Шинэ жолоочид өгөх 10 зөвлөмж

Зөвлөмж #1

Суудал болон толийг зөв тохируулах нь хөдөлгөөнд оролцох явцад жолоочийн анхаарлыг бусад зүйлсэд сарниулахгүй байхад чухал нөлөө үзүүлнэ. Суудлаа буруу тохируулж хагас цаг орчим явахад нуруу болон хөл орчимд ачаалал нэмэгдэж тухгүй байдлыг үүсгэдэг. Харин жолооны хүрд, толь зэргээ сайтар тохируулах нь хөдөлгөөний аюулгүй байдлыг тань хангахад тустай юм.

  • Суудлаа тохируулахадаа тоормосны дөрөө бүрэн дарахад хөл өвдөг хэсгээр бага зэрэг нугаларсан байдлаар тохируулна.
  • Түшлэгийг тохируулахдаа гараа сунгахад жолооны хүрдний дээд хэсэгт бугуйгаараа хүрэхээр тохируулна.
  • Жолооны хүрдийг жолоочийн цээжтэй эгц параллель байрлуулах хэрэгтэй. Ингэснээр хяналтын самбарын тэмдэглэгээг саадгүй харах боломжийг бүрдүүлэх юм.

Зөвлөмж #2

Зам тээврийн ослын дийлэнх хувь нь замын хөдөлгөөний дүрмийг мөрдөөгүй, хурд хэтрүүлэх зэргээс үүдэлтэй байдаг.

  • Хамгийн захын эгнээг эзлэн замын хөдөлгөөнд оролцож байх үед бордюр (боржур) болон машины хоорондох зайг сайтар тооцоолох. Таны хажуугаар өөр нэг тээврийн хэрэгсэл орох боломжгүй байдлаар шахаж явах хэрэгтэй гэдгийг сануулъя.
  • Баруун/зүүн чиглэлтэй эргэх хөдөлгөөнийг үйлдэхдээ хажуугийн толинд эргэн тойрны орчныг дахин нэг шалгахад илүүдэхгүй. Учир нь таниас хурдтай дугуй, мотоцикл, тусгай үүргийн машин зэрэг гарч ирэх магадлалтай.

Зөвлөмж #3

Хотхоны дундах замд хөдөлгөөнд оролцох явцад хурдыг сааруулах хэрэгтэй. Учир нь явган зорчигч, нохой, муур гэнэт гарч ирэх зэрэг тооцоолоогүй нөхцөл байдал үүсдэг тул сонор сэрэмж хэзээд илүүдэхгүй.

Зөвлөмж #4

Шөнийн цагаар замын хөдөлгөөнд оролцохдоо заавал холын гэрлээ шилжүүлж хэвшээрэй. Учир нь таны өөдөөс ирэх тээврийн хэрэгслийн жолооч таны гэрэлд гялбаж тодорхой хугацаанд үзэгдэх орчин хязгаарлагддаг ба энэ үед тооцоолоогүй эрсдэлтэй нөхцөл байдал үүсэх магадлалтай юм.

Зөвлөмж #5

Өндөр хурдтай хөдөлгөөнд оролцох явцад урд түгжрэл үүсэн байна гэж бодъё. Ийм нөхцөлд хурдаа аажмаар багасгаж, аваарын дохиогоо асааж таны хойно зорчиж буй тээврийн хэрэгсэлд дохио өгөх хэрэгтэй.

Зөвлөмж #6

Гүйцэж түрүүлэх хөдөлгөөн хийхдээ 2-3 машин багтах хэмжээний зайг тооцоолохыг зөвлөж байна. Ингэснээр үзэгдэх орчин нэмэгдэж, гүйцэж түрүүлэх үед хурд авах боломжийг танд олгож, эсрэг урсгалын эгнээнд байх цагийг багасгах юм.

Зөвлөмж #7

Хол замд жолооч нар бие биедээ өгдөг жижиг дохиог мэдэхэд илүүдэхгүй. Хэрэв таны урд зорчиж буй тээврийн хэрэгсэл зүүн талын дохиог өгвөл гүйцэж түрүүлэх хэрэггүй, баруун талын дохиог өгвөл гүйцэж түрүүлэх боломжтой гэдгийг илтгэнэ. Мөн хэрэв эсрэг урсгалын тээврийн хэрэгсэл аваарын дохиогоо өгч байвал ойрын зайд хурд хэмжигч байгаагийн дохио юм.

Зөвлөмж #8

Бороо, цастай үед тоормослох зайг сайтар тооцоолж хөдөлгөөнд оролцох нь чухал юм. Тоормослох зай гэдэг нь тоормосны дөрөө дээр дарснаас хойших тээврийн хэрэгсэл зогсох хүртэлх зайг хэлж байгаа юм. Зогсох зайны томъёо: (Хурд, км/цаг:10)*(хурд, км/цаг:10). Тодруулбал, хэрэв та 50 км/ц хурдтай зорчиж байгаа тохиолдолд зогсох зай 25 м байна гэсэн үг юм. Хэрэв яаралтай тохиолдолд гэнэтийн тоормослох үйлдэл хийвэл энэ зай 2 дахин багасна. Өөрөөр хэлбэл 12,5м болно гэсэн үг юм.

Тээврийн хэрэгслийн төрөл

Тоормосны зай (м)

Мотоцикл/мопед

7,5

Машин

14,7

12 тонн хүртэлх жинтэй тээврийн хэрэгсэл

18,3

12 тонн-с дээш жинтэй тээврийн хэрэгсэл

19,5

Зөвлөмж #9

Шөнийн цагаар аюулгүй хурдыг тохируулж зорчиж хэвшээрэй. Хэрхэн аюулгүй хурдыг тодорхойлох вэ гэж үү? Тодорхойгүй нөхцөл байдал үүсэхэд жолоочийн үзүүлэх хариу үйлдлийн дундаж хурд дараах байдлаар тооцогдоно: 0,3-1,5 секундэд нөхцөл байдлыг таних, тоормослох 0,5 секунд. Ойрын гэрэл дунджаар 80 м, холын гэрэл 200 м зайг гэрэлтүүлнэ. 90 км/ц ийн хурдтай хөдөлгөөнд оролцож байх үед машин секундэд 25 м зайг туулдаг байна. Ийм нөхцөлд зөвшөөрөгдөх хурдны хязгаар ч аюулгүй байдлын баталгаа биш юм.

Зөвлөмж #10

Хөдөлгөөний чиг өөрчлөх тохиолдолд заавал дохиогоо өгч хэвшээрэй. Дохио өгөөгүй хөдөлгөөний чиг өөрчилснөөс үүдэж өдөр бүр зам тээврийн осол гарч, эд хөрөнгө, эрүүл мэнд, амь насаараа хохирсоор байдаг тул та энгийн үйлдлийг хэвшил болгож бусдадаа үлгэрлээрэй.