмнэлэг явахыг зөвлөсөн бол заавал тэдний үгэнд ороорой. Учир нь гэмтэл зарим тохиолдолд шууд илэрдэггүй тул илүү нарийн үзлэгт хамрагдах шаардлага бий болно.

Хэрэв ослын газар эмнэлгийн тусламж дуудагдаагүй ч таны толгой, хүзүү, хэвлий хэсэгт өвдөлт мэдрэгдвэл зайлшгүй эмнэлгийн байгууллагад хандах хэрэгтэйг сануулж байна.

Хэргийн газар та өөрийн бэртэл гэмтэлд дүн шинжилгээ гаргах боломжгүй. Ослын дараагаар үүсэх цочрол, стрессээс үүдэн та өөрийн бэртэл, гэмтлийг хараахан мэдрээгүй байж болох юм. Ихэнх тохиолдолд зам тээврийн ослын дараагаар үр дагавар 48-72 цагийн дараа гарч эхэлдэг аж.