Монголын хамгийн энэрэнгүй даатгал

Та Монголын хамгийн энэрэнгүй даатгалыг нэрлээч гэвэл алийг нь нэрлэх вэ? Мандал Даатгал уу? Бодь Даатгал уу? Ард Даатгал эсвэл өөр аль нэг нь үү?

Монголын хамгийн хамгийн энэрэнгүй даатгал бол жолоочийн хариуцлагын албан журмын даатгал.  Бидний нэрлэж заншсанаар “албан журмын даатгал” (Цаашид АЖД гэе). Тийм ээ, хүмүүсийн хэлдгээр төр даатгалын компаниудтай нийлж хүчээр шахаж зардаг, ард иргэдээ шулдаг даатгалыг хэлж байна. Энэ нөхөр ер нь яагаад хамгийн энэрэнгүй даатгал болчихов оо?! Танд тайлбарлаж өгье.

1.Энэрэнгүй гэрээний нөхцөл

Ер нь аливаа даатгалын гэрээнд хамгаалж буй эрсдэлүүдийг заасан байхаас гадна хамгаалахгүй нөхцөлүүдийг тусгасан байдаг. Үүн дээр талууд анхнаасаа ойлголцоогүйгээс болж нөхөн төлбөр татгалзлаа гээд тун ч их маргаан үүсдэг л дээ. Харин АЖД-ын хувьд байдал өөр. Даатгалын өнцгөөс харвал ердөө дараах “хоёрхон” тохиолдолд нөхөн төлбөрийг хохирогчид олгоод даатгуулагчаас буцааж нэхэмжилнэ. Огт олгохгүй ч биш олгоод буцааж нэхэмжилнэ гэж байгаа шүү.

  1. Бусдад гэм хор учруулаад хэргийн газраас зугтсан
  2. Согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн байсан

Жолоочийн даатгалын тухай хуулийн 20-р зүйл дээр дурдагдсан байгаа эдгээр 2 нөхцөлтэй маргах хүн байхгүй биз ээ. Нийгмийн аюулгүй байдлын эсрэг гэмт үйлдлүүд учраас даатгалын байгууллага үүнтэй эвлэрээд толгой илээд өнгөрөөж болохгүй. Харин үүнээс бусад тохиолдолд нөхөн төлбөр олгоно. Тоо баримт дурдахад Мандал Даатгал 2021 оны эхний 9 сарын байдлаар АЖД дээр нийт 600 нөхөн төлбөр шийдвэрлэж 0 нөхөн төлбөр татгалзжээ. Зөвхөн эд хөрөнгийн хохирлоос гадна бусдын эрүүл мэндэд учруулсан хохирлыг ч төлөх боломжтойг бас хэлье.

2. Энэрэнгүй үнийн нөхцөл

Нэгдүгээрт, 2011 оноос хойш АЖД-ын хураамж огт өөрчлөгдөөгүй. Энэ хугацаанд атар талхны үнэ 650₮-өөс 1500₮ болтлоо 2.3 дахин өсчээ. Атар талхтай адилаар автомашины сэлбэг засварын үнэ ч суга өссөн, эмнэлэг эмчилгээний зардал тохой өссөн. Өөрөөр хэлбэл нөхөн төлбөрийн нэгжийн зардал 10 жил тасралтгүй өсөж байхад нэгжийн орлого нь хэвэндээ байсан гэсэн үг. 10 жилийн турш хямдрал зарласнаас ялгаагүй.

Хоёрдугаарт, Осол гаргаагүй жолоочийн хураамж дараагийн жилдээ буурдаг онцлогтой. Зарим жолооч нар маань би осол гаргаагүй юм чинь ирэх жилдээ үнэгүй даатгуулмаар байна гэдэг. Бүх жолооч нараас тодорхой магадлалаар осол гаргана гэж үзээд дундаж хураамж тооцсон учраас ашиглаагүй тул дараа жил рүү хадгалъя гэсэн ойлголт байдаггүй, таны хураамжийг өөр нэгэн ашигласан гэсэн үг. Тухайн хугацаанд та осол гаргасан бол нөхөн төлбөр олгох л байсан. Гэхдээ дараа жилээс таны хураамж хямдарч, таны хураамжийг ашигласан нөхрийнх хэд дахин өснө. Шударга байгаа биз? Товчхондоо даатгал бол хугацаа нь дуусаж байгаа барааг лангуун дээр тавиад нэгийг авбал дараагийнх нь үнэгүй гэж хямдруулдгаас ялгаатай бүтээгдэхүүн юм.

Монгол жолооч нар өөрийн унадаг автомашин болон бусад хүчин зүйлээс шалтгаалж 40-100 мянган төгрөгөөр АЖД хийлгэдэг. Медиан дундаж үзвэл 71,280₮. Энэ бол 7 өдөр дарааллаж кофе шоп ороход хүрэхтэй үгүйтэй мөнгө. Эсрэгээрээ санамсар болгоомжгүй үйлдлээс болж бусдын хөрөнгө, эрүүл мэнд, амь насанд хохирол учруулбал 5,000,000₮ шууд гаргаад өгөх хүн хэд байгаа вэ? Бид хэр орлоготой вэ гэдгээс үл хамаарч бусдын өмнө хариуцлага хүлээдэг гэдгээ санах хэрэгтэй. 70 мянгыг хүн бүр төлж чадна, харин 5 саяын хувьд эргэлзэж байна.

Тэгэхээр гоё нөхцөлтэй бүтээгдэхүүнийг хямд зарж байвал ашиг олох магадлал төдий чинээгээр буурах нь ойлгомжтой. Даатгалын салбар АЖД-ын борлуулж буй 100 төгрөг тутамд гаргаж буй зардал нь 2019 онд 102 төгрөг, 2020 онд 91 төгрөг байна. Тиймээс та АЖД-д эргэлзэх хэрэггүй. Бидний хөгжингүй гэж хардаг АНУ, Европын орнуудад ч Motor insurance бүтээгдэхүүн дотор Third party liability гэдэг нэрээр заавал даатгуулах нөхцөлтэй байдаг.

Энд дурдагдсан мэдээллүүд нь аль нэг талыг зөвтгөж эсвэл буруутгах бус бодитой мэдээллийг хүргэхэд л чиглэж байгаа. Даатгалын компаниудын хувьд үйл ажиллагааны хүртээмж, чанар, хурд зэргийг сайжруулах орон зай нэлээд байгааг хүлээн зөвшөөрнө өө. Сайжруулахын ч төлөө эрмэлзэж ажиллаж байгааг бас мэднэ. Эцсийн дүндээ салбар нь хөгжиж, нийгэмд учирч буй эрсдэл буурч даатгуулагчид түүний үр өгөөжийг хүртэж байх нь бидний эрхэм зорилго мөн. Тийм ч учраас цуу яриагаар буруу ойлгогдоод байгаа даатгалын бүтээгдэхүүний жинхэнэ дүр төрхийг харуулахыг хичээн энэхүү нийтлэлийг бичиглэв. Дараагийн удаад АЖД-ын талаар илүү сонирхолтой сэдвийг хөндөх тул доорх дүгнэлтээр нийтлэлээ өндөрлөе.

Хүртээмжтэй, тэгээд хямд. Өнөөдрийн байдлаар бусад сайн дурын даатгал дотор энэ 2 хүчин зүйлийн хувьд бараадах бүтээгдэхүүн байхгүй гэдгийг дахин хэлье. АЖД бол Монголын хамгийн энэрэнгүй даатгал. Тиймээс жолооч та хариуцлагын даатгалаа заавал хийлгээрэй.