Хөрөнгийн зах зээлийн гол “түлхүүр”

2008 оны хямралаас дэлхийн эдийн засаг нэг зүйлийг сурсан. Ямар нэгэн хямралын дохио гарах үед зах зээлд яаралтай мөнгө нийлүүлж, зах зээлийг идэвхжүүлэх явдал юм. Цар тахлын нөхцөлд дэлхийн улс орнууд мөн энэ зарчмаар ажилласан. Засгийн газар болоод Төв банкнаас эдийн засгийг дэмжих зорилготойгоор тодорхой бодлогын тохируулгуудыг хийж эхэлсэн. Тодруулбал:

  • Бодлогын хүүг бууруулах
  • Уламжлалт бус мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх
  • Таваарын ханш өссөн
  • Уул уурхайтай холбоотойгоор маш их хэмжээний мөнгө орж ирсэн

Нийт дүнгээр нь харвал жилийн хугацаанд мөнгөний нийлүүлэлт 5.6 их наяд төгрөгөөр, хувиар бодвол 26%-ийн өсөлттэй байгаа юм. Энэ нь зах зээлд маш их хэмжээний мөнгө байгаа гэдгийг харуулж буй.

Мөнгө хаашаа оров?

Зах зээлд мөнгө нийлүүлэгдсэний дараагаар шууд эргэлтэд ордог.

Мөнгөний нийлүүлэлтийн нэг жилийн хугацаанд зах зээл дэх эргэлтийг хувиар харвал:

  • Хувьцаа болон бондын өсөлт хөрөнгийн бирж дээр 91%-иар өссөн
  • Үндсэн хөрөнгийн хуримтлал 23%-иар өссөн
  • Хадгаламж 20%-иар өссөн
  • Хэрэглээ 5.6%-иар буурсан
  • Койны хувьд зохицуулалтгүй зах зээл тул нэгдсэн нэг мэдээлэл байхгүй

Үүнээс бид хэрэглээ тал руу мөнгө ороогүй, харин илүүтэйгээр хөрөнгө оруулалт чиглэл рүү их хэмжээний мөнгө орсон гэдэг ерөнхий мөнгөний динамикийг харж болох юм.

Цаашаа мөнгөний нийлүүлэлт өссөн хэвээр байх уу?

Ирэх жилийн эдийн засгийн нөхцөл байдал дараах төсөөлөлтэй байна:

  • Монгол Банкны дэмжлэг явсаар байх болно
  • 2022 оны төсөв 2.4 их наяд төгрөгөөр нэмж батлагдсан
  • Банкуудын төлбөр түргэн гүйцэтгэх чадвар дунджаар 45.7% байна. Энэ нь банкнууд маш их хэмжээний мөнгийг зах зээлд нийлүүлэхэд бэлэн байгаа гэдгийг илтгэж байгаа юм.

Энэ бүх мөнгө зах зээлд гарч эргэлтэд орно. Өөрөөр хэлбэл мөнгөний нийлүүлэлт цаашид явагдах нь харагдаж байна.

Хөрөнгө оруулалтын зах зээлийн эрсдэл нь юу вэ?

Хөрөнгийн зах зээл дээр маш олон төрлийн бүтээгдэхүүн байршдаг. Энэ нь нэг талаараа асар их боломж болоод эрсдэлийг дагуулж байдаг гэсэн үг. Энгийн жишээ дурдахад хөрөнгө оруулалтын зах зээлийн аль нэг бүтээгдэхүүн уналтад орж, нэг компани дампуурахад ижил төрлийн үйл ажиллагаа эрхэлж буй бусад компанийн хувьцаа эрүүл байсан ч эрсдэлд ордог жамтай. Ийм ч учраас хөрөнгийн зах зээлийн уналтыг галт тэрэгний сүйрэлтэй зүйрлэдэг. Үүний нэг жишээ бол 1921 оны АНУ-ын санхүүгийн зах зээл дээр болж байсан хямрал буюу “Wallstreet crash” юм.

Хөрөнгийн зах зээл нэг унасан бол эргэж сэргэхэд маш их хугацаа зарцуулдаг. Үүнээс улбаалан улсын эдийн засаг хойшоо нэг шат ухарна гэж ойлгож болох юм.

Саяхны нэг жишээ дурдахад БНХАУ-ын томоохон компаниудын нэг болох China Evergrande Group нь хэд хэдэн удаагийн бондын эргэн төлөлтөө төлж чадахгүй байдалд хүрсэн. Учир юунд вэ гэвэл тус компани маш өндөр хөшүүрэгтэй буюу их хэмжээний зээлээр үйл ажиллагаа явуулдаг байв. Дундаж үл хөдлөх хөрөнгийн компанийн хөшүүргийн зэрэг 2 байдаг бол, Evergrande-ийн хувьд 15 байсан. Өөрөөр хэлбэл өрийн хэмжээ өөрийн хөрөнгөөс 15 дахин их гэсэн үг юм. Энэ нь төдий чинээ том эрсдэлийг дагуулсан. Тус компани дээр уг асуудал гарсны дараагаар БНХАУ-ын ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг үл хөдлөх хөрөнгийн бүх бондуудын үнэ дагаад унасан. Энэ бол хөрөнгийн зах зээлийн эрсдэлийг харуулсан тод жишээ юм.

Монгол улсын хувьд хөрөнгийн биржийн үнэлгээгээр сүүлийн нэг жилийн хугацаанд 91%-ийн өсөлт бий болсон. Энэ нь хөрөнгийн зах зээлийн өсөлтийг харуулж буй эерэг үзүүлэлт. Гэвч үүнийг дагаад төдий хэмжээний эрсдэл ч мөн бий болж байгаа юм. Иймд бид илүү няхуур байж, эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх цаг болсон гэдэг нь харагдаж байна.

Түүнчлэн 2021 он гарсаар Монголын хөрөнгийн бирж дээрх нэг өдрийн ханшийн савалгаа эрчимтэй явагдсан. Өөрөөр хэлбэл өсөлт явагдаж байгаа ч тэр дунд үүсэж буй үнийн савалгаа эрсдэл байгааг батлах дахин нэг хүчин зүйл болж буй.

Эрсдэл байгаа цагт боломж үргэлж байдаг

Сүүлийн жилүүдэд бондын зах зээл маш эрчимтэй өсөж байна. Хадгаламжийн хүү нэлээд буурч банкуудын дундаж 7.3%-тай байгаа бол бондын хүү 13-18%-тай байна. Монголд бондын зах зээл сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж буй нь хөрөнгө оруулагч нарт цоо шинэ хөрөнгө оруулах боломжтой, хадгаламжийн бүтээгдэхүүнтэй төстэй ийм бүтээгдэхүүн болж байна. Зөв бонддоо хөрөнгө оруулбал боломж юм.Хөрөнгийн зах зээл маш өргөн бүтээгдэхүүний сонголттой болж байгаа энэ цагт бид зөв хөрөнгө оруулалт хийж чадах аваас маш том боломжийг гартаа оруулж байна гэж ойлгож болох юм.

Олон улсад ч мөн адил эдийн засгийн хувьд адилхан схем ажиглагдаж байна. Дээр дурдсанчлан мөнгөний нийлүүлэлт хэвээр, таваарын үнэ нэмэгдэж, хувьцаа болон бондууд шинэ боломжуудыг нээж байна. Тэгэхээр зөв хувьцаагаа сонгож, зөв хөрөнгө оруулалт хийж чадвал зөвхөн Монгол бус олон улсын хөрөнгийн зах зээл бидэнд нээлттэй байгаа юм. Гэвч бид нэг зүйлийг ойлгох нь зүйтэй. Монголын хөрөнгийн зах зээлтэй харьцуулахад олон улсын хөрөнгийн зах хэмжээлшгүй том. Үүнийг дагаад эрсдэлийг удирдахад төдий чинээ хүндрэл учрах юм.

Эрсдэл ба боломжийг хэрхэн ялгах вэ?

Эрсдэл ба боломжийг ялгах цорын ганц “түлхүүр” арга бол судалгаа. Хөрөнгө оруулахаар зэхэж буй байгууллагыг агуулгын хувьд сайтар судалж, сууриас нь харах хэрэгтэй. Иймд, дараах хүчин зүйлсийг харах нь нэн чухал:

               1. Санхүүгийн үзүүлэлт

Таны хөрөнгө оруулах гэж буй компани үнэхээр найдвартай юу? Өр болон өөрийн хөрөнгийн харьцаа хэвийн хэмжээнд байгаа эсэхийг зайлшгүй судлах хэрэгтэй.

               2. Зах зээлийн боломж

Өнөөгийн зах зээлд маш олон шинж бүтээгдэхүүнүүд бий болж байна. Хүмүүс чухам юу руу хошуурахыг хэлэхэд маш хэцүү болсон. Тийм учраас зах зээлд ямар боломж байгаа, хүмүүс юу илүү хэрэглэхийг түрүүлж олж харах чадвар гэсэн үг юм. Цаашлаад таны хөрөнгө оруулах гэж буй компани үүнд нийцэж байгаа эсэхийг дүйцүүлнэ.

              3. Менежментийн баг

Тухайн байгууллагын удирдлага болон баг хамт олон ямар чадвартай болохыг, тэдэнд потенциал байгаа эсэхийг судална. Хөрөнгө оруулалт хийхэд тэдний баг хэр найдвартай болох таны хүлээлтэд хүрч чадах эсэхийг харна гэсэн үг юм.

              4. Бүтээгдэхүүн

Хөрөнгө оруулалт хийнэ гэдэг нь тухайн компанид мөнгө өгч байна гэсэн үг. Тэгэхээр тухайн компанийн бүтээгдэхүүн зах зээлд байршихуйц эсэхийг судална.

              5. Засаглал

Компанийг бүрдүүлж буй баг, хамт олон эрхэлж буй ажлаа үнэхээр ойлгож, эцсийн хүрэх зорилгодоо нэгдэн зүтгэж чадаж байгаа эсэхийг харах нь мөн чухал юм.

Эдгээр хүчин зүйлсийн үндсэн дээр чухам ямар, хэр хэмжээний хөрөнгө оруулалт хийхээ шийдэх юм.

Хөрөнгө оруулалт бол бүхэлдээ эрсдэлийн удирдлага. Бид үүнийг хэзээ хэзээнээс илүү анхаарах шаардлагатай болж байгаа юм.

Мандал Ассет Менежмент ХОМК, Гүйцэтгэх захирал Г. Ганзориг

"Мандал Эрсдэлийн Форум-2021"-ийг  бүтэн үзэх

 Purplebook сэтгүүлийн ШИНЭ дугаараа уншаарай.