Жолооны ард гар утас ашиглах нь жолоочид хэрхэн нөлөөлдөг вэ?

Хэдийгээр хөдөлгөөнд оролцох үедээ гар утас ашиглах нь анхаарал сарниулдаг гэдгийг бүгд мэддэг хэдий ч энэ зуршлаасаа салж чаддаггүй. Гар утас ашиглах үед жолоочийн хариу үйлдэл үзүүлэх хурд 3 секундээр буурдаг бөгөөд энэ хугацаанд 49,5 метр зайг туулдаг байна. Хөдөлгөөнд оролцохдоо гар утас тогтмол ашигладаг жолооч нар зам тээврийн осолд өртөх магадлал нь бусад жолооч нараас 80%-иар илүү байдаг.

Хөдөлгөөнд оролцож байх үед чанга яригч дээр тохируулж ярих нь аюулгүй. ХУДАЛ

Олон тооны судалгааны үр дүн жолооны ард утсаар ярих нь зам тээврийн осолд өртөх магадлалыг дөрөв дахин нэмэгдүүлдэг гэдгийг баталсан байдаг. Чанга яригч, утасгүй чихэвч ашиглан ярьсан ч энэ нь радио, дуу зэрэгтэй адил хэмжээгээр жолоочийн анхаарлыг сарниулдаг байна. Хэрэв танд зайлшгүй хариулах хэрэгтэй дуудлага ирсэн тохиолдолд өөрт ойр байрлах зогсоолд машинаа байрлуулж хариулахыг зөвлөж байна.

Хөдөлгөөнд оролцох үед зурвас унших/бичих нь анхаарлыг бага сарниулдаг. ХУДАЛ

Дэлхийн олон орнуудад, тэр дундаа АНУ-ын зарим мужуудад хөдөлгөөнд оролцох үедээ зурвас бичихийг хориглосон хууль тогтоомжийг гарган мөрддөг. Гэвч энэхүү хууль тогтоомж хэрэгжиж эхэлсэн цагаас зам тээврийн ослын тохиолдол эрс нэмэгдсэн байна. Учир нь зайлшгүй шаардлага бий болсон нөхцөлд хүн гар утсаа замын хяналтын камер, цагдаагаас нууж зам харах боломгүй цэгт байрлуулдаг. Ингэснээр хөдөлгөөний явцад анхаарал сарниж, замын нөхцөл байдлыг анзаардаггүй. Үүний зэрэгцээ энэ нь жолоочийн харааны чадамжид нөлөөлдөг байна. Судалгаанаас үзэхэд амь насаа алдсан онц ноцтой зам тээврийн ослын ихэнх тохиолдолд жолоочийн утсанд зурвас ирсэн байсан гэдгийг харж болно. Бидний мэдэж буйгаар ганц л хором анхаарал сарнихад том хэмжээний хохиролтой зам тээврийн осол үүсэх эрсдэлтэй тул та жолооны ард зурвас бичихээс зайлсхийгээрэй.  

Хүн нэгэн зэрэг олон үйлдэл хийж чаддаг. ХУДАЛ

Нэгэн зэрэг олон үйлдэл хийх чадвар гэдэг нь тус тусдаа анхаарал шаардах өөр хоорондоо холбоогүй үйлдлүүдийг нэгэн зэрэг хийхийг хэлнэ. Үнэн хэрэгтээ дэлхийн нийт хүн амын зөвхөн 2% нь л нэгэн зэрэг олон үйлдэл хийж чаддаг аж. Тийм учраас бидний олонх нь үлдсэн 98%-д багтдаг гэж ойлгож болох юм.

Хөдөлгөөнд оролцох үед гар утас ашиглах нь анхаарлыг нэг зүйлд төвлөрүүлэх боломжгүй нөхцөл байдлыг бүрдүүлэхийн зэрэгцээ нэг гараар жолоо барих нь жолоочийн хариу үйлдэл үзүүлэх чадамжид сөргөөр нөлөөлдөг болохыг мэргэжлийн байгууллагуудаас анхааруулдаг.

Иймд та жолооны ард байгаа үедээ анхаарлыг тань сарниулах зүйлс хийхээс зайлсхийхийг зөвлөж байна.

Жолоодлогын үед гар утсан дээрээ газрын зураг ашиглах нь аюулгүй. ХУДАЛ

Энэ нь өмнөх жишээнүүдийн адилаар таны анхаарлыг сарниулах болно. Тиймээс та ойрын замд хөдөлгөөнд оролцохын өмнө замын маршрутыг тодорхойлж, холын замд хүрэх цэгийн зай, замын тэмдэглэгээг сайтар тооцоолохыг зөвлөж байна. Зайлшгүй тохиолдолд зогсож, анхаарлаа бүрэн төвлөрүүлэн ашиглах нь илүү тохиромжтой гэдгийг бүү мартаарай.  

Дуу сонсох нь тийм ч муу үр дагаварт хүргэхгүй. ХУДАЛ

Хүний сонсголд хор хөнөөл учруулахгүй дуу чимээний дундаж хязгаар -10 дБ-ээс +10дБ гэж үздэг бол орчин үеийн дууны төхөөрөмжүүд 100 децибелд хүрдэг байна. Энэ нь сонсголоос гадна жолоодлогын чанарт ч мөн сөргөөр нөлөөлдөг.

Эрдэмтэд долоон жилийн туршлагатай жолооч нарын дунд нэгэн сонирхолтой судалгааг явуулсан байна. Тэд хэсэг жолооч нарт хурдан, цоглог хэмнэлтэй дууг, нөгөө хэсэгт тайван хэмнэлтэй дууг сонсгож үлдсэн хэсэг огт дуу чимээгүй орчинд жолооджээ. Хурдан хэмнэлтэй жолооч нар замын хөдөлгөөний дүрмийг зөрчих хандлага ажиглагдсан бөгөөд зам тээврийн осолд өртөх магадлал нь өндөр байсан байна. Харин тайван хэмнэлтэй дуу сонссон жолооч нар таагүй нөхцөлд өртөх нь бага байсан ч анхаарал нь мэдэгдэхүйц сарниж байжээ. Зөвхөн дуу чимээгүй орчинд жолоодож байсан хэсэг ямар нэгэн дүрэм зөрчилгүй, хөдөлгөөнд бүрэн анхаарлаа хандуулж чадсан байна. Дуу чимээ хүний тархинд нөлөөлснөөр ухамсаргүйгээр тус хэмнэлд автах магадлал өндөр байдаг тул та хэдий туршлагатай ч илүү дуу чимээнээс зайлсхийхийг зөвлөе.